Герман улс Украины хилээс 50 км зайд Польшийн нутаг дэвсгэрт гурван "Патриот" пуужингийн систем байршуулсан байсан. 2022 оны арваннэгдүгээр сард Польшийн хил дагуух Пржеводов тосгон пуужингийн цохилтод өртсөний дараа уг системийг байршуулжээ.
Гэвч пуужингийн системүүдийг буцааж татах бодолтой байгаагаа Германы Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Эдгээр пуужинг 2024 онд НАТО-ийн шуурхай хариу арга хэмжээ авах хэрэгцээнд ашиглана. Мөн засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Тиймээс Польшийн нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн байршуулах боломжгүй гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Польшийн Замоск дахь "Патриот" пуужингийн систем болон Украинтай холбогдсон чухал төмөр замын хамгаалалтад зориулж 300 орчим герман цэргийг он гарсаар дайчилсан байна.
ОХУ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд Украинд томоохон пуужингийн цохилт өгөх үед Пржеводов тосгоны ферм рүү пуужин унаснаар хоёр хүн амь үрэгдэж байв. Пржеводов нь Украины хилээс таван км зайд оршдог. Тэр өдөр Оросын арми Украины чухал дэд бүтэц рүү 90 гаруй пуужин харвасан. Пуужинг Орос, Украины аль талаас харвасан болох дээр багагүй хугацаанд маргалджээ. Польшийн Гадаад хэргийн яам пуужинг Оросоос харвасан гэж тухайн үед мэдэгдсэн юм. Харин ерөнхийлөгч Анджей Дуда "Энэ халдлагыг зориудаар үйлдсэн шинж тэмдэг илрээгүй. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийх байж болзошгүй" гэжээ. Ерөнхийлөгч Зеленский уг пуужинг Украиных гэдгийг үгүйсгэсэн бөгөөд мэргэжилтнүүдээ хэргийн газарт илгээсэн. Хожим нь Олон улсын хамтын нийгэмлэг энэ үйл явдлын бүх хариуцлагыг ОХУ-д хүлээлгэсэн ажээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ