Энэтхэгийн Ариун Ганга мөрний цутгал Ямуна голын зарим хэсгийг хорт хөөсний зузаан давхарга бүрхжээ. Энэ нь бохир ус болон үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй холимог хөөс юм. Хөөс нь аммиак, фосфат их хэмжээгээр агуулдаг тул амьсгалын замын болон арьсны асуудал үүсгэдэг гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Салхины улмаас хөөс уснаас халин зам, талбай руу гарах болсон байна.
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн сувагт ч бас үүнтэй төстэй хольц гарч иржээ.
Ямуна мөрөн олон жилийн турш ийм асуудалтай нүүр тулгарч байна. Голын ихэнх хэсэгт ус нь лаг ихтэй, шаварлаг харагдах болжээ. Эрэг дагуу нь хуванцар хог хаягдал ч мөн ихэсчээ. Голын нийт уртын ердөө хоёр хувь нь нийслэл Шинэ Делигээр дамжин өнгөрдөг ч зөвхөн энэ хэсэг л голын нийт бохирдлыг 76 орчим хувийг эзэлж байгаа аж. Шинэ Дели хот ба түүний эргэн тойронд хүн ам шигүү суурьшсан тул хог хаягдал ихтэй байдаг.
Голын усны хоруу чанараас үл хамааран тосгоны оршин суугчид усанд нь орж, ундандаа ашигласаар байна. Зарим сүсэгтэн өтгөн хөөстэй голын усанд янз бүрийн зан үйл хүртэл хийдэг. Тухайлбал, жил бүр олон зуун хүн Ямуна голын эрэгт цугларч, нарны бурхан Сурьяад зориулсан Чхат Пужа баярыг тэмдэглэдэг.
Хорт хөөстэй зэрэгцээд Шинэ Дели хот агаарын бохирдолтойгоо тэмцэж байна. Швейцарийн агаарын чанарын "IQAir" компанийн мэдээлснээр Шинэ Дели хот энэ долоо хоногт хэд хэдэн өдөр дараалан дэлхийн хамгийн их бохирдолтой хотоор шалгарчээ. Пүрэв гаригт л гэхэд хотын агаарын чанарын индекс 517 байсан. Шинэ Делигээс гадна Калькутта, Мумбай хотуудад агаарын чанарын индекс 205, 102 байжээ. Эдгээр нь аль аль нь эрүүл бусд тооцогдох үзүүлэлт юм.
Гэтэл дэлхийн хамгийн бохирдолтой гэгддэг Осло хотын агаарын чанарын индекс ердөө гурав байжээ. Харин Бээжин хотын хувьд сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх дорвитой алхмуудыг хийх болсон тул одоогоор агаарын чанарын индекс сайн буюу 25 байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ