Сурвалжлага: Зун нь урсчих гээд, өвөл нь гулсчих гээд зутруухан амьдарч байна

Сурвалжлага: Зун нь урсчих гээд, өвөл нь гулсчих гээд зутруухан амьдарч байна

Сурвалжлага: Зун нь урсчих гээд, өвөл нь гулсчих гээд зутруухан амьдарч байна

Нар жаргаж, гэгээ тасрах цагаар доороос хүч аван өгсөх автомашины гэрэлд хоёр гартаа гялгар тортой зүйл барьсаар өгсөх бүсгүйн төрх Ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан гуайн “Ээжээ сайн байна уу” хэмээх гайхамшигтай бөгөөд алдарт уран зургийг санагдуулам.

Түүний араас хурдлах машины гэрэлд замын гадаргуу гялаан хийгээд гөлгөр байгаа нь тод харагдана. Бүсгүй араасаа ирэх автомашиныг хашаа налан өнгөрүүлэхгүй л бол техник хүн хоёр тэгс хийгээд аль аль нь тэг дундаа уулзаж мэдэхээр.  Энэ удаад жолооч ур чадвар гаргасан тул муу зүйл холуур өнгөрөв. Дэргэдээс нь шахуу харж зогсохдоо тэсэлгүй, “Холдоорой, холдоорой” гэж дэмий л сандчин ориллоо.

Саяхны уран зураг тойрсон бодол хормын дотор хашхираан, сандрал, сэтгэл түгшлээр солигдох нь тэр….

Дээрээс нь ам ангалзан, гар сарвалзуулах миний сандралыг үл тоосон жолооч хажуугаар салхи татуулан цааш одлоо.

-Та зүгээр үү. Яасан эвгүй зөрөлцөв өө. Хашаанд амжиж налаагүй бол машины дугуй "нөхөж" мэдэх нь байна?

-Харин тийм ээ. Солиотой юм уу, ийм замаар хурдлаж байдаг. Зарим нэг мэдрэмжгүй юмнууд нь хүн явж байхад зэрэгцээд л дайрчихна. Хурдаа тааруулаад энэ гүдгэр дээр гарсны дараа зүтгэж болно доо. Саяхан цас орчихсон учраас энэ хавиар гөлөөн ихтэй. Хүн, машингүй зөрөлцөх гэж их юм болно.  Хямдыг нь бодоод хүнсний захаас жаахан  ногоо авчихаад хоёр гартаа барьчихсан чинь энэ гялаанд хальтирч уначих гээд тэнцвэр алдах шахав. Золтой дугуйны нөхөөс болчихсонгүй. Болохгүй гэх баталгаагүй амьдарч байна даа, гэр хорооллын бид нар. Явган хүний замтай бол юу гэж эд нарт ад болж байх вэ гэж балмагдан хариулав.

Олон жил онхол донхол дээрээс нь шороо тоос татсан гудамж өнгө төрхөө шинэчилж засмал замтай болсонд БЗД-ийн 27 дугаар хорооныхон баяртай байсан нь саяхан. Тус замаар километр гаруй өгсөхөд Нийслэлийн БЗД-ийн 212 дугаар сургууль болон 132 дугаар сургууль байрладаг. Тиймээс өглөөнөөс орой хүртэл энэ замаар зорчих олны хөл тасардаггүй.

Харин ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч цас орсноос хойш баяр хөөр дагуулсан засмал замын балаг тасарсангүй. Явган хүн явахх зай байхгүйн улмаас халтиргаа гулгаанд автомашинд дайруулах энэ мэт эрсдэлт байдалд энэ хавийнхан тогтмол өртөх болсон байна.

“ХҮНДРҮҮЛЭГЧИНДЭЭ” ХИЙГЭЭД ХӨТЛӨЛЦӨӨД АЛХАЖ БАЙНА

Хоёр ахмад сугадалцан алгуур өгсөнө.  Цаг явах тусам харуй бүрий болсоор… “Зөөлхөн, зөөлхөн. Зэрэг алхахгүй бол чирэгдчих гээд байна шүү. Харанхуй болохоор зам ч харагдахгүй юм. Нүд олгигтой хардаг бол аль болох гулгаа бага хэсгийг нь харж байгаад явчихмаар байна. Нүд харахгүй юм л даа хэмээн учирлах хөгшчүүл. Ядахдаа замын хажуугийн гэрэлтүүлэг асдаг бол бид нар шиг нүд муу хүмүүст хэрэг болох байх. Уг нь засмал замтай болоход хэчнээн их баярласан гэж санана хэмээн нэг гараа хагас өргөн толгойн харалдаа авчрах.

-Гэтэл нэг зүйл хийх гэж нөгөө зүйлээ нураагаад хаячих юм. Засмал зам тавихаас өмнө шороотой, чулуутай, онхол донхол ч гэсэн хажуугийн гэрэлтүүлэг нь асдаг байсан. Одоо гэтэл ажиллахаа больчихсон. Хаана, юун дээр гишгэж байгаагаа ч мэдэхгүй бид хань бараа хайж нэг нэгнээрээ таяг, тулгуур хийж яваа санаатай. Хүнд гай болчихгүй гээд “хүндрүүлэгчиндээ” хийчихээд  хань бараандаа зүтгэж явна. Ард, урдаас  аль нь боловч машин ирэхээр гэрэл тусаад бага боловч замаа харахад дэмтэй. Гэтэл бас хальтиргаа гулгаа ихтэй үед хөл рүү орчих гээд байх юм.  Харин ч сургуулийн хүүхдүүд амарчихаад хөдөлгөөн бага байна. Түүнээс биш өглөө оройн аль ч цагт хөл хөдөлгөөн их. Гадуур гарна гэж ярилт ч алга. Яах ч аргагүй эмнэлэг, эмийн сан, ойрхон хүсний зах гармаар болох юм. Хөгшин хүмүүс явганаас унаад хөл гараа хугалчихвал хүүхдүүддээ гай болох байх. Одоо насны тоогоор эдгэнэ гэвэл бүр ярих ч юм биш гэж сэтгэлээ уудалсан нэгнийгээ “За муу ёр байгаа даа” хэмээн нудраад амжлаа. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг учраас настнууд элдэв муу зүйлс олныг ярихыг хүссэнгүй.

Замын нөхцөл байдлын талаар хорооныхоо удирдлагуудад хэлж гэрэлтүүлэг тавих, явган хүний замтай болгох хүсэлт удаа дараа тавьсан аж. Гэсэн хэдий ч одоо болтол арга хэмжээ авахгүй байгаа аж.  “Мэддэг, хариулдаг хүн байхгүй, энэ өвлийг яаж давна даа гэж бодож байна. Олон хүн эрүүл мэндээрээ хохирч, бэртэж гэмтэхээс нь өмнө мэддэг, шийддэг хүмүүст нь хэл дуулгаад өгөөч” гэсээр тэр хоёр цааш явлаа.

Тэнд хоёр эгнээ зам  тавьсан хэдий ч явганаар болоод автомашинаар зорчиж байгаа иргэд замын гол хэсгээр түлхүү явснаас хоёр талын борджур хэсэг цасанд дарагдан тагтаршжээ. Тиймээс үдийн наранд хайлмагтсан цас, үдшийн бүрийд мөстөж, гялтганана.

Улаанбаатарын гэр хороололд ийм замууд хаа сайгүй. Хотын төвөөс гараад л гэрэлтүүлэг нь муудсаар, хотын зах таг харанхуйд уусна.  Гэр хорооллын иргэд ийм л тас харанхуй замаар нохой шувуунд хөгдөн, гэмт хэрэгтнүүдээс айж бэргэн, халтиргаа, гулгаанаас бэртэх шахан гэртээ ирвэл өлзий болдог аж.

Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 3-10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тухайлбал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо энэ сарын 7-ны өдөр 39, 08-ны өдөр 86 байсан бол, 09-ний өдөр 88 хүн ГССҮТ-д яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Тэгвэл цаашид ч бэртэх гэмтэх иргэдийн тоог өсгөх бодит эрсдэл энд нэгэнт бий болжээ.

ЖОЛООЧ НАР: НҮГЭЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРСАНТАЙ ИЖИЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛЛОО 

Түүнчлэн жолооч нарт ч олон хүндрэлтэй асуудал үүсч байгаа талаар учирлаж байна. Тухайлбал, дээшээ өгсөх болон доошоо уруудах хоёр эгнээ бүхий зам дээр явган зорчигч тэдэнтэй адил нэг замаар зорчиж байгаа нь хэн хэнд нь эрүүл мэндийн болоод эд хөрөнгийн эрсдэл гаргах нөхцөл болж байгаа аж. Доороос өгсөх үйлдэл хийхдээ, хурдаа эрчтэй авахгүй бол цас, мөсөн дээр хий эргэх, хүч алдах эрсдэлтэй байдаг аж. Тиймээс аль болох автомашины хөдөлгөөний эрчийг сааруулахгүйн тулд богино зайг хурдан туулахаар тооцож хүчийг авахуулан зүтгүүлдэг аж.

Гэтэл бага насны хүүхдүүд тэдний урдуур гэнэт гүйж гарч ирэх, чигээрээ явах хөдөлгөөнөө огцом өөрчлөх, дугуйных нь урдуур хөл алдах зэрэг эрсдэл байнга тулгардаг аж.

Түүнчлэн уулаас уруудаж байгаа автомашинуудын хувьд тормос гишгэсээр байтал дугуй нь гулссаар байдаг тул осол гаргах ч магадлал өндөр аж. Өмнө нь шороон замтай байхад хэт их гулгаа, онхол донхолоос болж автомашины өвлийн дугуйны хээ амархан халцарч, машины явах эд ангид ихээхэн гэмтэл доголдол үүсдэг байсан гэдгийг ч жолооч нар хэлж байна. Харин засмал замтай болсноор энэ талын хүндрэл бэрхшээл нь арилсан ч анхнаас нь төлөвлөлтийг нь бүрэн гүйцэт хийж, айл иргэдийг хашаагаа 5-10 метр татах зохицуулалт хийчихсэн бол явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий сайхан бүтээн байгуулалт хийж болмоор санагдаж байгаагаа ч нуусангүй. Үнэнийг хэлэхэд баярлаад инээхэд ч хэцүү, гомдоод уйлахад ч хэцүү ийм нэгэн нүгэлийн нүдийг гурилаар хуурсантай ижил бүтээн байгуулалт боллоо гэв.

БИД “НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШХИРЧ” УЙЛЖ УНЖИЖ, УХААРЧ СЭХЭЭРСЭН БОЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ

Нэлээд өгссөөр сургууль, цэцэрлэгийн хажууд ирлээ. Цэцэрлэгийн хүүхдүүд тарах цаг шувтарч байгаа бололтой. Цэцэрлэг сургуулийн ойр орчмын цасыг цэмцийтэл цэвэрлэсэн байна.

Харин цэцэрлэгийн баруун талаарх өнөөх балагтай замаар хүүхдүүд гүйлдэнэ. Сургууль цэцэрлэгийн хажуугаас уулын орой хүртэл 200 орчим метр газрын гөлөөн, гялааныг харахад ерөөсөө төмөр гулгуур мэт болжээ, тэндэхийн замууд.

“Ийм сэтгэлгүй бүтээн байгуулалт хийж байна. Иргэд нь ч сэтгэлгүй байна. Энэ хашааны эзэн биднийг боддоггүй юм аа гэхэд ирээдүй хойч болсон олон арван хүүхдийн амь нас эрүүл мэндийг бодоод хашаагаа замаас 1-2 метр татаад өгчихөж болмоор юм. Цас орсноос хойш  хальтиргаа гулгаа үүсээд унаж бэртэж мэдэхээр болсон” гэж тэргэн дээр 20 литр бүхий хоёр шар савтай ус түрсэн залуу учирлав. Манайх өгсүүр боловч ойрхон тулдаа устай тэргээ гулдчиж, чирээд явж байна. Гэтэл манайхаас цааш өчнөөн олон айл бий. Тэр айлууд усаа авах гэж их зүдэрдэг. Өөд өгсөх хүн ч, машин нь ч тэнхээ мэдэн зүтгэнэ. Яалт ч үгүй хальтирч шарвах, хүч алдах асуудал гарна. Нэгнийх нь машины дугуй руу орсон, өнөөх нь хүн дайрсан хэрэгт орж магадгүй байгаа. Хичээл эхлэхээр хүүхдүүд маань яана даа л гэж бодох юм. Ийм нөхцөлд иргэдээ амьдруулж байгаа хотын дарга нарт үнэхээр гомдож байна. Хэн нэгэн хүүхдэд муу зүйл тохиолдохоос нь өмнө энэ бүгдийг засах ёстой биз дээ. Гэтэл өдөр бүр нүднийх нь өмнө байгаа эрсдлээс урьдчилсан сэргийлж, үр хүүхэд болоод бусдынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах хүн алга” гэсээр тэрбээр тэрэгтэй усаар өгсүүр замд тэнхээ мэдэн түлхсээр цааш явлаа.

Үнэхээр ч дээр дооргүй асуудал гаргасан хойно нь нийгмээр хашгираад л мартчихдаг. Харанхуй замд халтирч унах, айлын нохойнд уруулах, хэн нэгэн гэмт хэрэгтний өгөөш болж магадгүй дүр зургийн гэр хорооллын захын гудамжнаас олж харна. Гэтэл дарга нар нь энд "ногоон, улаан автобусны хулгай" ярихаас хэтрэхгүй, албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гээд сууж байдаг.

Биднийг буцаж эргэх үед 70 гаруй насны эр автозамын хажуугийн хөвөөгөөс хашааруугаа орох замын хэсгийг цэвэрлэж байгаа харагдав. Угтаа айл өрх, албан байгууллагууд ойр орчмынхоо 50 метр цасыг цэвэрлэх үүрэг хуулийн дагуу хүлээсэн. Гэсэн хэдий ч хууль нь гууль болж, иргэд ч идэвхи санаачиллагагүй болсон энэ цаг үед хүрз барьчихсан, цас цэвэрлэж байгаа иргэн санаачилгатай, сайхан харагдаж байна. Тэрбээр хэлэхдээ, энэ замаар зорчдог автомашин болоод иргэдийн хувьд хальтирч унах, бэртэж гэмтэх магадлал өндөр байгаа учраас ийнхүү хашааныхаа гадаах талбайн цасыг арилгаж байна гэлээ.

Үнэндээ гэр хорооллын зам талбай хальтиргаа, гулгааны асуудал хаягдаж, мартагдсаар удлаа. Орхигдсон хот гэдэг шиг л мартагдсан, хаягдсан, эзэнгүйдсэн, харанхуй, хогтой гудамжны эмгэнэлтэй дүр зураг  утаан дундаас суунаглана.

Хотын төвийн албан тасалгааны цонхоор ард иргэдийнхээ амьдралыг хараад суулгүй уулын энгэрт, жалгын хажууд амьдарч буй иргэдийнхээ аж байдалтай хэзээ, хэн гэгч дарга ирж танилцах бол. Ийм л гунигт бодол тээсээр, өнөөх төмөр гулгуур мэт болсон замаар уруудахдаа ёстой л хажуугийн хашааг түшихээс өөр арга олдсонгүй.  Гэхдээ төр засаг нь бүтэхгүй бол иргэд өөрсдөө ч эрсдлээ бодоод замынхаа мөс талбайг цэвэрлэхээс өөр арга алга шиг санагдав. Хэн нэгэн дарга ирж цэвэрлэж өгнө гэж хүлээх юм бол халтирч, унах цагаа хүлээсэнтэй ялгаагүй аж.  Энэ л утаандаа нэг мөсөн уусчихгүй гэсэндээ энд амьдарч байгаа иргэд унаж, боссоор амьдрахын төлөө тэмцсээр, зүтгэсээр л байна. Бүхэл бүтэн 21 дүгээр зуунд хотын төвөөсөө хоёрхон километр бүхий зайтай газрын дүр төрх ийм л байна. Их хотын хөгжил дэвшил, холоос хол алсарч байна. Иргэд зун нь урсчих гээд, өвөл нь гулсчих гээд ихэд  зутруухан амьдарч байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-11-13 122.148.39.13

Archaatai bj amidrax orchnoo saijruulxn xashaa xorootoi ta nariin uureg. Unen sanaachlgui xuni tuluu amidrch bgm shig.

Avatar

зочин 2023-11-13 124.158.71.1

айл хөршөөрөө нийлж хашааны гаднах цасаа цэвэрлээчээ,муу хэлэхээс өөр юу ч хийхгүй,хийх ч сэтгэл байхгүй,юм арчаагүй

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 103.10.22.61

huni zurgiig taglaj taiwch

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.46.224

Одоо нутагтаа харьсан нь дээр дээ. Хүүхлийн мөнгө халамжаа тэртэй тэргүй авчихна. Зам, интернет байна. Хотод ингэж заваарч байхаар сумандаа аятайхан газар олж аваад хаус бариад эрүүл агаартай, хямд мах сүүтэй амар шд

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.180.134

үхсэнээ хийж хэрээ мэдэхгүй байж хөдөөнөөс хот руу орж ирж гай болдог юм

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.180.97

ОДОО ЯАХАВ ДЭЭ ЯМАР АРД ОЛОН БАЙНА ТИЙМ ЗАСАГ БАЙДАГ ГЭДЭГ. ТА НАР ӨӨРСДӨӨ ХОТЫН УДИРДЛАГАДАА ХЯНАЛТАА САЙН ТАВЬ.

Avatar

Нэргүй 2023-11-13 59.153.112.213

ТӨР ЗАСАГТ БҮХ БУРУГ ҮРҮЛДГЭ БОЛИ МУГА МЭДЭЖ АВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж