Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр болсон.
Тус барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Баатар Дулаан Хан” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд үзүүрлэлээ.
Дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дархан Үржих” ХХК, “Ар Жи Ти Эл” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Ганбаатар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “ОСНААУТ”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Д.Цэнд-Аюуш, Ц.Төмөрцоож, аймгийн заан С.Доржпалам, аймгийн харцага Б.Ганзолбоо нар үлдэв.
Нэрэмжит барилдаан зохион байгуулж буй аймгийн арслан Н.Баярмагнайн гэр бүлээс “Уран барилдааны шагнал”-ыг Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, аймгийн заан С.Доржпаламд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан, 18-нд 11:00 цагаас "Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.
Холбоотой мэдээ