Авлигад цадсан дарга ба автобусгүй хоцорсон иргэд

Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

Авлигад цадсан дарга ба автобусгүй хоцорсон иргэд

Авлигад цадсан дарга ба автобусгүй хоцорсон иргэд

Нийслэлд, нийтийн тээврийн салбарт авлигын зуд хэдийнэ нүүрлэжээ. Түгжрэлийг шийд гэж өгсөн төсвөөр нь найрлачихсан хотын дарга нараас болж нийслэлийн нийтийн тээврийн салбар үндсэндээ дампуурлаа зарлалаа.  Нийтийн тээврийн шинэчлэлээс хулгайлдаг, шинэ автобус нэрээр хуучин автобус шахдаг явдал олон хавар нэгэндээ болсон. Ногоон, улаан автобусны хэрэг бол нийтийн тээврийн салбарын хулгай, луйврын ердөө зах зух. Энэ мэтээр иргэдээсээ ичиж, айхгүйгээр луйвар хийж ирсэн дарга нарын балгаар нийслэлийнхэн хөхөө өвлөөр хөл дүүжлэх унаагүй үлдэв. Нэг талаар "хоноц"-ын сэтгэлтэй дарга нарын буруу ч, "хоноц"-ын сэтгэлтэй дарга нарыг сонгосон нийслэлчүүдийн сонголтын алдаа автобусны хулгайгаар илэрч байна.

Нийтийн тээврийн салбарт тэр дундаа нийслэл дотор иргэдэд үйлчилж буй автобуснуудыг яаралтай шинэчлэх шаардлагатай талаар зөвхөн энэ жил яриагүй. Нийслэлийн үе үеийн удирдлагууд нийтийн тээврийг хүртээмжтэй болгох, чиглэлд үйлчилж байгаа тээврийн хэрэгслийн тоог нэмэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг ярьдаг жишигтэй. Гэвч өнөөдрийг хүртэл тус салбарт дорвитой өөрчлөлт орсон уу гэвэл үгүй. Хөрөнгө оруулалтыг тусгаж, тусгайлсан нууцад хамааруулж хүртэл автобуснуудыг авсан ч өдгөө үйлчилгээнд явж байгаа нь цөөн.

Худалдан авсан нийт өртөг нь өндөр хэдий ч үйлчилгээнд яваад хоёр жил хүрээгүй автобус цахилгааны гэмтлээс болж зорчигчтой үедээ шатсан осол хоёр хоногийн өмнө болсон. Азаар хүн бэртээгүй бөгөөд үйлдвэрийн гэмтэл гэсэн хэсэгт хамаарч байгаа ч үйлдвэрээс гараад удаагүй автобус яагаад осолдов.

Энэ бүхэн Монголын тээврийн үйлчилгээний салбарт хяналт шалгалт, стандарт дутуу хэрэгжиж байгаатай холбоотой.

НИЙСЛЭЛ НИЙТИЙН ТЭЭВРЭЭС БОЛЖ ЖИЛД 5,5 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭДЭГ

Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжтой гэдэг ч жил ирэх тусам тус салбарт нийслэлээс өгч буй татаас нэмэгдэх болсон. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж жил бүр 200 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авдаг байна. Улсаас авах, хүсэх татаасны хэмжээ жил ирэх тусам нэмэгддэг ч үйлчилгээ нь төдийлөн сайжирдаггүйг иргэд болон НИТХ-ын төлөөлөгчид хэлдэг.

Тодруулбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан аж.

Гэсэн хэдий ч нийслэлийн төсвөөс авч байгаа татаасны мөнгөн дүн нэмэгдсээр ирж. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 53.7 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 тэрбум төгрөг өгсөн аж. Цаашид нийтийн тээврийн салбар санхүүгийн асуудлаа нийслэлээс татаас хэлбэрээр авч, шийддэг байдалдаа цэг тавьж, цаашид өөрсдөө орлого бүрдүүлэлт болон бусад асуудалдаа менежмент хийх ёстойг Нийслэлээс мэдэгдэж. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар төлбөрөө төлж байгаа бол зургаа нь төлбөр төлөхгүй, эсвэл жолоочид бэлэн мөнгөө өгч зорчдог гэсэн судалгаа гарчээ. Тиймээс иргэдээс ирж байгаа энэхүү мөнгөн урсгалыг сааруулж, төсвийн алдагдлыг бууруулах арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн даалгаврыг ч мөн өгөөд байгаа аж.

ЗАРДАЛ ӨССӨН ШАЛТГААН НЬ АВТОБУСНЫ МАРШРУТ НЬ ОНОВЧГҮЙ, ХҮРТЭЭМЖГҮЙГЭЭС БОЛЖ БАЙГАА

Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд смарт картыг үйлчилгээнээс хасах тухай яригдахад дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр, НИТХ-ын баталсан журмын дагуу нийслэлийн тээврийн газраас автобус компаниудын ажилласан гүйцэтгэлийг нь тооцоолж зардлын санхүүжилтийг нь гаргадаг. Энэ зардал нь Улаанбаатар Смарт карт ХХК-ийн дансаар огт дамждаггүй буюу биднээс огт хамааралгүйгээр автобус компаниудад орлого болон хуваарилагддаг.

Мөн НИТХ-аас гаргасан журмын дагуу ажлын гүйцэтгэлийг нь тооцохдоо машин цаг болон рейс хийж байгаа шалгуурыг нь хоёуланг нь хангасан тохиолдолд зардлын санхүүжилтийг нь олгох ёстой гэж заасан байдаг ч одоогийн нөхцөл байдалд Нийтийн тээврийн газар энэ шалгуурыг мөрдүүлэхгүй байгаа буюу зөвхөн үйлчилгээнд гарсан, зам дээр явсан цагийг нь үндэслэж олгож байгаа учраас энэ зардлын санхүүжилт нь өсч байгаа.

Түүнчлэн иргэдийн зүгээс өвлийн цагт "автобус хүлээгээд ирэхгүй байна" гэсэн гомдол маш их гаргадаг. Автобусны рэйс гүйцэтгэлийг нь шалгахгүй, журмыг нь мөрдүүлэхгүй байгаа учраас хэчнээн хүлээсэн ч тэр автобус ирэхгүй байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, зардал нь гарч байгаа мөртлөө гүйцэтгэл нь дутуу хийгдэж байгаа учраас, мөн тээвэрлэж болох ёстой байсан шугамын орлогыг бүрдүүлж чадахгүй байгаа болохоор зардлын санхүүжилт нь өсч байгааг нийслэлийнхэн анхаарах ёстой гэж байв. Энэ үеэр нийтийн тээврийн салбарынхан зардал өсч байгаа нь автобусны маршрут оновчгүй, хүртээмжгүйгээс болж байгааг ч онцолсон.

Тиймээс мянган удаа парк шинэчлэлт гэж яриад жил бүрийн төсөв дээрээ олон тэрбумыг тусгасан ч авч ирсэн автобусных нь хүрэлцээ сайжрахгүй байгааг нийслэлийнхэн эрх биш анзаарч байгаа биз.

Салбараа удирдаж, асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа удирдах түвшний хүмүүсээс болж нийслэлийнхэн энэ жил дахин зутруухан өвөлжих нь. Өвөл болоогүй байхад автобусны хүлээгдэл, ачаалал, чиглэл хоорондын зай ямар байгааг нийтийн тээврээр зорчдог хүн бүр мэдэх бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж