Газын зурвасын хойд хэсэгт байрлах Аль Наср эмнэлэг болон Аль Рантиси хүүхдийн эмнэлгийг Израилийн танкууд бүсэлсэн гэж мэдэгдлээ. Аль Рантиси хүүхдийн эмнэлгийн дарга Мустафа аль-Кахлоут хэлэхдээ "Израилийн цэргийн кампанит ажил нь бүслэлтэд байгаа өвчтөнүүд болон эмнэлгийн ажилтнуудад аюул учруулж байна. Бид бүрэн бүслэгдсэн. Эмнэлгийн гадаа танкууд байгаа, бид гарч чадахгүй байна. Бидэнд цахилгаан эрчим хүч алга. Өвчтөнүүдэд эм, ус, хүчилтөрөгч алга. Бид хувь заяагаа хэрхэхийг мэдэхгүй байна" гэжээ.
Эмнэлгийн цогцолбор нь Шейх Радван хороолол болон Аль Шати хуарангийн ойролцоо байрладаг.
Дээрхээс гадна Аль Авда эмнэлэг, Индонезийн эмнэлгийн ойр орчим халдлагад өртөж, 10 хүн шархаджээ. Мөн есөн машин эвдэрч сүйдсэний хоёр нь түргэн тусламжийн машин байсан. Түргэний машинууд бүрэн сүйдсэн гэж эмнэлгийн мэдэгдэлд дурджээ.
Израилийн арми сүүлийн өдрүүдэд Газын зурвасын хойд хэсэгт ажиллагаагаа эрчимжүүлж, ширүүн бөмбөгдөж байна.
Гэвч эрүүл мэндийн байгууллагууд халдлагад өртөж буй нь дүрвэж амжаагүй хүмүүсийн хүмүүнлэгийн нөхцөл байдлыг хүндрүүлэв. Газын 35 эмнэлгээс 18 нь ажиллахаа больсон. Түүнчлэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын 71 хувь нь эвдрэл гэмтэл, түлшний хомсдолын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Эх сурвалж: CNN