Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас зам, даваа хаагдаж, малчид, иргэд осгож эндсэн харамсалтай осол гарсан. Тиймээс зам, даваа хаагдсан, цасанд боогдсон нөхцөл байдалтай аймаг, сум руу аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.
Онцгой байдлын ерөнхий газар нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдад ажиллаж байгаа бөгөөд иргэдтэй хамтарч өвөлжилтинй бэлтгэлийг хангахаар ажиллаж байгааг онцоллоо.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт суманд энэ сарын 4-5-нд үргэлжлэн орсон цасны улмаас цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдож, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын шийдвэрээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нараар ахлуулсан ажлын хэсэг удирдлага, зохион байгуулалтаар ханган, газар дээр нь ажиллаж байна. Мөн дээрх сумдад Улсын онцгой комиссоос шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлсэн байна.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүрэн суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ.
Сумын хэмжээнд 4-5-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, 16-22 м/сек хурдтай хүчтэй цасан шуурга шуурч, агаарын температур -17.7 хэм хүрч хүйтэрсэн бөгөөд талдаа 25см, гуу жалгандаа 60-7 0см зузаан цастай болсон байгаа аж.
Аюулт үзэгдлийн улмаас 93 айл өрх намаржаанаас өвөлжөө рүү нүүх, намаржаанд үлдээсэн гэр, машин техник, малын хашаагаа авах зэргээр нийт 616 км цасанд боогдсон замыг нээх шаардлага тулгарсан. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж, 526 км замыг нээж, 78 айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Холбоотой мэдээ