Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өвөл ХЭЛЖ ИРДЭГ!

Өвөл ХЭЛЖ ИРДЭГ!

Зуун жилийн ойгоо тэмдэглэж, зунжин наадсан орон нутгийнхан маань өвлийн анхны цаснаар дүнгээ тавиулж, зутарч эхэллээ. Жилийн дөрвөн улиралтай монголчуудын хувьд өвөл хэлж ирдэг.

Зунжин зуун жилийн наадам гээд хот, хөдөөгүй баярлаж, аймгаас аймгийн хооронд, сумаас сумын хооронд найрласан монголчууд наадмын дараах намраа мартаж, өвөлдөө бэлтгээгүйгээс болж Улаанбаатар нь унаагүй хөдөө нь зудтай, хүндхэн өвлийг давах нь ээ.

Өдийд орон нутагт өвлийн бэлтгэлээ хангачихсан, малчид нь бэлтгэлээ базаачихсан цаг агаарынхаа төлөвийг шинжээд сууж байх цаг. Гэвч энэ өвлийн анхны үргэлжилсэн цаснаар орон нутгийнхан бэлтгэлээ базаагаагүй, иргэд, малчид нь бэлтгэлгүй байсныг нь шалгачихлаа. Цаашид олон цас орно, өвөл болдгоороо болох ч эрдэнэт хүний амь эрсдэхгүй, малчид эрсдэлээ тооцож, аюулгүй байдлаа хангах, өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй бэлдэхийг цаг агаарын сэрэмжлүүлэг, төлөв цас ихтэй, хүйтэн өвөл болохыг анхааруулж, сануулж буй.

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас нь ч цаг агаарын мэдээг тогтмол хүргэж, өвөлдөө бэлтгэх, цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлээд байхад л олон хүний амь эрсэдсэн харамсалтай хэргүүд гарч, олон аймаг, сумдыг зудын эрсдэлтэйг анхааруулж, сануулсаар ирсэн.

Нэг үеэ бодвол техник, технологи хөгжсөн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд хаанаас л бол хаанаас аваад, бэлтгэлээ базааж, аюулгүй байдлаа хангах бүрэн боломжтой болсон. Гэтэл сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээлэл өгсөөр байтал цастай, халтиргаатай зам даваагаар зорчиж, амь насаа эрсдэлтэй байдалд оруулах, осгох, хөлдөх тохиолдлууд олон гарч байна. Ялангуяа малчид малынхаа араас яваад амиа алдах, сураггүй болох тохиолдлууд ч нэмэгдэж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр аюулт үзэгдлийн улмаас 93 айл өрх намаржаанаас өвөлжөө рүү нүүх, намаржаанд үлдээсэн гэр, машин техник, малын хашаагаа авах зэргээр нийт 616 км цасанд боогдсон замыг нээх шаардлага тулгарсан. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж, 526 км замыг нээж, 78 айлыг нүүлгэн шилжүүлээд байна гэжээ.

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас зудын эрсдэлтэй байх аймаг, орон нутгийн мэдээллийг урьдчлан гаргажээ.

Тухайлбал, зудын эрсдэлийг гаргахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасын хэмжээ зэргийг харгалзан, энэ жилийн цасны бүтнэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, тунадасын хэмжээ зэргээр тодорхойлжээ. Ингэхдээ арваннэгдүгээр сарын дунд үеэс нийт нутгийн 50 гаруй хувьд цастай, ихэнх нутгаар 5-20 см, зарим нутгаар түүнээс дээш зузаантай цасан бүрхүүл тогтсон.  Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 10 хувьд нь эрсдэлтэй багатай байна гэжээ. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт нь зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруул тоймлон хүргэнэ гэжээ. Энэ зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Зуншлага сайн байсан ч энэ намрын эхний цас ахиу орсон төвийн болон зүүн бүс нутгаар мөн эрсдэл ихтэй гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхлээд байна.

Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан, цастай нутгаар эрс хүйтэрсэн, өвс тэжээл бэлтгэх боломж муу, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.

2022 оны арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт нийт нутгийн 11 хувьд цасан бүрхүүлтэй байсан бол арванхоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт 59 хувьтай болж байжээ. Энэ жилийн хувьд ч нийт нутгаар ахиу цас орж, хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж буй.

Цаг агаарын төлөв байдлаас ажиглавал энэ өвөл цас ихтэй, хүйтэн байх нь тодорхой байна. Тиймээс малчид, иргэд анх удаа Монголд цас орж байгаа юм шиг эрсдэлтэй, аюултай байдлаас өөрсдийгөө урьдчилан сэргийлэх, дахин хүний амь эрсдэхгүй байхад аймаг, орон нутгийн удирдлагууд нь анхаарч, иргэд, малчид нь сэрэмжтэй байж, цаг агаарын урьдчилсан мэдээллээ цаг тухайд нь авч байхыг дахин дахин анхааруулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж