Аудит: Төр мэдээллээ солилцдоггүйгээс татвараа бүрэн авч чаддаггүй

Аудит: Төр мэдээллээ солилцдоггүйгээс татвараа бүрэн авч чаддаггүй

"Аудитын цаг"

Аудит: Төр мэдээллээ солилцдоггүйгээс татвараа бүрэн авч чаддаггүй

Монгол Улсын нэгдсэн төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбараас төвлөрч байгаа орлого бүрэн төвлөрч байгаа эсэхэд Үндэсний аудитын газраас дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ 2019-2022 оны гүйцэтгэлд аудит хийжээ. Аудитаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөний талаар төрийн байгууллагууд тухай бүр харилцан мэдээлэл солилцдоггүйгээс татварыг бүрэн авч чаддаггүй нөхцөл байдал тогтоогджээ. Энэ талаар дараах дүгнэлт гаргасан байна. Үүнд,

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн тухай бүр Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12, 49 дүгээр зүйлийн 49.11, 49.12, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”, мөн “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”- ын дагуу мэдээлснийг үндэслэж Татварын ерөнхий газраас аж ахуйн нэгж байгууллагын татвар ногдох орлогыг тооцохоор зохицуулсан байна.

Тайлант хугацаанд давхардсан тоогоор 503 тусгай зөвшөөрөл эзэмшигч бүхий иргэн, аж ахуй нэгжийн 172 ашиглалтын, 451 хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлснээр нийт 43,366.4 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдээлж, бүртгүүлээгүй байна. Үүнд: 2019 онд 10, 2020 онд 11, 2021 онд 9, 2022 онд 4 хуулийн этгээд байна.

Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлсэн бүртгэл хийгдсэн байхад Татварын ерөнхий газарт шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй, татвар ногдуулаагүй байна.

Үүнд: 2019 онд 3, 2020 онд 4, 2022 онд нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 30-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж тодорхойлолт /татварын өргүй талаарх тодорхойлолт/-той бүртгэгдсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч бүхий аж ахуйн нэгж байгууллагын мэдээлэл нь Татварын ерөнхий газарт бүртгэгдээгүй, татвар ногдуулаагүй байна.Үүнд: 2019 онд 2, 2021 онд 4, 2022 онд 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт 30-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж тодорхойлолтгүй бүртгэгдсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч бүхий аж ахуйн нэгж байгууллагын мэдээлэл Татварын ерөнхий газарт бүртгэгдээгүй, татвар ногдуулаагүй байна.

Үүнд, 2019 онд 34, 2020 онд 46, 2021 онд 46, 2022 онд 52 тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын татвар төлж, шилжилт хөдөлгөөн хийгдсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийгдээгүй байна.Үүнд; 2019 онд 45, 2020 онд 47, 2021 онд 38, 2022 онд 50 аж ахуйн нэгж байгууллага байна.

Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд 2019-2022 онд нийт 12,577.0 тэрбум төгрөгийн татварын ногдуулалт хийсэн бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 4,001.9 тэрбум төгрөг буюу 31.8 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 710.2 тэрбум төгрөг буюу 5.6 хувь, хувь хүний орлогын албан татвар 524.3 тэрбум төгрөг буюу 4.2 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 6,921.2 тэрбум төгрөг буюу 55.0 хувь , бусад 419.0 тэрбум төгрөг буюу 3.3 хувь тус тус эзэлж байна. Ногдуулсан татварын хэмжээ 2019 оноос 2022 онд нийт дүн 2,278.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 644.2 тэрбум төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар 58 тэрбум төгрөгөөр, хувь хүний орлогын албан татвар 72.9 тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1,432.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын хэмжээ жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2019 оноос 2022 онд 1,432.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэхүү өсөлт нь Ашигт малтмалын тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй экспортлогчид /265 аж ахуйн нэгж байгууллага/ төлбөр төлөгчөөр бүртгэгдсэн нь нөлөөлсөн байна.

Аудитад хамрагдсан хугацаанд нийт 6,921.2 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт хийснээс 6,605.5 тэрбум төгрөг буюу 95.4 хувь нь экспортод гаргасан ашигт малтмал, 315.9 тэрбум төгрөг буюу 4.6 хувь нь дотоодод борлуулсан ашигт малтмал эзэлж байна.

Аудитад давхардсан тоогоор 518 татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хамруулан Гаалийн ерөнхий газарт экспорт, импортын мэдүүлэг, гаалийн лабораторийн дүгнэлт, Сангийн яамны олон улсын зах зээлийн үнэ, Монголбанкнаас зарласан сарын дундаж ханшийн мэдээлэл зэргийг тулган шалгахад нийт 99 татвар төлөгчийн 2021-2022 оны 23,363 гаалийн мэдүүлгийг тулгахад 2,130 гаалийн мэдүүлгийн дүн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүнгээс нийт 8.3 тэрбум төгрөгөөр зөрүүтэй буюу дутуу тайлагнасан байна.

Аж ахуйн нэгж байгууллагын 2019-2022 оны экспортолсон ашигт малтмалын гаалийн мэдээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн тоо хэмжээтэй тулгахад 646.9 мянган тонн ашигт малтмалыг тайлагнаагүй, 412.7 мянган тонн ашигт малтмалыг зөрүүтэй тайлагнасан байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өсөн нэмэгдэх хувийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.17 дахь заалтаар зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч нэмэгдүүлэн тооцож байгаа бөгөөд Засгийн Газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3.2- т заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг бүтээгдэхүүн ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцдог байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох борлуулалтын үнэлгээг Сангийн яамнаас зарладаг сар бүрийн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн дундаж үнэ, Монголбанкнаас зарласан үнэт металлын сарын дундаж ханшийг үндэслэн тогтоодог байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.191.201

Сангийн яам ард иргэдээс татвараа нэхэж авдаг шигээ ажиллахгүй л байна даа.

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.168.8

ЯАХААРАА СОЛИЛЦДОГГҮЙ ЮМ БЭЭ, НӨГӨӨ И МОНГОЛИА НЬ ЯАСАН??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж