Тойм: "Тэтгэвэр нэмэх нь санал худалдаж авах гэсэн урхи, занга"

Хуучирсан мэдээ: 2023.11.11-нд нийтлэгдсэн

Тойм: "Тэтгэвэр нэмэх нь санал худалдаж авах гэсэн урхи, занга"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР 18-ТАЙ ЯЛТНУУД ОЛШРОХ МАГАДЛАЛТАЙ"

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.  


-УИХ нийгмийн бухимдал дээр үндэслэсэн гэж болох Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  УИХ-аар хэлэлцэж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогын чангаруулах өөрчлөлт туссан байна. Өмлөөгчийн хувьд үүний нөлөөллийг хэрхэн харж байна даа?

-УИХ-аар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд томоохон бодлогын шинжтэй өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зайлшгүй хийх шаардлагатай байсан зөв зүйтэй өөрчлөлтүүд орохоор байна. Харин Эрүүгийн хуулийн хувьд судалгаанд үндэслэн өөрчлөлт оруулах шаардлагатай юм болов уу. Хэт яарч, нийгмийн сэтгэл зүйд таалагдах өөрчлөлт оруулах заалтууд харагдаж байна. Үндсэндээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд олон нийтийн сүлжээн дэх нийгмийн бухимдал дээр үндэслэн хэт яараад, хүндрүүлсэн заалтууд оруулчихав уу. Хоёр дахь нь согтуурсан үедээ автомашин жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлэхээр төсөлд тусгасан байна. Зарчмын хувьд томоохон өөрчлөлтүүдийг дурдвал, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ 20 жил байдаг. Үүнийг 25 жил болгож нэмэгдүүлэхээр байна. Хөөн хэлэлцэх хугацааг хүүхэд, жирэмсэн хүний эсрэг гэмт хэрэг дээр нэмэгдүүлсэн. Энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгоно өөрчлөхөөр оруулжээ.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн мөлжлөгө хийх, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа 12 жил байдаг бол 30 жил болгож өөрчлөхөөр байна. Хорих ялын хэмжээг 20 жил байсныг 25 жил, эсвэл бүх насаар нь гэж зүйлчилжээ. Дээр нь авлига, албан тушаалын хэрэг болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнд өршөөл үзүүлэхгүй.

-Ер нь ялын бодлого чангаллаа гээд гэмт хэргийн гаралт буурдаг уу?   

-УИХ-аас 2015 онд баталж, 2017 оноос хэрэгжүүлж буй Эрүүгийн хууль өөрөө ялын бодлогыг зөөлрүүлсэн. Дэлхийн эрүүгийн хууль буюу эрх зүйн хөгжил өндөр улсуудын хуулиас үндэслэсэн загвар эрүүгийн хууль байдаг. Тэр хуулийг заавал, хуулбарлаж дагах албагүй. Гэхдээ судалгаа, тооцоотой сонгож болох зөв хувилбар гэж санал болгосон хууль байгаа юм.

Үүнд үндэслэн эрүүгийн хуулийн ялын бодлогыг хөнгөрүүлэх нь зүйтэй. Ялын төрлийг нэмэгдүүлэхгүй бол хэт олон хоригдолтой болсон гэдэг тодорхой үндэслэлүүдээр ялын бодлогыг хөнгөрүүлсэн. Үүнийг буцаагаад хүндрүүлж байгаа юм байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ЭНЭ ЖИЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН НЭМЭГДЭЛ ТӨСӨВТ АЧААЛАЛ ӨГЧ БАЙНА"

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. 


-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. Ирэх оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж байна. Бусад намын бүлгээс төсвийн зарлагыг өсгөсөн, гишүүдийн хүслийг биелүүлсэн төсөв орж ирлээ гэдэг асуудлыг хөндөж байна. Та төсвийн төсөлтэй танилцсан байх. Ирэх оны төсвийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Нүүрс улсын төсвийн гол орлогын гол хэсэг болж байна. Ахиу үнээр худалдаалдаг болсонтой холбогдуулж улсын төсвийн орлого нэмэгдэж байна. Энэ жил 50 сая тонн нүүрс экспортолно гэсэн бол одоогийн байдлаар 52-53 сая тонн гарчхаад явж байна. Ирэх жил 60 саяыг экспортолно гэж байна. Зөвхөн ирэх жилд зориулж төсвийг тэлээд, тэр хэрээр зарлага нь нэмэгдээд байгаа биш шүү дээ. Эдийн засаг маань өөрөө цар тахлын нөхцөл байдал хүндрэлээс салаад, эдийн засгаа тогтворжуулах, цаашлаад цар тахлын өмнөх хэвийн байдалдаа орох тал руугаа явж байна. Тиймээс сонгуулийн урьд жил болохоор төсвийг зориудаар тэлж, орлого, зарлагыг нэмэгдүүлээд байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Эдийн засгийн чиглэлээр авсан ажлын үр дүнд боомтын сэргэлт сайжирч байгаа. Нэг, хоёр боомтоор гардаг байсан бол хэд хэдэн боомтоор гардаг нөхцөл бүрдсэн. Төмөр замуудаа холбох эхний шатны гэрээ, хэлэлцээр хийгдэж амжилттай явж байгаа. Товчхондоо эдийн засаг сэргэж байна. Энэ болгон чинь улсын төсвийг тэлэх суурь шалтгаан болж байна. Эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан. Тоо худлаа хэлэхгүй байх. Хоёр жилийн өмнө бид ямар байдалтай байлаа. Эдийн засгийн өсөлт гэж ярихаас илүүтэй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ яаж цагтаа тавих вэ гэдэг асуудалтай тулж байсан. Харьцангуй богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарч байна. Энэ нь нэг талаар сайн биз дээ. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хувьд 9.7 хувийн уналттай байна. Бусад салбарын хувьд үйлчилгээ, худалдааны салбар, нийтийн аж ахуй, тээвэр, уул уурхай, аялал жуулчлалын салбарууд дээр өсөлтүүд гарч байгаа. Энэ бол Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн.

Тиймээс ирэх жил 25 их наядын орлоготой, 27 их наядын зардалтай, 2.1 их наядын алдагдалтай төсөв батлаад явж байна.

-Сонгуульд зориулсан төсөв гэдэгтэй та санал нийлэхгүй байгаа юм байна. Эдийн засагчдын зүгээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин тэтгэврийг нэмэхээр инфляцыг хөөргөдөх сөрөг талтайг хэлж байгаа. Ер нь цалин тэтгэврийг сонгуулийн өмнө нэмэгдүүлэх нь санал худалдаж авах гэсэн оролдлого юм биш үү? 

-Амьдрал хэцүү байна, эдийн засаг хүндрэлтэй байна гэж зөндөө ярьдаг. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ард иргэдийг дэмжсэн бодлого ерөөсөө л цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлого шүү дээ. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг яаж ард иргэдэд ойртуулах юм гэхээр цалин тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд төсвийн орлого 1.8 их наядаар давсны 90 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмждээ зориулсан. Энэ 90 хувийн нэмэгдлийн зөрүү ирэх 2024 оны төсөв дээр ачаалал болж ирж байгаа. Энэ оны долдугаар сарын 1-нээс цалин тэтгэврийг нэмэгдүүлчхээд ахиад зургаан сарын дараа буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалин тэтгэврийг шууд нэмэгдүүлэх нь таны хэлдгээр инфляцид нөлөөлнө. Хэдийгээр Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан ч гэсэн хэрэгцээ байгаа учраас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлье гэдэг шийдвэрийг гаргаад явж байна. Нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх, дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх тэнгэр газар шиг ялгаатай. Ард иргэдийн зүгээс болдог сон бол өнөөдөр ч магадгүй тодотгол хийгээд оны өмнө нэмэгдүүл гэдэг хэрэгцээ шаардлагыг тавьж магадгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ТЭТГЭВЭР НЭМЭХ НЬ САНАЛ ХУДАЛДАЖ АВАХ ГЭСЭН УРХИ, ЗАНГА, ЗАЛЬ"

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Монгол улсын Засгийн газраас өргөн барьсан 2024 оны улсын нэгдсэн төсөв УИХ-аар хэлэлцэгдэж байна.  Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдгээрээ онцлог. Та ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна?

-Ганцхан би ч биш эдийн засагчид болоод улстөрчид данхайсан, сонгуулийн төсөв гэж дүгнэж байна. Миний хувьд татвар төлөгчдийн мөнгөөр УИХ-ын өнөөгийн гишүүдийн ирэх оны сонгуулийн сурталчилгаа хийхэд зориулагдсан, хамгийн хариуцлагагүй төсөв гэж дүгнэж байгаа.  Дэлхийн улс орнууд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралт нөхцөл байдлаа даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогоо чангаруулж, төсвийн зардлаа танаж, алдагдалгүй байхад маш ихээр анхаарч байна.

Гэтэл Монгол Улсын хувьд 2023 оны төсөв өмнөх оноосоо 34 хувь, 2024 оных 31 хувь буюу нийт дүнгээрээ 65 хувиар тэлжээ. Ингэж төсвөө огцом тэлсэн улс НҮБ-д бүртгэлтэй 193 орны дундаас Монголоос өөр улсыг хайгаад олохгүй.

Ирээдүйд Засгийн газрын гадаад өр нэмэгдүүлэх, дунд хугацаанд валютын ханшийг хөөрөгдөж, инфляцийг нэмэгдүүлж дундаж давхрагыг үгүй болгох, аж ахуй нэгжүүдийг үүд хаалгаа барих, ажилгүйдэл ядуурал нэмэгдэхэд түлхэц болсон гамшигт төсөв УИХ-аар батлагдах гэж байна.

-Гамшигт төсөв байтугай эдийн засаг тэлэх учраас таван их наядаар зарлагаа тэлсэн, төсвийн шинэчлэл хийсэн “гайхамшигтай” төсвийн төсөл болсон гэж Засгийн газраас танилцуулж байгаа шүү дээ?

-Эрх баригчид ирэх оны төсвийг төлөвлөхдөө сонгуулийн зардлаа гаргаж авахыг л чухалчилжээ. Үүнийг нийт зарлага огцом өссөн дүнгээс харж болно. Угтаа төсвийн орлогоо зөв тооцоолоод түүндээ тохирсон зардал гаргах учиртай. Харамсалтай нь, эрх баригчдын хувьд толгойгоороо хөл хийж буйн жишээ бол эхлээд гишүүдийнхээ таалалд нийцсэн зарлагаа зураад л ороод ирлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны нийт зарлага 13.9 их наяд төгрөг байсан нь ердөө дөрөвхөн жилийн хугацаанд буюу 2024 онд 27.4 их наяд төгрөгт хүрч хоёр дахин данхайсан. Тоо хэзээ ч худлаа ярьдаггүй. Хэрвээ эрх баригчдын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сөхөж харвал ядуурлыг хоёр дахин бууруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн амлалт дурайж байгаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ДАГАЛДАХ ХУУЛИУДААР ХУЛГАЙГАА ХУУЛЬЧЛАХ ГЭЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Та УИХ-ын чуулганаар Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг дагалдан орж ирж байгаа хуулиудад илт хулгайн шинжтэй өөрчлөлтүүд орж ирж байгааг мэдэгдсэн.  Жишээ нь, ямар, ямар өөрчлөлт илэрхий хулгайн шинжтэй байна вэ?

-Төсвийг дагасан хуулиуд дунд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах (ТБОНӨХБАҮХА) тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тендерийн хууьд маш тодорхой ноцтой заалт оруулахаар багтаасан байна. “Стратегийн орд эзэмшигч төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсвэл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах тендер шалгаруулалт зохион байгуулж болно” гэдэг заалт орсон байна. Энэ заалтаар яагаад хэн нэгний компаниар шууд стратегийн орд газрын хайгуул, олборлолтыг хийлгэх гээд байгаа юм.

Мөн энэ том асуудлыг яагаад заавал төсвийн хуулийг дагалдуулан оруулж ирсэн бэ гэдэг асуулт гарч иж байгаа. Уул уурхайн салбар, цаашлаад Монголын ард түмний эрх ашгийг хөндөж байгаа маш том асуудал шүү дээ.

Эрх баригчид хуулийн хулгайг төсөв дагуулан хийдэг мэргэшсэн арга барилтай болсон байна. Өнгөрсөн жилүүдэд тендерийн хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулан хийж ирсэн. Улмаар КОВИД-19 цар тахлын үеийн шууд худалдан авалтууд хэрээс хэтэрсэн. Зөвхөн 2022 онд шууд худалдан авалт хийсэн дүн 2.5 их наяд төгрөг байна. Энэ нь хэн нэгэн дарга төрийн нэрийн өмнөөс шууд гэрээ байгуулан төсвийг үр ашиггүй зарцуулах нөхцөл бүрдүүлсэн. Одоо энэ байдал төрийн өмчит стратегийн ордууд руу орж байна. Олон их наяд төгрөгийн өртөг бүхий хайгуул, олборлолт хийх эрхийг хэн нэгэнд олгох эрхийг төрийн өмчийн компанийн захирал олж авах гэж байна. Цаана нь Засгийн газар байгаа.

-Хугацааны хувьд яагаад заавал 10 жилээр гэрээ байгуулна гэж оруулж ирсэн гэнэ вэ. Та энэ асуудлаар тодорхой тайлбар авч чадав уу?

-10 жилийн гэрээг урт хугацааны гэж үздэг. Үүнийг яагаад нэг, хоёр жилээр хийгээд, сунгаад явж болохгүй байгаа юм. Яагаад заавал 10 хүртэл жил гэж оруулж ирэв. Тэгэхээр энд асуудал байгаа биз. Энэ бол ямар нэгэн тодорхой уул уурхайн ордод зориулсан хууль гэсэн үг. Шууд утгаараа шүү. Харин ард нь яг аль уурхай байгаа юм, мэдэхгүй. Миний хардаж байгаагаар Дорноговь аймагт байгаа Баянбогдын уурхайг ашиглах юм болов уу. Үүнийг хэн нэгэнд олгох гээд байгаа юм биш биз дээ. Нийслэл метро, хөнгөн галт тэрэг бариулна гээд нийслэлийн 66 хувийн өмчит “Эрдэнэс Баянбогд” гэдэг компани байгуулсан. Төсөв дагуулаад ийм хууль оруулаад ирлээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ҮНЭН ЮМ ГЭЖ ГАНЦ Л БАЙДАГ ЮМ БАЙНА"

 Хуучны зургийн аппарат, камерны хайрцаг хэрэгсэл умгар өрөөнийх нь булан тохойд өрөөстэй. Нүдэнд торох тавилга нь номын тавиур аж. Гэрийнх нь дийлэнх зайг эзэлсэн номын тавиур дүүрэн ном өрөөстэй. Насаараа багш хийсэн буурал хэн нэгний хажуу өрөөнд амьдарч суугааг харахад тийм гэхийн аргагүй гуниг төрөх. Тэрбээр өвөл, зунгүй зуслангийн байранд амьдардаг. Харин ид хүйтний үед хотод хажуу өрөө түрээсэлж амьдардгаа нуусангүй. 

"Би байдаг бүхнээ Малайзын эрх мэдэлтнүүдтэй тэмцэхэд, охиныхоо хэргийг шударгаар шийдүүлэхэд зарцуулаад дууссан" хэмээн ярих  С.Шаарийбууг МУИС-ийн багш гэдгээр нь хүмүүс сайн таних биз. Харин тэрбээр баримтат киноны яггүй найруулагч, яруу найрагч, орчуулагч, зураач, зохиогч, зураглаач гээд нэг биедээ ахадсан олон ажлыг хийж, бүтээсэн сонин хувь тавилангийн эзэн. 

“Тэрэлж орчимд Туул гол дээгүүр гүүр барьж, дээр нь Монголынхоо нэртэй эрдэмтэн, судлаач, академич, зохиолчдын гэр музейг байгуулна. Ингэхдээ ганц нэгхэн шүлэг бичсэн, хэн дуртай хүний намтар түүхийг дэлгэхгүй, өндөр шалгуур тавина. Тойрог хэлбэртэй гэр музейн гол хэсэгт усан оргилууртай. Оргилуур дунд эрдэмтэн судлаачид чуулж байгаа уран барималууд чимнэ. Тэнд заавал зорин ирж, тоглолтыг нь үздэг урлагийн “одод” хүрэлцэн ирж, цөөн тооны үзэгчдэд тоглоод л…Хойморт нь цагаан, ногоон дарь эх заларч, тэнд охиныхоо хөргийг байрлуулна” энэ бол түүний мөрөөдөл. Сэтгэлд нь аль хэдийнэ зураг төсөл нь бэлэн болчихсон. Одоо ажил хэрэг болгох л үлдээд буй. Энд тэндээс дуулж, сонссон санаа “хулгайлдаг” дэвтэр дээрээ хааяа нэг толгой холбоно. Тэр дунд охиндоо зориулан бичсэн дөрвөн мөрт шүлгээ уншлаа.


Дошгин хувь тавилантай дууссан ч

Доргитол хэлүүлж мөнхөрсөн

Долоон бурхны оройд байх морь жилтэй

Домог биш ч үнэнд үлдсэн охин минь

Охин нь морь жилтэй байжээ?

-Тийм ээ. Ер нь морь, бар, луу жилтэй эмэгтэй хүн хэцүү л дээ.

-Яагаад?

-Морь бол эр хүний унаа. Бас цэрэг хүний унаа. Монголчууд дэлхийн талыг морин дээрээс туулсан ард түмэн. Гэтэл эмэгтэй хүн мориндоо мордож, жолоо цулбуураа нэг барьвал хүрэх газар хол, буух газар амаргүй гэсэн байдаг. Бас бодмоор л юм билээ. Эмэгтэй хүн эмнэг морь сургаад байдаггүй шүү дээ.

Охиныгоо төрдөг жил хийсэн бичлэгүүд байдаг юм. Гадна дотныхон тэр бичлэгийг тань ашиглая, барья гээд гуйдаг. Охиныхоо сэвлэгийг нь үргээсэн, хүүгээ төрүүлж байгаа бичлэг ч бий. Хожим үр хүүхдэд нь үлдэх биз.

-Та одоо хэнтэйгээ амьдарч байна?

-Зээ хүү маань том болж, бие даагаад амьдардаг болсон. Ганцаараа гэртээ ном эргүүлж, юм бичиж сууна даа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж