Энэтхэг, Пакистаны цэргүүд газар нутгийн маргаантай Кашмир дахь өндөр цэрэгжүүлсэн хилд харилцан буудалцаж, их буугаар галлажээ. Мөргөлдөөн Пүрэв гаригийн өглөө болтол үргэлжилсэн бөгөөд Энэтхэгийн армийн хилчин амь үрэгдсэн байна.
Пакистаны цэргүүд Лхагва гаригийн шөнө өмнөд Жамму бүс дэх хилийн пост руу миномёт, пулемётоор буудсан гэж Кашмирын Энэтхэгийн хяналтад байдаг хэсгийн эрх баригчид мэдэгдсэн бөгөөд халдлагыг өдөөн хатгаагүй гэдгээ гэдгээ онцолжээ. Мөн Энэтхэгийн Хилийн аюулгүй байдлын албаны мэдэгдэлд, цэргүүд "зохистой хариу өгсөн" бөгөөд нэг хилчин амь үрэгдсэн гэжээ.
Энэ талаар Пакистанаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гималайн бүс нутаг болох Кашмирт хилийн мөргөлдөөн үүсгэсэн гэж хоёр тал тогтмол нэг нэгнээ буруутгадаг. Тухайлбал, өнгөрсөн сард Энэтхэгийн хоёр хилчин, гурван энгийн иргэн Пакистантай хил залгаа нутагт мөргөлдөөний үеэр шархатжээ.
Энэтхэг, Пакистан хоёр Кашмирын асуудлаар удаан хугацааны турш зөрчилтэй харилцаатай байсан. Тэд 1947 оноос хойш гурван удаа дайтсан бөгөөд хоёрт нь газар нутгаа нэхэмжлэн тулалджээ. Кашмирын Энэтхэгийн хяналтад байдаг хэсэгт зэвсэгт этгээдүүд 1989 оноос хойш Энэтхэгийн ноёрхлын эсрэг тэмцсээр ирсэн. 2003 онд хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч байнгын мөргөлдөөн байсаар ирсэн.
Цөмийн зэвсэгтэй орнуудын маргаантай хил нь тэдний армиар хамгаалагдсан "Хяналтын шугам" гэж нэрлэгддэг 740 км тэгш бус, уулархаг хэсэг юм. Хоёр улс Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир болон Пакистаны Пунжаб мужийг тусгаарладаг 200 километрийн нарийвчлан тогтоосон хилийг хамгаалдаг тусдаа хагас цэрэгжүүлсэн хилийн хүчинтэй.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ