Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрахаас ГССҮТ-ийн ачааллыг салбар эмнэлэг бууруулах боломжтой талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, төв эмнэлэг байнгын ачаалалтай, түм түжигнэж, бум бужигнаж байдаг. Өдөрт 450-550 хүн яаралтай тусламж авдаг. 24 цагаар хувааж авч үзвэл иргэд чирэгдэлтэйгээр яаралтай тусламжийн үйлчилгээ авч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ жил нээгдсэн салбар эмнэлэгтээ яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлдэг болох талаар зохицуулалт хийж байна. Гэхдээ тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд авч үзвэл төв болон салбар эмнэлгийн ачааллыг тэнцүүлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжид хүнд гэмтлүүд болох цээжний хөндий, тархи, хүйтэн, халуун зэвсгийн гэмтлийг төв эмнэлэгт авч, бусад ахуйн ослын яаралтай тусламжийг салбар эмнэлэгт үзүүлж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, өдөрт гэмтэж байгаа 400-550 хүний 100 гаруй хүнийг нь салбар эмнэлэгт хүлээж авах боломж бүрдэж байгаа. Гэхдээ хүмүүс ГССҮТ-ийн салбар эмнэлэг болох хуучнаар Түлэнхийн төвийг тэр бүр яаралтай тусламж үзүүлдэг гэдгийг мэддэггүй.
Салбар эмнэлэг тоног төхөөрөмжүүдээ суурилуулсан, өрөө тасалгаа хангалттай. Төв эмнэлэг дээр таван эмч цагийн дотор 40-50 хүнд үйлчилдэг бол салбар эмнэлгээс яаралтай тусламжийг илүү түргэн шуурхай авах боломжтойгоор онцлог. Рентген зураг авхуулахаар 20-30 минут хүлээх шаардлагагүй гэсэн үг. Салбар эмнэлэгт зөвхөн түлэгдэлтэй хүмүүсийг авч үзвэл өдөрт 20 хүн л дээд тал нь ирдэг. Тэгэхээр бусад төрлийн гэмтлийн тусламж үйлчилгээг энэ төвд өгөх боломжтой.
Хөнгөн бэртгэл, гэмтэлтэй хүмүүс Түлэнхийн төвд очиж үйлчлүүлж болно.
Тухайлбал, гар сарвуу, ясны гэмтэл, үений дурангийн мэс засал, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах зэрэг үзлэгт ажлын таван өдөр үзүүлэхэд иргэдэд нээлттэй. Тасгуудын хувьд таван нарийн мэргэжлээр нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тасгуудын хувьд зайлшгүй шаардлагатай.
Монгол хүн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхдээ анхаарал муу хандуулдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх хүрээнд олон төрлийн спортоор хичээллэж байгаа. Үүнийг дагаад энэ төрлийн гэмтэл ихэссэн. Тэгэхээр зайлшгүй тусгай тасгийн хэрэгцээ үүсч байгаа юм.
Мөн нөгөө талаас харахад улсын хэмжээнд авч үзвэл зөвхөн спорт гэмтэл дээр жишээ татахад тусгайлсан тасаг маш ховор. Хувийн эмнэлгүүдэд нөхөн сэргээх хэсэг бол бий. Тиймээс манай төв цогцоор нь энэ тасгийг нээж байгаа. Цогц гэдгийг тодотговол спорт гэмтлээр хүн ирж яаралтай тусламж аваад хагалгаанд ороод, үүний дараа нөхөн сэргээх эмчилгээндээ явах боломж бүрдсэн. Эргээд тухайн хүн зааланд гарах хүртэл эмчилгээг л үзүүлнэ гэж ойлгож болно. Мөн спортын хүмүүст сэтгэл зүй маш чухал. Манай тасагт мөн сэтгэлзүйч, сэтгэл засалч бий. Ингэснээр цогц эмчилгээг тасгуудаараа дамжуулж хүмүүст үзүүлэх боломж бүрдээд байгаа.
Холбоотой мэдээ