УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.11.13/ 11:30 цагаас эхэлнэ. Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан.
Гэвч өмгөөлөгч Г.Наранбаатар “…эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:30 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.
Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.
Энэ үеэр Б.Ганхуяг "Эрүүл мэндийн шалтгаан минь хүнд байна. Иймд намайг эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрөх хүсэлт авахыг хүсч байна. Би хаашаа ч зугтахгүй, Монголдоо эмчлүүлнэ. Би угаасаа цагаадна" гэдгийг хэлсэн юм.
Холбоотой мэдээ