Төв аймгийн Лүн суманд энэ сарын 4-5-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэх шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Алба хаагчид өнөөдрийн байдлаар 47 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 километр замыг нээх ажлыг зохион байгуулсан бөгөөд 10 айлыг нүүлгэн шилжүүлэх, 330 километр замыг нээх ажил үргэлжилж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Энэ үеэр хурандаа Т.Баярхүү“Энэ сарын 14-15-ны өдрүүдэд дахин ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллах шаардлагатай байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.