"Ураны хэрэглээ, үнэлгээ нэмэгдэж байгаа үеийг ашиглах ёстой"

Хуучирсан мэдээ: 2023.11.10-нд нийтлэгдсэн

"Ураны хэрэглээ, үнэлгээ нэмэгдэж байгаа үеийг ашиглах ёстой"

Монгол Улс ураны салбарт олборлолт, үйлвэрлэлийн ажиллагаа явуулах эсэх асуудал олон жилийн турш маргаан, мэтгэлцээний сэдэв байсан. Тэгвэл  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын  хүрээнд  хоёр тал уран олборлох хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь  өндөр ач холбогдол бүхий үйл явдал болсон юм.  Тэгвэл УИХ-ын гишүүдээс Монгол Улс уран олборлох асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


Э.БАТШУГАР: ГУРАВДАГЧ ОРНЫ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ДЭЛХИЙ НИЙТЭД ЭЕРЭГ МЕССЭЖ ӨГНӨ

УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:

-Ураныг технологийн дагуу ашиглах нь зөв. Тийм учраас ураны боловсруулалтаар дэлхийд тэргүүлж байгаа Франц улстай энэ чиглэлээр хамтарч ажиллах асуудал хөндөгдөж байна. Уран бол бүхий л газар байдаг. Хамгийн гол нь агуулгын хувьд өөр өөр байдаг. Тиймээс ураны ордыг ашиглахдаа Франц улсын өндөр технологийг нэвтрүүлэх нь чухал. Үүнийг дагаад нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд, техник, технологийн инженерүүд орж ирнэ. Түүнчлэн газрын ховор элемэнт олборлоход ч ижил технологи ашиглана. Тиймээс ойрын хугацаанд ураны төслийг урагшлуулах олон талын ач холбогдолтой. Түүнчлэн ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том улстай хил залгаа оршдог Монгол Улсын хувьд гуравдагч орны томоохон хөрөнгө оруулалт орж ирэх нь дэлхий нийтэд эерэг мессэж болно. Эл төсөл нь Францын хөрөнгө оруулалтыг татахаас гадна барууны орны хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах бас нэгэн том сурталчилгаа байж ч болох юм. Монголчууд ураныг хор хөнөөл ихтэй, онц аюултай хэмээн  ойлгодог. Тэгвэл уран нь байгаль дээр ус, агаар, хөрсөнд хаа саагүй маш өргөн тархсан литофиль элемент юм. Уран нь химийн хувьд маш идэвхитэй. Байгаль дээр уран агуулагч 249 орчим эрдэс байдгаас цөөн тооны эрдэс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсгэдэгээрээ онцлогтой. Үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл. Байгаль дээрх уран гурван төрлийн изотопоос бүрддэг. Тухайлбал, 99.27 хувийг u-238 изотоп, 0.72 хувийг u-235, 0.0058 хувийг u-234 изотоп тус тус эзэлдэг. Дэлхий дээрх хамгийн их тархалттай u-238-г олборлож атомын цахилгаан станцын түүхий эд эсвэл дээд зэргээр баяжуулан цөмийн бөмбөг бүтээдэг. Харин манай улсад дээрх хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй учраас бид ураныг цөмийн эрчим хүчний станцад түлш болгон хэрэглэх боломжтой. Тухайлбал, зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг нэг грамм уранаас гаргаж авна гэсэн үг. Ураныг олборлож нөөцтэй болсон нөхцөлд атомын цахилгаан станцтай болоход дөхөм гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Манай улс эрчим хүчний 20 хувийг хоёр хөршөөсөө импортолдог. Уран олборлолт эхэлснээр цөмийн цахилгаан станцтай болох боломжтой.  Дэлхийн зах зээлд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ураны зах зээлд Монгол Улс орох нь эдийн засгаа солонгоруулах, долларын орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийг сулруулж, төгрөгийн ханшийг чангаруулах эерэг өөрчлөлтүүд олон гарна.

Ц.ЦЭРЭНПУНЦАГ: ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ЭЗЭМШИГЧ ОРОНТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ  ЗАВШААТАЙ ХЭРЭГ

 УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Уран олборлох асуудал одоогоор хэлэлцээрийн шатанд явж байна. Эдийн засгийн үр өгөөж нь ямар байх, гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний аюулгүй байдал зэрэг олон асуудал хөндөгдөж байна. Тэрбум ам.доллараар яригдах хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байх шиг байна. Хамгийн гол нь иргэд, олон нийтийн дунд уран ашиглах, олборлох явцад хариуцлагагүй нэгнээс болж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн айдас их байна. Үнэхээр хариуцлагагүй, хайнга хандвал олон эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь уран олборлолтоор дэлхийд шилдэг технологи эзэмшдэг компани Монгол Улсад олборлолт хийх, хөрөнгө оруулах, хамтарч ажиллах талаар ярьж байгаа учраас нэг их санаа зовохгүй байна. Монгол Улс ураны 192 мянган тонн  нөөцтэй гэсэн судалгаа байна. Манай улсын хувьд ураны арваад орд, 100 гаруй илэрц, мянга давсан эрдэсжсэн цэг байдаг аж. Монгол Улсад 1947 оноос анх ураны хайгуулыг хийжээ. ЗХУ-ын үед хийсэн хайгуулаар хамгийн их нөөцтэй орд нь 28.8 мянган тонны нөөцтэй Дорнод, 16 мянган тонны нөөцтэй Гурванбулагийн орд байсан бол сүүлийн жилүүдэд Зөөвч Овоо орд 54.6 мянган тонны нөөцтэй хэмээн батлагдсан. Сүүлийн үед монголчууд төдийгүй дэлхий нийт алт, зэс, нүүрс гэхээсээ илүү ураны тухай ам булаалдан ярьдаг болж. Дэлхий дээр өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд цахилгаан станцдаа  ашиглаж байна.  Өнөөдөр дэлхий дээр уран ашигладаг цөмийн цахилгаан станц олон зуугаараа шинээр баригдаж байна. Тэднийг АНУ  тэргүүлж байгаа бол Франц улс удаалж байна.  Ураны үнэ, хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед цаг үе болоод зах зээлийн хувьд эерэг таатай нөхцөл бүрдэж байна. Үүнийг бид ашиглах ёстой. Хэдхэн жилийн дараа одоогийн ханшнаасаа 4-5 дахин өснө гэж эрдэмтэд салбарын мэргэжлтнүүд тооцоолж байгаа юм билээ. Тиймээс олон нийтэд ураны талаарх үнэн бодит мэдээллийг өгөх ёстой. Эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ эрсдэлгүй бөгөөд аюулгүй сүүлийн үеийн дэвшилтэт технологи эзэмшигч оронтой энэ салбарт хамтарч ажиллах асуудал хөндөгдөж байгаа нь завшаатай зүйл. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа энэ үед олон улсаас тэнцвэртэй хөрөнгө оруулалт татах, гуравдагч хөршийг оруулж ирэх нь улс орны эрх ашигт чухлаар нөлөөлнө.

Б.ЖАРГАЛМАА: ГЭРЭЭНИЙ ҮР ДҮНД  ИРГЭДИЙН АМЬДРАЛ, УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ БОДИТ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ЁСТОЙ

 УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-Одоогийн байдлаар уран олборлохтой холбоотой хуулийн төсөл ямар нэгэн байдлаар орж ирээгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийсэн төрийн айчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Хөрөнгө оруулагч талаас уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийх асуудал хөндөгдөж байна.

Ер нь Монгол Улс газрын доорх баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, төрөлжүүлэх, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх бодлого баримталж байна.  Уран газрын хөрсөн доор байхдаа ямар нэгэн байдлаар байгаль, амьтан, хүнд, ямар нэгэн хор нөлөөгүй гэсэн судалгаа байдаг. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн үр нөлөө, ач холбогдол өндөртэй байгаа газрын доорх баялагаа бид ашиглах ёстой. Хамгийн гол нь өмнө нь олон улсын томооохон хөрөнгө оруулалтын , гэрээ хэлэлцэл дээр алдсан алдаагаа давтахгүй ирээдүйд өндөр өгөөжтэй байх гэрээ хийх ёстой. Гэрээний үр дүнд  иргэдийн амьдрал сайжирч, эдийн засаг өссөн үр дүн нь иргэдэд хүртээмжтэй байдлаар  хүрсэн хуулийн төсөл оруулж ирэх нь чухал. Олон төрлийн судалгаа шинжилгээ хийгдэж байгаа  гэдэгт итгэж байна. Энэ талаар эрдэмтэн, судлаачдын хийсэн дүн шинжилгээнд тулгуурлаж иргэдээ мэдээллээр хангах нь зөв.

Ж.ГАНБААТАР: УРАНЫ ХЭРЭГЛЭЭ, ҮНЭЛГЭЭ НЭМЭГДЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕИЙГ АШИГЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Уул уурхайн сайд Ж.ГАНБААТАР:

-Ураныг шар нутаг хүртэл нь газар доор уусган баяжуулах технологийг ашиглана. Энэ үед хэрэглэж байгаа химийн бодист зөв зохистой хяналт тавих ёстой. Ураны хувьд атомын цахилгаан станцад ашиглах, задлах тохиолдолд аюултай. Ураны олборлолтыг эх орондоо бий болговол ядахдаа зэс хайлуулах үйлдвэртэй болно. Түүнийг дагаад эдийн засгийн олон эерэг өөрчлөлтүүд гарна. Түүнчлэн Францын талтай амжилттай гэрээ хийж чадвал бусад хөрөнгө оруулагчид “Монгол Улсад томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг тогтвортой бөгөөд урт хугацаанд хийх боломжтой юм байна гэдгийг олж харна. Ганцхан Оюутолгой төслийг бид олон жил, олон зүйл дээр жишээ болгож татсан. Анх Оюутолгой төслийнхөн Монголчуудыг дэлхий дахинд онцгүй байдлаар зарлаж байсан тохиолдол бий. Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцдоггүй, асуудлыг буруу талаас нь зарим үед тайлбарлаж байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд ширээний ард суугаад ирэхээр харилцан ойлголт дээшилж, хамтын ажиллагаа өргөжиж байна. Монгол Улсын хувьд гадаадын томоохон хөрөнгө оруулалт ердөө л Оюутолгой л байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулагчгүй амьдрана гэвэл бид дотооддоо бие биенийгээ шүүмжилсэн, хоосон цэцэрхсэн хүмүүс л байна. Тиймээс хэрхэн, яаж Монгол Улсыг бодитойгоор өрсөлдөх чадвартай болгох юм. Ганцхан уул уурхайн салбарын асуудлыг хөндөөгүй. Газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлах гэх мэт бүхий л салбарт нэн чухал. Монгол Улсын төсөв сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай батлагдаж байна. Ийм байхад яаж томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах юм. Хувийн хэвшлүүд дангаараа том том цахилгаан станц, зам гүүр барьж, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ. Үүний тулд хөрөнгө оруулалтууд хэрэгтэй. Хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Гадаадад гэр бүлээсээ хол ажиллаж амьдарч байгаа иргэд эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ. Уран олборлох дэлхийн технологиуд хурдацтай шинэчлэгдэж, олборлоход дөхөм болсон. Түүнчлэн ураны хэрэглээ болон үнэлгээ дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үеийг ашиглах нь зүйтэй.

С.АМАРСАЙХАН: МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ТАВИХ ЁСТОЙ ХЯНАЛТУУДАА ТАВИХ Л ЁСТОЙ

 Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад "Орана" компанитай хоёр тал хамтран ажиллах, нөхцөл шаардлагаа тохирсон. Үүний хүрээнд үйл ажиллагаагаа хоёр талын хамтын ажиллагаан дээр суурилж явуулах нөхцөл бүрдсэн. Гэхдээ нөгөө талаасаа байгаль орчны аюулгүй байдлын дүн шинжилгээ хийх, аюулгүй, эрсдэлгүй байх боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Хэдийгээр газар дор уусган баяжуулах технологи хэрэглэж,  хөрсөн дээр ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл, тээвэрлэлтийн  явцад эрсдэл байхгүй хэмээн мэдэгдэж байгаа. Гэсэн хэдий ч үйлдвэрт осол эндэл, гаргахгүй байхад яаж анхаарах вэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн тохиолдолд уран, хорт, цаграг бодис тархахгүй байх тал дээр анхаарах асуудлууд бий. Мөн уран тээвэрлэлтэд асуудлууд бий. Хэдийгээр технологийн өндөр дэвшил ашиглаж бусад улс орнууд ашиглаж байгаа технологиос 10 дахин хоргүй гэж байгаа ч холбогдох мэргэжлийн байгууллагууд нь тавих ёстой хяналтуудаа тавих л ёстой. Ялангуяа Байгаль орчны яамнаас энэ асуудалд хатуу хяналт тавих ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж