УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн/2023.11.10/ хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ Монгол Улсын 2024 оны төсвийг батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ингэхдээ төсвийн төслийг зүйл заалт бүрээр уншиж, санал хураалт явууллаа.
Монгол Улсын 2024 оны төсвийн хууль батлагдсанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцжээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиуд нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
"Хуульчлагдсан авлигалыг баталгаажуулж байна"
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ нэг зүйл дээр гайхаж байна. 2022 онд л гэхэд энэ санд хоёрхон тэрбум төгрөг гүйцэтгэлээр орсон байна. Архи, тамхи, эмийн татвараас ийм мөнгө орно гэдэг бага л даа. 1-2 хувь гэдгийг өөрчилж болохгүй юм уу. Эрүүл мэндийг муутгаж буй гол шалтгаан бол архи, тамхи, эмийн буруу хэрэглээ, утаа байна. Үүнийг өргөтгөх боломжийг судлаач. Энэ сангийн зарцуулалт үнэхээр зөв байсан уу? Дараагийнх дээр нь яах вэ гэдгээ гаргах ёстой. Сангийн багахан мөнгөөр их хэмжээний сурталчилгаа хийх боломжгүй. Улс орнууд чихрийн шинжтэй тэмцэхдээ чихэрлэг ундааны хэрэглээний судалгаа хийж байна. Үүн дээр тусгай татвар тавьж байна. Мөн агаарын бохирдлоос болж иргэдийн эрүүл мэнд муудаж байна. Агаар бохирдолтой тэмцэх сангаасаа мөнгө авч болдоггүй юм уу? Монголдоо эмчилгээ нутагшуулна гэдэг зөв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Өнөөдөр 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, дагасан хуулиуд батлагдах гэж байна. Энэ бол үнэндээ хууль зөрчсөн хэлэлцүүлэг явж байна. 2024 оны төсвийг өргөн барихдаа хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барих ёстой. Өнөөдөр батална гээд байгаа нь УИХ хууль зөрчиж хэлэлцэнэ гэдэг Үндсэн хуулийн асуудал, Цэц дээр очно шүү. Ардчилсан намын бүлгийн зүгээс хуульчлагдсан авлигалыг баталгаажуулж байгаа гэж үзэж байна. Монгол Улс авилгатай тэмцэнэ гэдгийг дээр дооргүй л ярьж байгаа. Төрийн мөнгө, төсвийн мөнгө нэмэгдээд байхаар авлигал буурах уу? Гурван зүйлийг хэлье. Нэгдүгээрт, төсвийн үр дүнд үнийн өсөлт даамжирна. Доллар, юанийг дэмжинэ. Төр томорч байгаа учир бизнесүүд шахагдана. Сонгуульд зориулсан төсөв болж байна. Хоёрдугаарт, хуульчлах замаар хулгай хийж байна. Биржийн тухай хууль бий. Ил тод арилжаа хийе гэсэн. Төрийн өмчит компаниуд биржгүйгээр арилжаа хийх хууль оруулж ирж байна. БЭТ нь хүчингүй хуулиар томилогдож байна. Нууцат оруулдаг байсан бол одоо хуулийн хүрээнд хулгай хийх гэж байна. Тиймээс Ардчилсан намын бүлгийн зүгээс нэг хоногийн завсарлага авах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Тогтохсүрэн:
-Эхэлж хуулиа баталж байгаа. Өнөөдөр төсөв батлахдаа дагасан хуулиа батална. Үүний дараа төсвөө батална. Хууль зөрчинө гэвэл та холбогдох байгууллагад нь хандаарай. 30 жил яваад ирсэн жишиг практик энэ. Үүгээр л Засгийн газар өргөн барьсан гэж бодож байна. УИХ хууль зөрчсөн зүйл байхгүй. Бусад асуудал нь Ардчилсан намын эсвэл С.Цогтгэрэл гишүүний байр суурь гэж харж байна.
УИХ-ын гишүүн Тэмүүлэн:
-Төсвийн хүрээний мэдэгдэл бол Монгол Улсын төсвийн дунд хугацааны бодлогын баримт бичиг. Бид нар төсвийн сахилга бат болон засаглалыг сайжруулах үүднээс УИХ төсвийн шинэчлэлийн хуулиудыг баталсан. Энэ хуулийн өөрчлөлтийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах босго шалгуурыг өндөр болгосон. Өнгөрсөн 10, 15 жилийн хугацаанд явж ирсэн нийтлэг шинж нь төсөвд нийцүүлэн өөрчилдөг. Нэг талдаа буруу жишиг. Цаашид өөрчлөхгүй байх зохицуулалтыг хуулийн хүрээнд хийсэн.
"Эрүүл мэндийн яамны авилгачдыг явуул, шүүрд"
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Засгийн газар тусгай 25 сантай. Нөөц сангаас нь бусад бүгд зөрчилтэй. 6-7 хувийн эргэн төлөлттэй. С.Чинзориг сайдыг дэмжиж байгаа ч сангийн асуудлыг дэмжмээргүй байна. Төсөв дээр нь мөнгийг нь тавимаар байна. Тэгвэл сайд өөрөө ч хяналтаа тавина. Сангууд дээр гарч байгаа асуудал гэвэл дунд шатныхан дээр гарч буй найр. Зүгээр найрладаг. Таньдаг, авлигал өгдөг хүмүүстээ л сангийн мөнгийг өгнө. Сайд шалгах боломжгүй. Зөвлөл байгуулсан ч нэг ангийхан ороод сууна. Энэ сан таван жилийн дараа зөвлөлийнхөн нь шоронд суугаад л явна.
Хоёрдугаарт, Солонгосын орчин үеийн эмнэлгийн тогтолцоог бий болгосон хүмүүс нь 150. АНУ-д очоод арван жил ажиллаад л эргэн ирээд орчин үеийн тогтолцоог бий болгосон. Хоёр аргын нэгийг нь хэрэглэе. Нэг бол топ таван эмнэлгийнхээ нэгийг Азийн топ эмнэлэгт урт хугацааны менежентэд өгмөөр байна. Одоо эмнэлгүүд ашигтай ажиллаж байгаа. Нэг бол эндээс гадагшаа эмч, сувилагч нараа явуулж дадлагажуул. Засгийн газар цар тахалтай холбоотой асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гоё байшин, сүүлийн үеийн тоног төхөөрөмж байна. Эмч нар чинь ажиллуулж, оношилгоогоо сайн хийж чадахгүй байна. Гэхдээ бүгд биш шүү. Зүрх судас, нуруу, өвдөгний эмчилгээ сайн байна. Технологи гэдэг чинь хүн ш дээ. Ажлыг хийх сурах явцыг л технологи гэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Таны болгоомжлолыг ойлгож байна. Гэхдээ асуудал байна. Технологи нэвтрүүлэх зардлыг шийдэхэд 50 тохиолдол хийсэн байх ёстой. Энэ зардлыг тухайн эмнэлэг өөрөө шийд гэхээр урам зориг алга. Тиймээс зардлыг нь шийдэж өгье. Төр өөрөө чадахгүй байна гэж тушаал гаргасан ч гадагшаагаа яваад ирэхээр чинь тавхан хувийг нь өгье гэдэг утгагүй. Журмыг нь эрсдэлгүй, цоорхойгүй хийх юмсан. Тиймээс гишүүд дэмжээд өгвөл зүгээр байна. Өмнөх сангууд шиг болчихвий гэж болгоомжлоод л байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Та сангийн асуудлаа явуулах гэж байгаа бол яаман дээр "5Ш" хөтөлбөрийг хэрэгжүүл. Авилгачдаа явуул, шүүрд. Бид нар Витамины хуулийг мэдэж байгаа. Ард түмэн мэдэж байгаа. Хоёрдугаарт, эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг хэн нэгэнд гуравдагч этгээд борлуулахыг хориглосон. Гэтэл шуурхай зар дээр зөвшөөрөл зарна гээд байж байна. Танай яамныхан үүнтэй холбоотой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
–Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гадаад улсад эмчлүүлэх иргэдэд олгох дэмжлэгт жил бүр 500 сая төгрөг баталж, 520 иргэнд дэмжлэг үзүүлсэн юм байна. 2022 онд яаман дээр 81 иргэн дэмжлэг хүсэхэд 18-д нь олгожээ. Тэгэхээр азын сугалаа шиг л ойлгогдож байна. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 826 иргэн байгаа юм байна. 26 төрлийн өвчний өвчлөгсдийг гадаад руу явуулах нь чухал. Гэхдээ ганцхан Солонгос руу 300, 400 саяар нь хөрөнгө оруулалт хийж болохгүй л дээ. Олон эмнэлэг рүү гэрээ хийж явуулах нь чухал. Турк руу ч зардал, чирэгдэл нь бага юм байна лээ. Зуучилдаг хазгай, муруй хэлтэй хүмүүс байна. Үүнийг анхааралдаа аваарай. Технологи сайжирвал эмч нараа бэлтгэмээр байна. Нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч, туршлага судалмаар байна. Хуулийн төслийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
-Үнэхээр хэрэгцээтэй байгаа хүмүүстээ хүрвэл хэрэгцээтэй сан. Ялангуяа манай Баян-Өлгий аймгаас маш олон хүүхэд, ахмадууд гадагшаа явах шаардлагатай байдаг. Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалт явуулахдаа засвар үйлчилгээг нь давхар гүйцэтгэдэг байгууллагуудад өгмөөр байгаа юм. Үнэтэй авчихсан тоног төхөөрөмжөө засч чаддаггүй. Агуулахаар дүүрэн үнэтэй тоног төхөөрөмж байж байдаг. Завсар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн асуудлыг нь давхар аваад явах хэрэгтэй. Хөдөө сумдад эхо аппаратууд байдаг ч сэлбэг хэрэгсэл таардаггүй. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын хамрагдалт хөдөө орон нутагт сул байна. Үүнийг сурталчилмаар байна.
Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооноос ухарч болохгүй.
"Бүхэл бүтэн Монгол Улсын эрүүл мэндийг дэмжих сан ердөө аравхан тэрбум"
УИХ-ын гишүүн Б.Бейсен
-10 тэрбум арай бага байна. Бүхэл бүтэн Монгол Улсын эрүүл мэндийг дэмжих сан ердөө аравхан тэрбум. Гэтэл нэг аймгийн, нэг сумын Богд Зонхов 30 гаруй тэрбум хуваарилдаг. Гэтэл Монгол Улсын эрүүл мэндийн салбар аравхан тэрбум. Тэгэхээр гадаад явахгүй гээд яах юм бэ? Энэ дээр анхаарах цаг болсон. Гол нь хэд хэдэн заалт байна. Би эрүүл мэндийн салбарын анхан, дунд шатанд ажиллаж байсны хувьд сурталчилгаа хангалттай явсан. Анхан, дунд шатандаа анхаарах хэрэгтэй. Тоног төхөөрөмж дутагдалтай байгаа нь үнэн. Вакуумжсан өрөө алга. Энэ салбарт анхаарах хэрэгтэй. Нэг нэмэх санал байна. Дунд сургууль дээр эрүүл мэндийн хичээл орох хэрэгтэй. Эмийн зохистой хэрэглээн дээр агентлаг байна. Эд нар сурталчилгаа хийх хэрэгтэй. Эмч нарын сурах асуудал дээр хэдэн жилийн өмнө 1.7 тэрбум төгрөг тавиад цөөхөн хүн л явсан. Нөлөөлөх хүчин зүйлийг судална гэсэн байна. Сангийн хөрөнгө зарцуулах шалгаруулалт, журам тодорхой болсон уу? Өвчлөл нэмэгдэж байна. Нөгөө талаар Ж.Чинбүрэн гишүүний ярьсан дээр санал нэг байгаа. Гадаад орнуудын эрүүл мэндийн даатгалын сангууд хоорондоо гэрээ хийх асуудал чухал байгаа. Солонгос, Энэтхэг, Туркийн даатгалын сангуудтай гэрээ хийх шаардлагатай байна. Тэгвэл хөнгөлөлттэй тусна. Ажлын байрны сургалтыг хийе. Орон нутагтаа арга барилыг нь заая.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Чамлахаар чанга гэдэг дээ. Энэ жил төсөв дээр эрүүл мэндийг дэмжих санд хоёр тэрбум төгрөг хуваарилсан. Одоо хөөцөлдөж байгаад л тав дахин нэмэгдүүллээ. Энийг одоо чамлаад яах вэ? Гол нь бусад сангууд шиг буруу зарцууллаа гээд буруу нэртэй болгохгүй гэдэгт л санаа зовоод байна. Журмыг нь Засгийн газар батална. Шинэ технологи гэж ямар технологийг хэлэх вэ гэдэг асуудал. Гарцыг нь олох асуудлууд олон байна. Хавдартай тэмцэх ажил зөвхөн эрүүл мэндийн яамны асуудал биш. Нөлөөллийн ажлыг хийх хэрэгтэй байна. Уушигны хавдраар өвчилж буй иргэдийн 40 хувь нь агаар орчны бохирдлоос үүдэлтэй гэсэн. Шалтгаануудыг нь зөв оношилно гэдэг салбар хоорондын зохицуулалт. Манайд асар их хэмжээний тоног төхөөрөмж байна. Ашиглалт муу байна. Гол нь засвар үйлчилгээг нь өөрсдөө хийж чадахгүй байна. Тиймээс ашиглалтыг сайжруулж, засвар үйлчилгээг хийх тал дээр анхаарна.
Ажлын хэсэг:
-Б.Бейсен асуултад хариулахад эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг 4-12 дугаар ангиудад бүрэн орж байгаа. Эрүүл мэндийн салбараас хичээлийн агуулгад санал өгөөд явж байгаа. Таван яамны хамтарсан нөлөөллийн ажилд эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах ажил бий. Мөн тусгай сангийн одоогийн хуулин дээр халдварт болон халдварт бус өвчний үүсгэгчийн хүчин зүйлст судалгаа хийх ажил байгаа.
Хавдраар өвчилсөн иргэдийн 74 хувь нь хожуу оношлогдож байна
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Бид чухал сэдэв ярьж байна. Сайд ч Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаад талархалтай байна. Технологийн дэвшлийг авчрахын тулд заавал хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эмнэлгүүд өөрсдөө авчрах боломж хязгаарлагдмал. УИХ-ын үндсэн том зорилго нь ард иргэддээ санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр дэлхийн шилдэг технологиудыг нэвтрүүлнэ гэж бодож байгаа. Яг энэ чиглэлд энэ сангийн үйл ажиллагаа зарцуулагдана гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Монгол битгий хэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч иргэдээ гадаад руу даатгалын системээрээ явуулж эмчилдэг. Тухайлбал, арван жилийн өмнө Англи улс өвдөгний үе солих хагалгаагаа Герман руу явуулж, даатгалын тогтолцоогоороо хямд эмчлүүлж байв. Нэгэнт эмчилж чадахгүй байгаа учир даатгалын системээ дэлгэрүүлэх хэрэгтэй. Сайн жишгийг дуурайх ёстой. Эрүүл мэндийн яам бодлогоор дэмжих хэрэгтэй. Эмчилж чаддаг эмнэлгүүдтэй монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгох хэрэгтэй. Аажимдаа Монголдоо өөрсдөө хийх хэрэгтэй. Бидэнд сайн туршлага бий. Олон өвчнүүдийг эмчилдэг болсон. Хуулиа баталвал ямар журам байх вэ? Зөвлөл байгуулах ёстой. Зөвлөлөөр дамжуулж шийдвэр гарах ёстой. Элэг сольдог болсон гэж байгаа ч цусны бүлэг ижил биш бол сольж чадахгүй л байгаа. Тиймээс мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргах хэрэгтэй. Хүүхдийн өвчний 50 хувийг даая гэж байна. Энэ зөв. Гэхдээ нэгэнт Монголд эмчилж чадахгүй байгаа гэж байгаа бол 100 хувь байлгах эрэл хайгуулыг хийх хэрэгтэй.
Хорт хавдруудыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой. Хорт хавдрын хөтөлбөрөө дэд бус үндэсний хөтөлбөр болгооч. Элэг, ходоод, уушиг, улаан хоолойны хавдруудыг эрт илрүүлж чадаж байна. Умайн хүзүүний хорт хавдрын вакциныг товлолт вакцинд оруулж чадлаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Хуулийн төслийг дэмжиж байгаад талархаж байна. Гол нь шинэ технологи нэвтрүүлэх ажилд гол анхаарна. Олон жил яригдаж байгаа асуудал. Технологи нэвтрүүлэх зардлын асуудлыг шийдэхгүй бол явахгүй байна. Нэг технологи нэвтрүүлэхэд доод тал 50 тохиолдол хийгдэнэ гэсэн. Үүнийг хийхгүйгээр явахгүй. Би мэргэжлийн бус хүн ч үүнийг шийдье гэж бодож байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг батлахдаа эрсдэл үүрэхгүйгээр муу нэртэй болгохгүй байх нь миний толгойны өвчин болж байна. Танил тал, албан тушаалтнууд авдаг сан болохвий гэж санаа зовж байна. Бид цаашдаа нөлөөллийн ажлыг сайн хийх хэрэгтэй юм байна лээ. Хавдраар өвчилсөн иргэдийн 74 хувь нь хожуу оношлогдож байна. Бараг л эцсийн шатандаа очоод оношлогдож байна. Тиймээс шинэ технологи нэвтрүүлэх эрс шинэчлэлт хийх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Таны хэлж байгаа зөв. Юм эхлэхэд хэцүү байдаг. Эхэлсний дараа энгийн болдог. Нойр булчирхайн хагалгааг Монголд нэвтрүүлэхэд 220 сая төгрөгний дэмжлэг авч байлаа. Эмчлээд эмчлээд үр дүн гарахгүй болсон хүмүүс маань эмч нартаа итгэхгүй гадаад явж хайнаа хагална гэдэг. Ийм өвчнүүдийг санхүүжүүлнэ гэдэг утгагүй. Тиймээс зөвлөл байх хэрэгтэй.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Хууль дэмжигдвэл журман дээрээ сайн ярилцана. Хоёрдугаарт, гадаадаас дотоод руу технологи нэвтрүүлэх тал дээр бид анхаарах юм уу? Эсвэл Монголд нутагшсан технологийг орон нутаг руу нэвтрүүлэх үү гэдэг дээр ярилцах хэрэгтэй юм байна лээ. Улсын эмнэлгүүдийн технологийг орон нутаг руу нэвтрүүлэх нь зөв гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
–Их чухал хууль орж ирж байна. 10 тэрбум гэхээр бага л санагдаж байна. Гэхдээ урьдаасаа илүү болж байгаа юм байна. Бид 2024 оноос яг алинаас нь эхлэх вэ? Мөн тоног төхөөрөмж нь л байвал аймаг, сумын эмнэлгүүд дээр хагалгаа хийх чадвартай эмч нар байдаг юм байна лээ. Тоног төхөөрөмж л хэрэгтэй. Энэ тал дээр судалгаа хийсэн үү? Нийгмийн эрүүл мэндийн асуудал маш чухал. Явж явж хүүхдийг бүр багаас нь чихэрлэг ундаанаас хол бай гэж эцэг эхчүүд нь анхаарахаас гадна эрүүл мэндийн хичээл ямар байна вэ? Технологи нэвтрүүлэх, эмч нараа сургах, төлбөрийг нь төлөх дарааллаар байвал ямар вэ? Магадгүй энэ хууль батлагдвал нэгдүгээр сарын 1-нээс дараалал үүсэх байх.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Би сая ч хэлчихлээ. Шинэ технологийг зөвхөн Монголд нэвтрүүлэх бус төрөлжсөн эмнэлгүүдэд нэвтэрсэн технологийг орон нутагт нэвтрүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ингэвэл иргэдийн чирэгдэл багасна. Эмнэлгүүдийн оочер дараалал ч буурна. Орон нутгийн эмч нарыг чадавхжуулах дэмжлэгийг үзүүлэх бодолтой байгаа. Хоёрдугаарт, 26 төрлийн өвчнөөс тэдээр бууруулна гэж хэлж чадахгүй байна. Технологи нэвтрээд хичнээн эмнэлэгт байх вэ гэдгээс шалтгаалах байх. Тоо хэлэхэд эрт байна. Иргэний эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр анхаарах хэрэгтэй. Амьдралын зөв хэв маяг, зөв дадал зуршлаас хамаарна. Нөлөөллийн ажлыг таван сайд хамтраад хийнэ. Төлөвлөгөө гаргах гэж байгаа.
Хорт хавдрын нас баралтаар Монгол дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Энэ бүх хүний зовлонг шийдэж чадахгүй л дээ. Гэхдээ хүүхдүүдийн асуудлыг бага хувиар шийдэх байх. Энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, гадагш нь мөнгө гаргана гэдэг өнөө маргаашийн л асуудал. Цаашид ийм байж болохгүй. Одоо монголчууд Солонгос руу жилд зөвхөн эмчилгээ үйлчилгээнд 300 сая ам.доллар зарцуулж байна. Энэ бол албан бус судалгаа. Энд тоног төхөөрөмж нь муу байгаа учир тийшээ яв гэсэн зөвлөгөө сонсч байна. Сүүлдээ эмнэлгүүд аялал жуулчлалын товчоо шиг байна. Уг нь энд эмчлэх ёстой. Гадаадаас эмч нарын багийг нь авчирвал нэг биш нэлээд хүний асуудал шийдэгдэнэ. Монгол эмч нар ч туршлагатай болно. Энэ хэлбэрээр гадагшаа явсан хүн бүрт мөнгийг нь өгнө гэвэл эрүүл мэндийн тогтолцоо гажуудалтай болно. Зайлшгүй ховор тохиолдолд тусалж дэмжилгүй яах вэ. Түгээмэл өвчин дээр анхаарах хэрэгтэй.
Хоёр дахь нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг яаж гаргадаг юм бэ? Зуухан грамм уургыг 240 мянгаар долоо хоног бүр тариулахад тэр айлын амьдрал хэцүүдэж байна. Маш их хэрэглээтэй байна. Хавдрын голцуу өвчлөлтэй хүмүүс дээр уургын дутагдал байна. Тэр уургыг тэр жагсаалтад оруулах боломж байна уу? Жагсаалтыг яаж гаргадаг юм бэ?
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Өнөөдөр Монголын хамгийн эмзэг асуудлыг ярьж байна. Гадагшаа явж байгаа зардал замаа алдсан. 350-400 сая ам.долларыг зарцуулж байна гэдэг. Хавдрын өвчнүүдийг эмчилнэ гэдэг шинэ нээлт хийнэ гэсэн үг биш. Хүний хийсэн юмыг л Монголд нутагшуулъя. 30 жил ярилаа. 10 тэрбум төгрөгийн л асуудал ярьж байна. Ядуурлын хавх гэж үг бий. Энэ хавханд орвол дунд түвшний амьдралтай хүн өвчиндөө бүх юмаа зараад ядууралд ордог. Солонгос, Японоос нь хүмүүсийг нь авчраад хүмүүсээ сургах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл ихэсч байна гэсэн. Ямар шалтгаан байна вэ? Манай хорт хавдрын шинж чанарууд ямар байдаг вэ? Яагаад элэг, ходоод, нойр булчирхай хорт хавдраар их өвчлөөд байна вэ? Эрүүл мэндийн салбарт төсвөө сайн тавьж өгөөч. Улсын эмнэлгүүдээ түшиглэн хурдтай шийдэх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, эмийн чанарын асуудал. Хамгийн чанар муутай эмүүдийг авчирч байна. Ийм бодлого цаашид ямар байх вэ? Архи, тамхинаас авах татвараа нэмэгдүүлээд сангийн хөрөнгөө нэмэгдүүлэх бодох шаардлага байна шүү.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Одоо бид шинэ технологи нэвтрүүлэх асуудал дээр зардлыг нь эрүүл мэндийн байгууллага нь өөрөө шийд гэдэг. Нэг өвчнийг эмчлэх технологи нэвтрүүлэхэд доод тал нь 50 тохиолдол хийгдсэн байх ёстой гэдэг. Тиймээс шинэ технологи нэвтрүүлэх асуудал явахгүй байгаа юм. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогод өөрчлөлт хийх болчихсон. Өвчилсөн хойно нь л тусламж үзүүлж байна. Нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээндээ анхааръя. Нийгмийн тусламж үйлчилгээний хууль бас оруулж ирж байгаа.
Иргэний эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал анхаарах цаг болжээ. Зөв амьдралын хэв маягаас эрүүл мэндийн асуудлын 55 хувь нь хамаардаг гэдэг. Тиймээс үүн дээр өөрчлөлт хийж, буруу дадал зуршлаас зайлсхийх нөлөөллийн ажил хийх хэрэгтэй байна. 26 төрлийн өвчний 14 нь хүүхдийнх. Тиймээс хүүхдүүдэд зардал олгодог нарийн зохицуулалт хийж өгнө. Хорт хавдар өндөр байна. Хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол дэлхийд нэгдүгээр бичигдэж байна. Тиймээс шинэ технологи нэвтрүүлэх, эмч нараа чадавхжуулах хэрэгтэй байна.
Монголд эмчилдэггүй 26 өвчнийг эмчилдэг технологи нэвтрүүлнэ
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-С.Чинзориг сайдын оруулж ирж буй хуулийн төслийг дэмжиж байна. Гадаадад эмчлүүлэх хүсэлт өгч буй иргэдийн тоо их байгаа. Монголд эмчлүүлээд яваад л байдаг. Үр дүн гардаггүй. Ялангуяа сүүлийн үед ховор төрлийн хавдраар өвчилсөн хүүхдүүдийн тоо их байна. Олон хүн үүнийг шийдээд өгөөч гээд хүсэлт өргөдөл их ирж байна. Гадаадад эмчлүүлсэн хүмүүсийн эмчилгээний зардлын таван хувийг л олгодог. Энэ хэнд ч хүрдэггүй. Гэхдээ тодорхой шалгуур хангасан хүмүүст л олгодог. Бусад хүмүүст ч энэ хэрэгтэй байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, Монголдоо эмчлэх бололцоог бий болгох зэрэг ажил нь бидний хийх ёстой ажил. Үүнийг бид дэмжих нь зөв. Төсөв хэлэлцэж буй энэ үед уялдаж байгаа гэж бодож байна. Ямар шалгуураар, ямар эмчилгээ хийлгэх хүмүүст энэ мөнгө олгогдох вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Тусгай сангийн тухай хуулиар Эрүүл мэндийн сайдын багцад эрүүл мэндийг дэмжих сан бий. Гүйцэтгэлээр нь тооцвол 10-12 тэрбум төгрөг жилд төвлөрөх тооцоо бий. Гэхдээ жил тутам улсын төсөвт 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ хөрөнгөөр зөвхөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд буюу тандалт судалгаа, нөлөөлөл, сурталчилгааны ажилд зарцуулагддаг. Ер нь бол иргэнээ хамгаална гэдэг бол хоёр талтай. Нэг нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ. Нөгөө нь эмнэлгийн тусламж үйлчилгээ. Тиймээс сангийн хүрээг тэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ рүү чиглүүлж, дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчилдэг технологи нэвтрүүлье. Энэ зардлыг сангаас шийдье.
Хоёр дахь асуудал нь гадаад руу эмчлүүлж буй хүмүүст дэмжлэг маш бага. Зөвхөн ирсэн хойно нь л зардлынх нь таван хувийг олгож байгаа. Үүнийг нэмэгдүүлье. Угаасаа дотооддоо эмчилж чадахгүй байгаагаас хойш гадагшаа явж байгаа хүмүүсийнхээ тавхан хувийг өгнө гэдэг харамсалтай байна. Зөвхөн албан тушаалтнуудад сангаас эмчилгээний зардал өгдөг гэж ойлгохгүй байгаа. Зайлшгүй гадагшаа явах иргэдэд хамаарна. Хууль батлагдвал журмыг нь Засгийн газар батална. Гол нь дотооддоо эмчилж чадахгүй гадагшаа явж байгаа өвчнүүдэд л өгнө гэж нарийвчилсан зохицуулалт хийнэ. Ирэх оны төсөвд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сайдын багц дээр гадаад эмчилгээний зардал 500 саяыг төсөвлөсөн байсан. Ирэх онд 1 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд л технологи нэвтрүүлж, иргэдэд дэмжлэг олгоно.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Өнөөдрийн хуулийн төсөл үр дүнгээ өгнө гэж бодож байна. Намайг сайдаар ажиллаж байхад эх орондоо эмчилж чаддаггүй 39 өвчин байсан. Гурван жилийн хугацаанд бид 26 болгосон. Энэ тоо одоо буурахгүй байна. Яагаад буурсан бэ гэхээр би сайндаа биш л дээ. Эрүүл мэндийг дэмжих санд бид төсвөөс мөнгө төсөвлөж чадвал технологи нэвтрүүлж, эмч нараа багаар нь гадаад сургах, мөн гадаадын туршлагатай хүмүүсийг эх орондоо авчирч чадна. Гурван жилийн хугацаанд эмчилж чадахгүй өвчний тоог 13-аар буулгасан. Учир нь бид гадаадад олноор нь сургасан. Энэ төвлөрч байгаа 10 тэрбумаа нэн түрүүнд эх орондоо эмчилдэг болох тал дээр нь зарцуулах хэрэгтэй гэсэн саналыг хэлмээр байна. Энэ мөнгөө хэрхэн зарцуулах вэ? Технологи хүлээнэ гэвэл хүмүүсийн амь нас яригдана. Тэр хүртэл гадаад руу явуулах нь тодорхой. Эмчилгээний зардал 300, 500 сая болдог. Үүний тавхан хувийг л өгдөг. Сангийн төсвийг нэмэгдүүлснээр хүүхэд, том хүнд хэдэн хувийг өгөх вэ? Үүнийг би сонирхож байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Гишүүний асуултад хариулъя. Би тантай санал нэг байгаа. Шинэ технологи нэвтрүүлэх ажилд энэ сангийн ихэнхи мөнгийг зарцуулна. Ингэж байж иргэдийн гадаад руу явах урсгалыг багасгана. Тэр дундаа эмч нараа багаар нь сургалтад хамруулах, гадаадаас мэргэжилтнүүд авчрах зэрэг олон ажлыг хийнэ. Нэг болгоомжлол бий. Тусгай сангуудын хяналт, зарцуулалт муу байна гэж иргэд ярьж байна. Тиймээс сангийн журмыг оруулахдаа бүх эрсдлийг тооцох хэрэгтэй. Бусад сан шиг албан тушаалтнууд авдаг гэсэн юм руу оруулмааргүй байна. Нарийн тооцно. 2022 оны тооцоогоор гадагшаа эмчлүүлсэн иргэдийн зардал 13 тэрбум төгрөгний төлбөр гарсан. Үүний тав хувь гэхээр 600 сая орчим сая төгрөгийг барагдуулсан. Хүүхдийн эмчилгээний 50 хувь, том хүний 20 хувийг буцаан олгъё гэсэн урьдчилсан тооцоо хийсэн. Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тогтоол гарсан.
Чуулган: Хулгайн хэргүүдэд хариуцлага тооцохгүй бол ард иргэд аюул боллоо
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Би энэ жил нийт 80, 81 уулзалт хийлээ. Уулзалт бүр дээр л хулгайтайгаа тэмцээд өгөөч гэж байна. Одоо ЖДҮ-ийнхэн ордонд чуулж байна. ЖДҮ-ийнхэн хулгайн мөнгөний талаар юу ч ярихгүй байна. Яамны мөнгөөр баахан хурал цуглаан хийдэг. Ийм л замбараагүй байна. Ордоны танхимд он гараад 110 гаруй дахь хурлаа хийж байна гэнэ. Хурал зөвлөгөөн хийгээд хөгждөг байсан бол бүх улсын дээр гарахаар боллоо. Хурал ихэдвэл ажил муудсаных гэдэг. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, оффтэйк гэрээ, төмөр замын хулгай, боловсролын зээлийн сан, ногоон автобус гээд ийм замбараагүй. Энэ хулгайн хэргүүдэд хариуцлага тооцохгүй бол ард иргэд аюул боллоо. Ардын намыг үнсэн товорго болгох гэж байна. Тиймээс хариуцлага тооцох асуудлыг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй. Баасан гаригт баахан л сонин юм хэлэлцэх юм. Та бүхнээс шаардаж байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаад баяртай байна. Хилийн цэргийн ар гэр болж буй эмэгтэйчүүдээс асуудлуудыг тавьсан. Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, нөхрөө дагаад ажиллаж буй эмэгтэйчүүдийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал их байдаг гэсэн. Нөхөр нь эрт тэтгэвэрт гарчихдаг. Эхнэр нь дагаад явах шаардлагатай болчихдог. Энэ дээр зөрүү гардаг. Ийм зохицуулалтууд хэр туссан бэ?
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-Хуулийн хамрах хүрээ гээд үндсэн заалтан дээрээ тодорхой заачихсан. Эмэгтэй цэргийн албан хаагчид энэ хуульд хамрагдана. Байнгын хороон дээр ч Г.Мөнхцэцэг гишүүн асуусан. Хил дээр ажиллаж байгаа цэргийн албан хаагчдын гэр бүлтэй холбоотой асуудлыг хөндөж байсан. Энэ асуудал энэ хуульд хамрагдахгүй. Цэргийн албан хаагчдын хувьд бүрэн гүйцэт хамрагдана.
Холбоотой мэдээ