Гэр хорооллын нэг айлын хашаанд нүхэн жорлонгийн 3-5 нүх бий. Нэг нүхэн жорлон дүүрэхэд шороогоор булж, дахин өөр газар ухаж, жорлон барьж ирсэн. Гэтэл нүхэн жорлонгоос гадаад орчинд тархаж буй нян бактери хамгийн аюултай. Нэг талаар ундны ус, нөгөө талаар амьсгалах агаараар дамжиж хүний биед олон төрлийн халдварыг дамжуулах эрсдэлтэй. Нийслэлийн хэмжээнд 680 мянга гаруй нүхэн жорлон байдаг гэх статистик байгаа бол Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь нүхэн жорлон хэрэглэдэг. Үүний 60 гаруй хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг аж.
Хүнээс ялгарах нэг грамм өтгөнд нэг их наяд нян, вирус байдаг. Тиймээс нүхэн жорлонд байгаа нян хөрсөнд шингэж, гараар дамжин халдварт өвчин үүсгэдэг гэдгийг ДЭМБ-ын зөвлөмжид тусгасан байдаг.
Усны газрын дарга З.БАТБАЯР:
-Туул голын бохирдол дээр ахиц гарсангүй. Туул голын бохирдлыг Зайсангийн гүүрнээс доош шинжилж үзвэл дэлхийн олон улсын үнэлгээгээр маш их бохирдолтой гарсаар байна. Covid-19 цар тахлын үед буюу 2020, 2021 онд Туул голын бохирдол багассан байсан ч буцаад өссөн.
Зайсан гэж уулын ам байгаа. Зайсан дахь гурван хотхоны уух ундны ус шинжилгээний дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрдэг. Энэ савханцараас сэргийлэхийн тулд 00-д орсон хүн гараа угаах шаардлагатай байдаг. Гэр хорооллын ундны уснаас ч гэдэсний савханцар илэрч байна. Шадивлангийн гүүр, Хандгайт орчмоос ч илэрсэн. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 680 мянга гаруй нүхэн жорлонгийн уршиг юм. Улаанбаатар хотод байгаа тээврийн хэрэгслээс ч давсан их тооны нүхэн жорлон байгаа нь ундны ус бохирдуулж байна гэж мэдээлсэн.
Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байна.
Тиймээс халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулав.
Химийн шинжилгээний үр дүнгээр Химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ хүрээлэн буй орчин, усны стандартаас хэтэрсэн төдийгүй стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь усны бохирдол хэт өндөр байгааг илэрхийлж байгааг албаныхан онцоллоо.
Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Хүн амын нягтрал их, хатуу шингэн хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй, хөрсний элэгдэлд орсон айл өрхийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрсний бохирдол үүсгэж, гэдэсний өвчлөлтийг нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор бид сайжруулсан ариун цэврийн байгууламжийн талаар иргэдэд сурталчилгаа мэдээлэл ойлголт бий болгох эрүүл амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажил явуулж байгааг өмнө нь мэдээлж байсан удаатай.
Гэвч өнөөдрийг хүртэл бахь байдгаараа.
Тиймээс нийслэлийнхэн нүхэн жорлонгийн асуудалд онцгой анхаарах цаг болжээ. Жорлонгийн хэсгийг тогтмол ариутгах, цэвэрлэх боломжтой, ус чийгэнд тэсвэртэй, өвчин үүсгэх мөөгөнцөр, нян, хортон шавж үржихгүй, гэрлийн тусгалаас хамгаалагдсан материалаар доторлохоос эхлээд аль болох стандартад дөхөж очихуйц болгохгүй бол үер буунгуут бохир нь урсч, ойр орчмын газраа нийтэд нь бохирдуулдаг үзэгдэл байж боломгүй.
Холбоотой мэдээ