УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Тус хуулийн шинэ зохицуулалтуудын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:
-Гэр бүлийн хууль гэрлэлтийн үр дүнд бий болж байгаа олон төрлийн харилцаа, эрх зүйн үр дагаврыг зохицуулж байгаа. Тухайлбал, гэрлэлт бий болсноор гэр бүлийн гишүүд хооронд бие биеэ хайрлах асран хамгаалах үүргээ биелүүлэх, хэрэвзээ гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хөдөлмөрийн чадваргүй, урт хугацаанд асаргаанд байх шаардлагатай бол заавал тэтгэн дэмжих гэх мэт эдгээр үүргийг шинэчлэн зохицуулсан заалтууд орж ирж байна. Түүнчлэн, гэр бүлийн тэжээн тэтгэх үүргийг эцэг эх, бүгдэд нь хариуцуулж, хэрэвзээ өндөр настай аав ээжийгээ хараа хяналтгүй орхисон, аав ээжийгээ дэмжин тэтгэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн маань шүүхэд хандаж гомдлоо нөхөн төлүүлэх боломжийг хуульд шинээр тусгалаа. Мөн хүн амын удмын санг шинээр хамгаалах цус ойртолтоос сэргийлэх үүднээс гэрлэгчид генетикийн шинжилгээ өгсөн байх заалтыг оруулсан. Түүнчлэн, гэр бүл салалтын үр дүнд хүүхэд, тухайн гэр бүлийн гишүүд хохирох эрх нь зөрчигдөж байгаа тул гэр бүл салалтыг нэлээд өргөн хүрээтэй оруулж өгсөн. Дараах тохиолдлуудад гэр бүл салж болохгүй. Хэн нэг нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх мэт. Ялангуяа салалтын дунд ахмад настан хүүхэд хэлмэгдэх асуудлыг зохицуулахаар оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:
-Гуравдагч этгээдийн асуудлыг та асууж байна. Мэдээжийн хэрэг эрх зүйн үндэслэл нь бүрдсэн бол нэхэмжлэл гаргах эрх хүнд нээгдэж болно. Үүнийг хууль санаачлагчтайгаа нэлээд ярих ёстой. Хууль зүйн байнгын хороогоор орж байгаа учраас ярилцаж үзнэ. Хэний буруугаас гэр бүл салах сарних дээр хүрч байна вэ гэдэг нь асуудал. Тэр буруутай тал хамтын бий болсон эд хөрөнгөөс авах эрх дээр өөрчлөлт гарна. Ингээд үзвэл яах аргагүй авч хэлэлцэхгүй бол болохгүй болж байна.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Одоогийн Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхгүй гэх хуулийн заалт байгаа. Тэр харилцаанаас гадуур харилцаанд ороход гуравдагч этгээдэд хариуцлага хүлээлгэх ямар орон зай байх вэ. Энэ бол хүмүүсийн хоорондын харилцаа. Ер нь Гэр бүлийн тухай хууль гэдэг бол гэр бүлийг салгахгүй үнэнч, шударга байлгадаг, бие биеийг нь хайрлуулдаг хууль биш байхгүй юу. Гэр бүлийн тухай хууль нэг талаас бүртгэлийн асуудал. Гэрлэнэ, хүүхэд төрүүлбэл бүртгэнэ, гэр бүл салбал бүртгэнэ. Нөгөө талаас гэр бүл цуцалснаас, хүүхэд төрснөөс үүдэлтэй өмчийн, эдийн болон эдийн бус харилцааг зохицуулдаг хууль. Гэр бүлдээ үнэнч байх, асарч хамгаалах асуудлууд хуулийн заалттай. Гэхдээ энийг баталгаажуулж хийдэг зохицуулалт нь манай нийгмийн соёл, боловсрол, Монгол ёсыг авч явах асуудал байхгүй юу. Гуравдагч этгээдийн асуудлыг хуульчлаад яах вэ. Хүний сэтгэлийг хуульчилж болохгүй. Энэ хуульд хэд хэдэн нэмэх ёстой заалт бий. Манай шүүхийн практикт гарсан өмчийн харилцааны асуудал бий. Жишээ нь сүй тавьчихдаг. Сүй тавьснаас нь болоод ар гэр нь янз бүрийн зардал гаргадаг. Гэтэл зардал гаргасан талын буруугүйгээс болоод салах болчихвол өмчийн харилцааг яах вэ гэдэг асуудал зөндөө гарч байна. Энэ заалт тусгагдах ёстой. Хуульд шинээр нэмж орж буй зүйл бол гэрлэлтийн гэрээ. Энэ нь гэр бүл болохоос өмнө өмчийн харилцааг зохицуулж байгаа. Энэ дээр нарийвчлалтай зохицуулалт орох ёстой. Гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцааны асуудал нарийн тусгагдах ёстой. Ерөнхий санаа нь иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар оруулна гэж байгаа.
Холбоотой мэдээ