Оросын арми өнгөрсөн өвөл Украины эрчим хүчний дэд бүтцийг онилж байсан. Энэ жил ч бас агаарын хэм буурч, халаалтын хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр Оросын дайралт улам бүр нэмэгдэх төлөвтэй болов.
Тэгвэл Украины арми энэ жил хариуд нь Оросын газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд цохилт өгнө гэж Эрчим хүчний сайд Герман Галущенко хэллээ. "Ингэвэл шударга байх болно. Оросын дайралтын хариуд бид ижил арга барилаар хариу барина. Бид Оросын газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд цохилт өгч магадгүй" гэв. Ерөнхийлөгч Зеленский ч бас өнгөрсөн сард ижил утгатай мэдэгдэл хийсэн. Тэрбээр "Украинчууд хүйтний улиралд чухал дэд бүтцэд халдсан дайралтын хариуд өөрсдийгөө хамгаалаад зогсохгүй хариу арга хэмжээ авна" гэсэн юм.
Өнгөрсөн оны намар, өвлийн улиралд Оросын дайралтын улмаас Украины эрчим хүчний системийн бараг тал хувь нь гэмтэж байв.
Чулуужсан түлш нь Оросын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч. Цаашилбал, Украин дахь Оросын дайны машины гол санхүүжүүлэгч болж байна. Европын орнууд дайн эхэлснээс хойш Оросын нефтиэс хамааралтай байдлаа бууруулсан ч гэлээ Энэтхэг, Хятад зэрэг орон худалдан авалтаа үргэлжлүүлсээр байна.
Оросын газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд халдсан ч үнийн өсөлт нүүрлэхгүй гэдгийг Герман Галущенко онцлов. "Дэд бүтцэд халдах нь үнийн хувьд тийм ч чухал биш, ялангуяа хий, газрын тосны тухай ярьж байгаа бол. Энэ бол зөвхөн Оросоос худалдаж авах боломжтой түлш. Дэлхий үүнийг зохицуулж чадна гэдэгт би итгэлтэй байна" гэж тэр хэлжээ.
Мөн тэрбээр Оросын цөмийн эрчим хүчний эсрэг хориг арга хэмжээ авахыг АНУ-ын албаныханд уриалсан байна.
Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT
Холбоотой мэдээ