Яармагаас Хархорин автобусны буудал хүртэлх хоёрдугаар шугамыг эхний ээлжинд нэвтрүүлж байна. Цаг тутамд 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урттай тросс тээврийн хэрэгслийг ирэх онд эхлүүлэх гэнэ.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар өмнө нь мэдээлэхдээ "Дүүжин тээврийн төслийг сонирхож үзсэн. Энэ төсөлд 20 сая евро зарцуулаагүй. Ер нь 60 сая еврогийн хоёр шугамын асуудал байдаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа энэ төслийг эхлүүлж, зургаан сая евро зарцуулсан байдаг. Би Францын талтай уулзалт хийсэн. Ер нь бид юмыг нураах амархан. Хүмүүс дүүжин тээврийг аялал жуулчлалын зориулалттай, өвлийн улиралд ашиглах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж шүүмжилдэг. Француудтай уулзахад нэг цагт 1200-1500 хүн явах боломжтой гэсэн.
Манай мэргэжилтнүүд очиж үзэхэд суудал нь халдаг, өвлийн улиралд ашиглаж үзсэн. Техникийн үзүүлэлт нь франц технологи. Ер нь нэгэнт тохирсон ажлаа хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсад хариуцлагагүй байдлаа болих ёстой гэдгийг хэлж буй. Олон улсын гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг байхыг үүрэгдсэн.
Хоёр дахь шугамын чиглэл нь Яармагийн захиргааны байрны наад талаас Хархорин зах руу байх нь боломжтой юм байна гэсэн. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шугам явчихаад байсан нь шүүмжлэл дагуулсан.
Одоо дүүжин тээврийн зээлийн хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ төслийн зээлийг нягталъя гээд ярьсан. Сүүлийн Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг ярьсан. Ер нь Улаанбаатар хот аль ч утгаараа дүүжин тээвэртэй болох ёстой. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэсэн юм.
Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулна. Ингэхдээ Яармаг дахь Хотын захиргаанаас “Хархорин” захын чиглэлд явуулах юм. Минутад 10 хүн суух боломжтой гэдгийг албаныхан мэдээлсэн байдаг.
Холбоотой мэдээ