УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны буюу Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбоотойгоор Эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.
-2024 оны төсөв батлагдлаа. Энэ удаагийн төсвийг хөндлөнгийн шинжээчид бол сонгууль угтсан амлалтын төсөв боллоо гэж дүгнээд байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байна?
-Төсөв бол өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх тусгай сан, ашиггүй төрийн өмчит компанийн санхүүжилтийн хэрэгсэл бус, төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан, хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөө юм.
Гэвч сүүлийн жилүүдэд төсвийн дээрх үндсэн чиг үүрэг алдагдсан, 2024 оны төсөв ч мөн адил нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын эрэмбэд бус үрэлгэн, цар тахлын дараа, гадаад орнуудын дайн, эдийн засгийн тэмцэл бүхий энэ цаг үеийн бус маш их тэлсэн , ард олны ахуй амьдралд дэм бус бус шавар, цементэд, баялаг бүтээгчид, эдийн засгийг авч явдаг хэсэгт бус хөшөө дурсгалд, санхүү-эдийн засгийн шийдэлд бус эрх ямбанд зориулсан төсөв батлагдлаа гэж харж байна.
Төсвийн тэнцлийг сайжруулахын тулд УИХ-аар оруулж ирж хэлэлцдэг ч ахиц байхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Улс орны эдийн засгийн байдлыг гэхээс илүүтэй улс төрийн ашиг сонирхлын үүднээс, албан тушаал, эрх мэдлийн хүч түрсэн үйл явц гэдэг нь тодоос тод харагдаж байна.
-Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлага, эдийн засгийн агуулгыг тусгадаг. Гэвч зарлагыг хэт өндөр тооцож, орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн төсөв баталж байгаа нь гэнэтийн эрсдэлд тооцоололгүй байна гэх шүүмжлэл их гарч байна. Та юу гэж бодож байна?
-Өнгөрсөн жилийн намрын чуулганаар төсөв өргөн барихдаа 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлагыг 20.4 их наяд буюу ДНБ 37.6 хувь тооцож, 2024 оны төсвийн зардлын төсөөлд 22.4 буюу ДНБ-ний 39.1 хувь гэж төсөөлж байсан бол энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр 27.4 их наядаар зардлын төсөл оруулаад байна. Энэ нь ДНБ-ийн 37 хувь. Энэ нь хэд хэдэн эргэлзээг төрүүлж байна. Нэгт, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн төсөөлөлтэй уялахгүй байгаа нь төсвийн төсөөлөл гэдэг бол ямар ч ач холбогдолгүй, зүгээр тоо болж байгааг илтгэж байна. Хоёрт, төсвийн зардлыг эдийн засгийн агуулгаар бус, улс төрийн популист амлалтаар тэлж буй явдал нь санхүү эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөгүй улсын санхүүг жолоодож буй аймшигтай дүр төрхийг илтгэж байна. Гуравт, ДНБ – ний тоон үзүүлэлт гэдэг бол төсөв, санхүүг тааламжтай мэт харагдуулахад зориулсан зэвсэг болж хувирсан байгааг илтгэж байна. Уг нь ДНБ гэдэг нь эдийн засгийг илтгэх итгэлцүүр байх ёстой. Улсын эдийн засгийн төлөв байдал нь хамаарал бүхий орнуудын нийгэм-эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал, хандлага, барьж буй бодлоготой уялдсан эсэхээс, нөгөөтээгүүр өөрийн орны мөнгө, сангийн бодлогын уялдаа, нийгэм-улс төрийн харилцаа яв цав шүтэлцэж байгаагаас хамаарч тодорхойлогддог байх ёстой.
Ирэх 2024 онд дэлхийн эдийн засгийн нөхцөл, харилцаа тийм ч таатай бус байх төлөвтэй. Гол шалтгаан нь инфляци сүүлийн 40 гаруй жилд үзэгдээгүйгээр, дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээтэй, өндөр түвшинд хүрсэн явдал. Жишээ нь дэлхийн 90 гаруй улс инфляцад өртөөд байна. Инфляцийн эсрэг дэлхийн улсуудын төв банкнууд бодлогын хүүгээ нэгэн зэрэг өсгөж буй нь, түүний үр нөлөө нь 2024 онд дэлхийн эдийн засгийн уналт, хүндрэлийн суурь болохоор байна.
Ялангуяа АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ 2022 оны гуравдугаар сараас хойш нэмэгдүүлсээр энэхүү нөхцөл 2024 онд үргэлжлэн хадгалагдах төлөвтэй байна. Бидний хувьд энэ нь зээлийн өртөг /бондын өртөг/ нэмэгдэх, импортын барааны үнэ өсөх зэргээр төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөтэй. Манайх импортлогч орон төдийгүй, гадаад өр 33.8 тэрбум ам.доллар гэдгийг мартаж үл болно. Санхүү зээлийн хувьд бусдаас хараат, гадаад өрийн дарамт өндөр манай улс төсвөө ийм маягаар тэлж болохгүй. Цаашилбал энэ нь дефолт зарлахад хүргэх эрсдэлтэй байна. Өрийн асуудал бидний дунд, урт хугацааны мөнхийн хүнд сорил болсоор байгааг анхаарч төсөвт хандах, нимгэлэх орон зайг гаргах. Өрийг өрөөр дарах, бондыг бондоор солих, өрийг зээлээр хаадгаа болих, дотоод эх үүсвэр, нөхцөл боломжоо шахах шаардлагатай байгааг анхаарах ёстой юм.
-Орлогоо хэт өөдрөг төсөөлсөн нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг үл харгалзсан гэж та тодорхойлж байна уу?
-Бидний хувьд дээрх эдийн засгийн гадаад нөхцөл болох Евро бүс АНУ-ын гадаад худалдаа, ОХУ, Украйны дайн, Европын эрчим хүчний түүхий эдийн хомсдол, БНХАУ-ын “хоригууд” бодлого, түлш шатахууны дэлхийн зах зээлийн үнэ болоод ОХУ- ын үнийн өсөлт, бодлого, ACEAH хүнс, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг байдлыг 2024 оны эдийн засгийн бодлогодоо уяж өгөх ёстой. Харамсалтай нь чадсангүй. Товчхондоо, гадаад өрийн дарамт, бизнесийн орчны чадавх сул байдал, ажил эрхлэлтийн бууралт, айл өрхийн амин зуулга-орлогын тасалдал зэрэг дотоод эдийн засгийн нөхцөлөө ч мартсан байдалтайгаар 2024 оны эдийн засаг, санхүүгийн бодлогоо зангидсан. Төсвийн зардлаа замбараагүй тэлсэн /27,4 их наяд, өмнөхөөс 33 хувь/. Ийм нөхцөлд инфляци буухгүй нь тодорхой. Үнэ өртөг тэнгэрт хадахыг хаана хаанаа ойлгомоор л юм.
Энэхүү тэлэлттэй төсвөө нөхөхийн тулд төсвийн орлогыг маш их өөдрөгөөр төсөөлж байна. Нөхөх нөхцөл нь иргэд, аж ахуй нэгжээс татвараар 23,4 их наядыг буюу төсвийн орлогын 92.9 хувь бүрдүүлэхээр, татварын бус орлогоор 7,1 хувь буюу 1,8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь татварын дарамт авч ирэх суурь нөхцөл юм. Тухайлбал, орлогогүй иргэд, аж ахуй нэгж яаж төлөх вэ. НӨАТ- аар 25,6 хувь буюу 6 их наяд орчмыг, НДШ- 20,5 хувьбуюу 4,8 их наядыг, ОАТ- 24,2 хувь буюу 5,7 ир наяд, бусад татвар 30 хувиар тооцсон байгаа нь ААН-үүдэд л хүнд дарамт болно.
Хариуд нь Монгол банкны бодлогын хүү буухгүй. Энэ нь эх үүсвэрийн үнэ, өртгийн өсөлт, хомсдол бодтой бий болох нөхцөл болно. Дунд хугацаандаа хоёрдогч инфляци зэргийг ард түмэн бидэнд авч үүрүүлнэ. Ийм л суурь эдийн засгийн дарамт биднийг хүлээж байна. Мөн хэт өөдрөг төсөөлсөн орлогыг бүрдүүлэхийн тулд уул уурхайн борлуулалтыг нэлээд өндрөөр тооцоолсон байна. Тухайлбал, нүүрс 60 сая тонн гэдэг боломж хэт хөөсөрсөн тоо шүү.
-Аж ахуй нэгжүүдэд татварын дарамт үүсээд ирэхээр бизнесийн салбарт хүнд тусна гэдгийг эрх баргчид тооцсонгүй юу. Эсвэл орлогоо бүрдүүлэхийн тулд бизнесийн салбарын дарамтыг үл ойшоож байгаа хэлбэр үү?
-Мөнгөний бодлого энэ их тэлэлтээс үүдэлтэйгээр хатуурахаас өөр гарцгүй нь харагдаж байна. Энэ нь бизнесийн салбараа амьсгалах агааргүй болгож байгаа үйл явц. Монголд бизнес эрхлэх санхүүгийн эх үүсвэр олно гэдэг өвсөн дотроос зүү олохтой адил боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийг нь хулгайч дарга нар нь хамчихна, эсвэл бодлогын хүүгээ хатууруулах нэрээр өөр тийш үлээчихнэ. Ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн өртөг болсон зээлийн хүү өснө, үнэ өснө богино, дунд хугацаандаа инфляцийг өдөөнө. ААН- үүд эх үүсвэрийн дутагдалтай өнөө үед жаахан байсан зах зээл дээрх сул чөлөөтэй мөнгөний олдцыг багасгаж, өртгийг нь өсгөх замаар буцаагаад татаж буй явдал болно. Мөнгөний хатуу бодлогыг даах потинцал эдийн засагт байхгүй, хэврэг байгаа. Үр дүнд нь суурь эдийн засгийн дампуурал.Уг нь инфляцийн нийт тоон дүнд анхаарахаас илүүтэй шалтгааныг саармагжуулахад буюу голч барааны үнийн өсөлтийг хэсэгчлэн онилох нь чухал. Засгийн газрын зүгээс хийх ажил чухал, зөвхөн Монгол банк мөнгөний бодлогыг хатууруулаад шийдэх зүйл биш. Инфляци, ханшийн эрсдэлийг удирдахын тулд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, санхүүжилтийн нөхцөлийг чангалахаас илүүтэй сангийн бодлогоо чангатгах, эрэмбэлэх импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх ажилд сангийн бодлогоо чиглүүлж байж дээрх хүндрэлийг давна.
Цаашид аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчдээ урт хугацаанд бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих орон зайг төсөвт бодлогоор суулгахад онцгойлон анхаарах хэрэгтэй.
-Төв банк мөнгөний бодлогоо хатууруулснаар инфляцийг барьж байгаа гэдэг. Төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулахад анхаарах ёстой ёстой байсан болов уу?
-Суурь үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийн эрсдэл бий. Энд эрчим хүчний одоогийн хүчин чадлаас үүдэлтэй тасалдал, үнэ өртгийн өсөлтийн эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилийн эрчим хүчний судалгааг харахад жилийн хэрэгцээ 20 хувиар өсч байхад нийлүүлэлт 7 хувьтай байгаа явдал нь өнөөдрийн улаан гэрэл асахад хүргэсэн. Мөн шатахуун бол яах аргагүй суурь өртгийг бүтээдэг тул инфляци өдөөх том эрсдэл хэвээр бий. Төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа байхгүй байгаа нь том эрсдэл. 2024 онд эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл бий. Үүнээс гадна инфляци өндөр, экспортын орлого төрөлжөөгүй. Уул уурхай эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс хамааралтай, импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саатал, үндэсний валютын ханшийн уналтын эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй.
–Засгийн газраас өргөн барьсан төсөвт УИХ-ын гишүүд тэр бүр гар дүрээд байхгүй зохицуулалттай болсон. Ирэх жил 126 гишүүн төсөв баталж эхэлнэ. Тэгэхээр бид жил бүр л алдагдалтай төсөв батлахгүйн талд ямар зарчмаар явах ёстой вэ?
– Хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих нь чухал. Мөн эдийн засгийн гадаад дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судлах,үндэслэх. Тухайлбал, дунд, урт хугацааны гадаад өрийн дарамт, дэлхийн улс орнуудын эдийн засгийн агшилт, таагүй харилцаа, мөнгө, зээлийн хүнд нөхцөл гэх мэтийг харгалзан үзэж, төсвөө боловсруулдаг байх ёстой.Нийгэм, эдийн засгийн харилцаан дахь асуудлыг эрэмбэлэх, түүнд чиглэгдэх. Соёлын төвийн барилга байшин, хөшөө дурсгал, угтах, үдэх үүд, хаалга, самбар гэх мэт яг одоо хэрэгтэй бус дунд, урт хугацаанд төсвийн урсгал зардалд дарамт болох, 10, 20 дугаарт байгаа асуудлыг зүтгүүлэх бус, тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлдэг байх нь зөв. Төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай, орлого олдог зүйлд чиглэхэд анхаарах. Төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлого барих. Энэ нь дунд, урт хугацаанд эргээд төсвөө тэтгэнэ.
УИХ, Монголбанк, Засгийн газар нэгдмэл, залгамж бүхий тогтвортой мөнгө санхүүгийн бодлого барихад чиглэхгүй бол залгамж байдал алдагдсанаас үнэ өснө, өр өснө, ханш унах гэх мэт эдийн засгийн суурь харилцааг бодолцох хэрэгтэй.
Холбоотой мэдээ