Сурвалжлага: Үнэн юм ганц л байдаг юм байна

Сурвалжлага: Үнэн юм ганц л байдаг юм байна

Сурвалжлага: Үнэн юм ганц л байдаг юм байна

 Хуучны зургийн аппарат, камерны хайрцаг хэрэгсэл умгар өрөөнийх нь булан тохойд өрөөстэй. Нүдэнд торох тавилга нь номын тавиур аж. Гэрийнх нь дийлэнх зайг эзэлсэн номын тавиур дүүрэн ном өрөөстэй. Насаараа багш хийсэн буурал хэн нэгний хажуу өрөөнд амьдарч суугааг харахад тийм гэхийн аргагүй гуниг төрөх. Тэрбээр өвөл, зунгүй зуслангийн байранд амьдардаг. Харин ид хүйтний үед хотод хажуу өрөө түрээсэлж амьдардгаа нуусангүй. 

"Би байдаг бүхнээ Малайзын эрх мэдэлтнүүдтэй тэмцэхэд, охиныхоо хэргийг шударгаар шийдүүлэхэд зарцуулаад дууссан" хэмээн ярих  С.Шаарийбууг МУИС-ийн багш гэдгээр нь хүмүүс сайн таних биз. Харин тэрбээр баримтат киноны яггүй найруулагч, яруу найрагч, орчуулагч, зураач, зохиогч, зураглаач гээд нэг биедээ ахадсан олон ажлыг хийж, бүтээсэн сонин хувь тавилангийн эзэн. 

“Тэрэлж орчимд Туул гол дээгүүр гүүр барьж, дээр нь Монголынхоо нэртэй эрдэмтэн, судлаач, академич, зохиолчдын гэр музейг байгуулна. Ингэхдээ ганц нэгхэн шүлэг бичсэн, хэн дуртай хүний намтар түүхийг дэлгэхгүй, өндөр шалгуур тавина. Тойрог хэлбэртэй гэр музейн гол хэсэгт усан оргилууртай. Оргилуур дунд эрдэмтэн судлаачид чуулж байгаа уран барималууд чимнэ. Тэнд заавал зорин ирж, тоглолтыг нь үздэг урлагийн “одод” хүрэлцэн ирж, цөөн тооны үзэгчдэд тоглоод л…Хойморт нь цагаан, ногоон дарь эх заларч, тэнд охиныхоо хөргийг байрлуулна” энэ бол түүний мөрөөдөл. Сэтгэлд нь аль хэдийнэ зураг төсөл нь бэлэн болчихсон. Одоо ажил хэрэг болгох л үлдээд буй. Энд тэндээс дуулж, сонссон санаа “хулгайлдаг” дэвтэр дээрээ хааяа нэг толгой холбоно. Тэр дунд охиндоо зориулан бичсэн дөрвөн мөрт шүлгээ уншлаа.


Дошгин хувь тавилантай дууссан ч

Доргитол хэлүүлж мөнхөрсөн

Долоон бурхны оройд байх морь жилтэй

Домог биш ч үнэнд үлдсэн охин минь

Охин нь морь жилтэй байжээ?

-Тийм ээ. Ер нь морь, бар, луу жилтэй эмэгтэй хүн хэцүү л дээ.

-Яагаад?

-Морь бол эр хүний унаа. Бас цэрэг хүний унаа. Монголчууд дэлхийн талыг морин дээрээс туулсан ард түмэн. Гэтэл эмэгтэй хүн мориндоо мордож, жолоо цулбуураа нэг барьвал хүрэх газар хол, буух газар амаргүй гэсэн байдаг. Бас бодмоор л юм билээ. Эмэгтэй хүн эмнэг морь сургаад байдаггүй шүү дээ.

Охиныгоо төрдөг жил хийсэн бичлэгүүд байдаг юм. Гадна дотныхон тэр бичлэгийг тань ашиглая, барья гээд гуйдаг. Охиныхоо сэвлэгийг нь үргээсэн, хүүгээ төрүүлж байгаа бичлэг ч бий. Хожим үр хүүхдэд нь үлдэх биз.

-Та одоо хэнтэйгээ амьдарч байна?

-Зээ хүү маань том болж, бие даагаад амьдардаг болсон. Ганцаараа гэртээ ном эргүүлж, юм бичиж сууна даа.

-Зөвхөн шүлэг бичих үү?

-Шүлэг, өгүүллэг, тууж бичнэ. Гэхдээ шүлэг бичихэд амаргүй. Би өгүүлбэрээ төгсгөж чаддаггүй юм. Тэгэхээр өгүүллэг нь надад илүү амар байдаг. Эх орон, эцэг эх гээд элдвийн юм бичнэ дээ. Хүн мэддэг юмаа л бичдэг. Уураа хүрэхээр улстөржиж бичнэ. Хүн битгий хэл эд агуурс хүртэл стресст орж, уурладаг болсон байна. Би чамд өчигдөрхөн бичсэн хэдэн мөрөө уншиж өгье.

-За.

“Бүхний төлөө сүүн цацал өргөдөг нэгэн эхээр хорвоо дутна

Бүүвэйн дуугаар амар амгаланг бэлгэддэг сүүн эхээр Монгол дуурсана

Намайг төрүүлсэн буяны ундарга ижийгээ би мөнхөд хайрлана

Ногоон дарь эх бурхан ээжээрээ хүүхдүүд нь бахархана

Ээж минь та цайгаа чанаад, зочноо дайлаад инээж суугаа

Элэг бүтэн ерөөл айлдаж, бүхнийг эвийлээд налайж суугаа

Нартай сартай хорвоод урт насыг тандаа бэлэглэе

Насны буян ээж тандаа эрхлэн эрхлэн жаргаж амьдаръя”

Хүүхдийн дууны шүлэг хүртэл бичсэн гэл үү?

-Хүүхдийн “Бид мод тарьж байна” дууны шүлэг үү. Хүүхдийн дуу болохоор хөөрхөн болсон. Сайн хөгжмийн зохиолч ямар ч шүлгийг дуу болгочихдог юм билээ. Хөгжмийн зохиолч С.Батболд аяыг нь хийж, би шүлгийг нь бичсэн юм. Би чинь мундаг хулгайч хүн шүү дээ.

-Ямар утгаараа?

-Би бүр засаршгүй хулгайч. Гэхдээ би ерөөсөө хэрэгт ордоггүй, шүүхэд дуудагддаггүй, цагдаа намайг тоодоггүй. Би амьдралаас, хүмүүсээс санаа хулгайлдаг хүн. Энэ санаануудаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж тэмдэглэдэг. Хүмүүс яриад, сонсоод л өнгөрдөг. Харин би тэр болгоныг бичиж, санаа цуглуулдаг юм гэв.

“ЭЗЭН ЧИНГИС МОРЬ ЖИЛТЭЙ, БИ БАР ЖИЛТЭЙ…”

Тэрбээр ажил, амьдралынхаа 50 жилийг холбосон Монгол Улсын их сургуулийнхаа 75 жилийн ойгоор музей байгуулжээ. Энэ тухайгаа ярихдаа “Би их сургуульдаа өөрийнхөө олон жил цуглуулсан эд зүйлс дээрээ түшиглэж, музей байгуулж өгсөн юм. Би үүнд том ач холбогдол өгдөг. Энд байгаа зарим зургийг нь өөрөө зурсан. МУИС-тай холбоотой түүхэн зүйлс бий. Сургуулийн хамгийн ховор ном, гадаадын бэлэг сэлтээс гадна хойморт нь Ринчен, Дамдинсүрэн Лу багш гурав зэрэгцэн суулгаж зургийг эвлүүлсэн. Хөөрхөн зохиомж л доо. Бас их сургууль одонгоор шагнуулах өргөдлийг нь надаар бичүүлж, Сүхбаатарын одонгоор шагнагдаж билээ” хэмээн дурсав.

Их сургуулийн нэг давхарт байрлах Эрдмийн музейд Богд хаан, Дондогдулам хатны хэрэглэж байсан толь, сандал, ширээг байрлуулжээ. Анх их сургууль байгуулахад Маршал Х.Чойбалсан бэлэглэж байсан түүхтэй гэнэ. Тод улаан өнгийн их сургуулийн үе үеийн туг гээд сонирхолтой үзмэр олон. С.Шаарийбуу гуай “Монголын ууган их сургууль бол дээд боловсролын түүх учраас энэ музейн үзмэрийг улам баяжуулан олон хүнд харуулахыг хүсдэг” тухайгаа ярьсан юм.

-Их Монгол Улсын 800 жилийн ойгоор төрийн есөн хөлт цагаан сүлдийг шинэчилсэн. Энэ ажилд таны оролцоо багагүй байсан гэж сонссон?

-Би азтай хүн. Амьдралд сонин юмс тохиолддог. Хүчтэй нь барилдаж, хурдтай нь уралдаж, авьяастай нь дуулж бүжиглэж, агуу нь ихийг бүтээж явах тавилантай. Надад тохиолдсон нэг завшаантай зүйл бол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийн есөн хөлт цагаан сүлдийг шинэчлэн бүтээсэн явдал. Тухайн үед надад ажлын хэсэгт орох санал тавьсан юм.

Яагаад гэхээр миний нэрэнд их учир бий. Бурхан багш хоёр шавьтай. Нэг нь Шаарийбуу, нэг нь Монголжав гэдэг. Тэр нэр нь таарсан юм байна. Хоёрт, Эзэн Чингис морь жилтэй, би бар жилтэй хүн. Ивээл жилтэй гэсэн юм гэнэ лээ. Нөгөөтэйгүүр эрдэм номын газар байдаг хүн гэж бодсон биз. Бурхан Халдун руу харсан уулын араас ишийг нь авахад гар хүрснээс эхлээд бэлэн болгох бүх ажлыг хийлцсэн болохоор хэн бүхэнд тохиохгүй ховор завшаан болсон бөгөөд одоо хүртэл Төрийн есөн хөлт цагаан сүлдэндээ очиж мөргөж чадахгүй л явна.

“ОВЛИГОГҮЙ ХҮН ГАРСАН ГЭСЭН ҮҮ, ОВСГООТОЙ ХҮН ТӨРСӨН ГЭСЭН ҮҮ ИЙМ НЭР ХАЙРЛАСАН”

Тэр нэгэн намар нүүдэл дундуур хорвоод мэндлэх гэж  би ээжийгээ багагүй сандаргасан гэдэг. Аав минь хавхны ам боож, гурван хананд хэдэн унь өлгөн оромж босгон араг түшүүлж ээжийг суулгаад “Юу юугүй борооших нь ээ” араг аргал хурдхан түүгээд ирье, “Ажаа удахгүй ирнэ” гээд гарсаны дараахан тогоотой сүү дэврэхэд ээж ухасхийн босохдоо намайг сүүн дээр унагачихсан юм гэдэг. Дэвэрсэн сүүн дээр “унасан” болохоор ч тэр үү манай нутгийнхан намайг “Сүүний шар” гэж дууддаг байлаа. Аав минь судар үзээд овлигогүй хүн гарсан гэсэн үү, овсгоотой хүн төрсөн гэсэн үү надад бурхны хоёр шавийн нэгийнх нь нэрийг хайрласан” гэв. Түүний хувь тавилан анх ингэж л эхэлсэн…

Тэр үеийн залуусийн адил бага, дунд сургууль, Багшийн сургууль, Багшийн их сургуульд суралцаж, хоолондоо хүрсэн байна. Манай нутагт тэндхийн эмч, багш очно уу гэхээс очсон ч гэсэн удаан тогтож ажиллах боломж хомс. Тийм цаг үе байлаа. Эрдэм номын багшийг энэ нь сайн, тэр нь муу гэж дугаарлаж болдоггүй юм. Буянтай улсууд биднийг сургасан. Одоо алдартай зохиолч манай нутгаас өчнөөн олон төрсөн. Жишээлбэл, Төрийн шагналт, зохиолч Д.Норов, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид, Л.Норовсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жамъяан гээд нэг нутгийнхан бөгөөд Ерөнхий сайд асан Жасрай гуайн сум гэхээр л хүмүүс андахгүй дээ” гэв.

Говь-Алтай аймгийн Бугат суманд адуу, хулан, тахь гээд гурван зүйлийн адуу байдаг цорын ганц сум. Тахийн шар нуруу гэдэг газар хамгийн сүүлчийн тахийг Голландад нутагшуулсан уугуул нутаг нь билээ.

С.Шаарийбуу “Манайхан сонин түүхтэй хүмүүс. Зохиолч Номинчимэдийн "Цагаан бороо" номонд буурал авгайн тухай дурддаг. Тэр миний удмын л нэг төрөл. Түүний гурван настай охиныг нь османы дээрэмчид хулгайлсан. Охиныхоо хойноос явна гэж тэмүүлсэн ч удаан хугацаанд гэрийн хорионд байсан эх нь хүсэлдээ автагдан ганцаараа хил давж, хэдэн говь, хэчнээн ч уулсыг давж, хязгааргүй алс Үрэмчид хүрсэн түүхтэй. Өөрийн ганц охиноо болон хулгайлагдсан 10-аад хүүхдийг хоёр тэмээнд ачиж ирсэн” нэгэн түүхийг ярив.

С.Шаарийбуугийн өвөг эцэг Сээмэн хэмээх Шагдарын хүрэн халзан морины нуруун дээрээсээ баруун хязгаар Байтагийн заставт гоминданы дээрэмчидтэй баатарлагаар тулалдсан улсын баатар Нэхийт, Тэгшээ нар төрсөн болохоор энэ морь домогт хүрэн халзан гэж алдаршин, чихмэл нь музейд тавигдсан байдаг аж.

Түүний авга ах О.Ядамхүү алс хязгаар Бугат сумандаа нэгдлийн даргаар ажиллаж, Монголын тэргүүн баян сумын нэг болгож, хөгжүүлснээрээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон. Мөн төрсөн эгч С.Хулганаа нь 16-хан настайдаа хөдөөгийн малчнаас Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцоход нь нагац ах Ш.Сандуйжав нь орчуулагчаар учирсан байдаг. Ийм л удмаа мөнхжүүлэх гэж сумандаа Хөдөлмөрийн баатар ах, Баатарлаг үйлст хүрэн халзан морь хоёрын хөшөөг босгосон байна. Багаасаа ийм үүх түүх сонсч, өссөн тэрбээр ясны тэмцэгч байхаас аргагүй биз ээ.

"БИ ТЭР УЛСЫН НЭРИЙГ ХЭЛЭХ Ч ДУРГҮЙ"

-Охиныхоо араас та үнэхээр хөлөө хүрэх газар хүртэл явсан. Үүнийг чинь хараад эцэг хүн ийм л байх ёстой гэж бодогддог?

-Би 2018 онд Малайзад очсон. Цар тахлын үеэр онлайнаар хуралд оролцсон. Би байдгаа барж, 18 жил Малайзын өмгөөлөгч нарыг "тэжээлээ". Одоо тэгж явах боломж ч алга.

Тэр улсын ард түмэн буруутай биш ч сэтгүүлчид нь “Та амьдралдаа инээж үзсэн үү” гэж асуудаг. Би тэр улсын онгоцны буудал дээр буугаад миний уйлах шалтгаан эхэлдэг. Би тэр улсад яасан гэж баярлах юм бэ.

Үнэн юм ганцхан л байдаг юм байна. Шударга ёсыг тогтоох. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг биш, хүмүүс бүгд шударга ёсонд захирагддаг байх ёстой гэж боддог. Үхтэл үр харам гэдэг шүү дээ. Миний охин бол авъяастай, чадвартай, мэдлэг боловсролтой эмэгтэй байсан. Эцэг хүнийхээ хувьд охиныхоо төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийх ёстой юм.  Нулимсаа нууж уйлдаг, нуухгүй уйлдаг өдрүүд ч надад зөндөө байсан. Одоо харин цөхөрч байна даа, нас яваад.

-Малайзын тал буруугаа хүлээсэн, гэхдээ одоо ч хохирлыг нь барагдуулаагүй шүү дээ. Гэхдээ та Малайзын төрөөс гадна Монголынхоо төрд гомдож явдгаа нэг бус удаа ярьсан байсан.?

-Өгдөг авдаг хоёрын хооронд их зай бий. Аливаа хуулийг ном шиг дэвтэрлээд, судар шиг баринтаглаад хийж болдоггүй юм. Хуульд заавал цоорхой байх ёстой. Тэгэхгүй бол хэн нэгнийг хохироочихдог. Уян хатан байх ёстой юм. Тэр цоорхойг хэн нь ашиглах вэ гэдэгт асуудал байдаг. Хуульд байгаа боломжийг л малайзчууд ашиглаж байна. Анхан шатны шүүхээр Малайзын талаас “Бид буруутай байжээ” гэж хэлсэн нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх. Гэхдээ тэр бол эрүүгийн хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх. Англо-Саксоны хууль манайхаас шал ондоо. Манайх Ром-Германы фашист хуультай улс. Уг нь монгол хүний ахуй амьдрал, сэтгэл зүйд тааруулсан Их засаг хуулиасаа авч, хэрэгжүүлэх ёстой юм. Зүгээр нэг онолын хууль биш. Шийтгэлийг эд хөрөнгө, мах биед нь мэдрүүлж байх хэрэгтэй. Одоогийн хууль тогтоомжоор хүмүүс айх юмгүй болж, хариуцлагагүй болсон. Хуулийнхаа заалтаар Малайзын засгийн газар дахин давж заалдсан. Мөнгөө өгөхгүй л гэж байхгүй юу. Үгүй бол анхан шатны шийдвэр нь буруу байна, захиалагчаар тогтоосоннь хангалтгүй гэж давж заалдсан байх. Надад өнөөдрийн байдлаар ямар агуулгаар давж заалдаж байгаа нь ирээгүй. Уг нь хохирогч иргэн биш Монгол Улс нь хөөцөлдөх ёстой юм. “Манай иргэнтэй холбоотой шүүхийн анхан шатны шийдвэрээ аваад ир” гэх ёстой. Гэтэл манайх чив чимээгүй л байна.

Адуугаа алдсан хүн айлаас унаа гуйгаад малаа эрдэг юм. Түүнтэй адил хүнээ алдсан хүн хүнийхээ араас явах нь миний асуудал. Миний өмнөөс хэн ч яваагүй. Улсаас нь хүн төлөөлөөд явахаар нэмэр ч байхгүй. Бүх шүүх хуралд оруулах ч үгүй. Мөнгөний гарз биз дээ. Би бол асуугдаад, заргалдаад сууж байдаг юм.

-Та тэгээд өнгөрсөн хугацаанд гарсан бүх зардлаа өөрөө даасан уу. Төрөөс ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй юм уу?

-Гэрч дуудуулахад замбараагүй зардал гарна. Зөвхөн онгоцны зардал гурван сая төгрөг. Тэнд хэчнээн хонох юм. Тэр улсууд ажлаасаа чөлөө авсан зардал, тэр битгий хэл ариун цэврийн цаасны мөнгөө гаргуулна. Хуульд тэр хүн юу хүснэ тэр болгоныг та хариуцах ёстой гэсэн байдаг. Гадна дотныхон ч ялгаагүй. Өөрийн хүссэнээ нэхэж, би тэрийг нь гүйцэлдүүлдэг.

Социализмын үед улсаас өгсөн хоёр өрөө байраа 2006 онд 14 сая төгрөгөөр зарсан. Тийм л үнэ өртөгтэй байсан. Одоо харьцуулахад хэн бүхний халаасанд байдаг л мөнгө. Тэр мөнгөөрөө зардал хийгээд Малайз руу явж байлаа.

Нэг л их шударга, хүмүүнлэг нийгэм байгуулна гэж ярих юм. Тийм юм байгаа гэж хайгаад байна. Байдаг л гэж баруун, зүүнийхэн яриад байгаа. Би тэрийг нь олохгүй байгаа юм болов уу гэж бодоод л зүтгэсэн. Нэлээд цаг хугацаа, тэвчээр, амаргүй даваа давж байж хүрдэг бололтой.

-Амьдралыг та өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Амьдрал уу…Амьд амьтан, ургамал мод хүртэл бусдаас өндөр ургах гэж дээшээ наран зүг тэмүүлдэг. Аятай тухтай амьдрахдаа өөртөө харамсахааргүй, ямар нэгэн юмны төлөө тэмцэж, амьдардаг. Ганцхан тэр нь хүслээр болохгүй юм. Амаргүй л дээ. Хэрвээ хүн маргаашийг мэддэгсэн бол жигтэйхэн сайхан ухаантай амьдрахсан. Хэнд ч тийм боломж байхгүй.

МОНГОЛЫН НЭРТЭЙ ЭРДЭМТДИЙН БАРИМТАТ КИНОГООР ГАРШСАН ЭРХЭМ

Түүнийг баримтат киноны яггүй найруулагч гэдгийг нь хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Монголынхоо урдаа барьдаг нэртэй эрдэмтдийн намтар түүх, дурсамжийг архивлан авч, гардан хийсэн цор ганц хүн гэж хэлж болно. Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан, Хөдөөгийн Пэрлээ гээд ХХ зууны Монголын нэрт академичдын бараг ихэнхийнх нь тухай баримтат кино болон сүүлийн 30 жилд Монголын түүх соёл, зан заншлын тухай 60 гаруй баримтат кино бүтээжээ. Мөн МУИС-ийн 60, 70 жил, Багшийн сургуулийн түүхэн ой, Ховд, Эрдэнэтийн их сургууль гээд маш олон сургууль болон монгол судлал, түүхийн тухай “Нүүдэлчний удам, хөх монгол” гэж 12 цуврал кино хийсэн байдаг.

Тэр анх хэрхэн баримтат кинотой холбогдох болсон тухайгаа ярихдаа “Би чинь уг нь начирын багш мэргэжилтэй хүн. Тэр маань намайг баримтат кино хийхэд нөлөөлсөн гэх үү. Монгол Улсын их сургуульд анх “Авиа” гэж теле студи байгуулагдаж, 2005 онд нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гуайн 100 жилийн ой тохиосон. Тэр эрдэмтэн судлаач маань МУИС-д сурч төгссөн учраас студид тийм захиалга ирж, Шинжлэх ухааны академи болон их сургуулиас хүмүүс томилогдон ажиллахаар болсон. Би тэгж л анх баримтат кинотой холбогдсон. Дараа нь 2008 онд Ц.Дамдинсүрэн гуайн 100 жилийн ой болж, Дорнод аймгийн Матад суманд, С.Лувсанвандан гуайн киноны зураг авалтыг Баянхонгор аймагт нь очиж, хийсэн. Өөрөөр хэлбэл энэ гурван хүн маань монгол хэл, утга зохиол, хэл шинжлэлийн тулгын гурван чулуу юм шүү дээ. Ингэж л би кинотой холбогдсон” гэлээ.

Тэрнээс хойш 2011 онд Хөдөөгийн Пэрлээгийн 100 жил, 2018 онд Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхч эрдэмтэн. Ш.Нацагдорж түүхийн 100 жил, МУИС-ийн ректороор 17 жил ажилласан Намсрайн Содномын 90 жил, ард түмний дунд “Зүрхний” гэж алдаршсан академич Т.Шагдарсүрэн, бас биологич О.Шагдарсүрэн, академич, биологич Д.Цэгмэд, газар зүйч Ш.Цэгмэд, Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж гэх мэт үргэлжилж, олон эрдэмтэн судлаачийн баримтат кино хийж гаршсан байна.

“Энэ хүмүүс маань зохиолч, орчуулагч, судлаач, эрдэмтэн, олон нийтийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч гайхалтай хүмүүс. Ийм хүмүүсийн тухай бүтээл туурвихад амаргүй, тал талын судалгаа хийх шаардлагатай болдог. Би эрдмийн зах зухаас хэлтэлсэн хүн болохоор судалгааны ажил хийхэд арай дөхөм байсан. Их сургууль маань өөрийн студитэй учраас техник хэрэгсэл нь бэлэн. Тэгээд л хамт ажиллаж байсан шавь нараа түшиглэж, кино хийхэд ойр байсан болов уу” хэмээн С.Шаарийбуу даруухан загнав.

-Яагаад заавал та гэж. Бас л сонин хувь тохиол юм шүү?

-Би Говь-Алтай аймгийн хүн шүү дээ. Манай нутаг зохиолч ихтэй, тэр нутгийн улсууд юм бичих увидастай байдаг юм байлгүй. Би хүүхэд байхаасаа л юм бичиж ирсэн. Цөөнгүй тууж өгүүллэг бичиж оролдсон хүн л дээ. Тэр маань надад их хэрэг болсон. Зураач мэргэжил маань гэрэл сүүдэр тавих, техниктэй ажиллахад арай ойр байсан байх. Надаас өөр хүн хийгээгүй. Яахав эрдэмтдийн талаар нэвтрүүлэг, ганц нэг баримтат кино хийсэн хүн байдаг байх. Би чинь киноны хүн биш шүү. Би тэр алдартай найруулагч, зохиолчдын дэргэд хэн ч биш. Гэхдээ оролдвол бас болдог л юм байна. Хэрэв би энд байгаагүй бол хэн нэгэн хүн хийх л байсан. Хийж л таараа.

Алдартай хүмүүсийн шавь нар, төрөл садан, үр хүүхэд нь байгаа цагт үнэнг өгүүлэн үлдээх нь нэн чухал бөгөөд хожимдвол “Тийм хүн байсан гэдэг”-ийн хооронд маш том ялгаа байгааг бодолцож, би яаран яаран хагас дутуу ч гэсэн бүтээсэндээ өөрийгөө азтайд тооцдог юм даа.

Бас Ардын багш, нэрт монголч эрдэмтэн Ш.Чоймаа бид нэг үеийн сурагчид байсан болохоор хамтран “Босоо монгол бичиг”, “Ном дор мөргөмү” кино бүтээж, Ш.Чоймаа багшийн монгол бичгийн хичээлийг сайжруулан, нийтийн хэрэглээ болгосноор энэ  хичээл одоо youtube сувагт нээлттэй байдаг. Монгол бичиг судалж, үзэх гэж байгаа гадаад, дотоодын эрдэмтэн судлаач, суралцагчдад бүрэн нээлттэй болсон.

-Тэр дунд судлаад явж байхад сонирхуулах түүх, олны дуулж мэдээгүй зүйлс их байсан биз. Бямбын Ринчен гуайн “Бүргэдийн дуулал” кинонд түүнийг бүргэд шиг амьдарч, цагцагайгаа өсгөж, нисгэж байгаагаар харуулсан гэдэг. Баримтат киногоо бүтээсэн тухайгаа ярихгүй юу?

-Мод юмаа гэхэд мөчиртэй, навч, цэцэг, жимстэй байх ёстой шүү дээ. Тэрийг жаахан бодолцож, кино хийхдээ уран сайхны аргаар үзүүштэй юм оруулъя гээд тэр хүний амьдралын онцлог сайхныг нь жаахан тавилттай зураг авалтыг хийхийг боддог. Тэр нь киног илүү сонирхолтой болгодог. Нэрт эрдэмтэдтэй хамт ажиллаж байсан шавь нар нь, тэдний үр хүүхдүүд нь гэр орондоо, төрсөн нутагтаа эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нь харуулж ярьсан учраас нэлээд амьдралд ойр болсон байж магадгүй.

Хатгин овгийн Ц.Дамдинсүрэн гуайн кино хийхийн тулд Дорнод аймгийн Матадад хэдэнтээ очсон. Аав нь Ц.Дамдинсүрэн гуайг төрөхөд хүүдээ зориулж, хээл худаг гаргасан бөгөөд тэр худгийн хажууд гэрэлт хөшөө байдаг юм. Яг тэндээс киноны үйл явдал эхэлдэг. Монгол судлалын эрдэмтэн “Огторгуйн цагаан гарьд”-ын Л.Хүрэлбаатар гэж алдаршсан шавь нь багшийнхаа тухай номын өргөөнд нь ярьсан ховор ярилцлагыг оруулсан билээ. Нэгэн үед Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын тухай үнэн худал нь мэдэгдэхгүй аман ярианууд их гардаг байлаа. Тэр болгоныг сонирхож, хамгийн гол нь энэ улсууд хэрхэн нөхөрлөж, эрдэм судлалын ажлаа хийж, бие биенээ хамгаалдаг байв гэдгийг харуулах нь чухал. Харамсалтай нь миний кино хийсэн нэртэй эрдэмтдийн ихэнх нь шоронд орж, хэлмэгдсэн байдаг. Заримынх нь шоронд байгаа амьдралыг нь тэр байдлаар нь тоглолт хийлгэж оруулсан.

-Баримтат киногоо хаана хадгалдаг вэ?

-Миний өмч юм чинь надад хадгалаастай байдаг. Оюуны өмчөөр баталгаажуулж, улсын архивт хадгалуулна гэж бодож байгаа. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойг ухаад дуусна. Олон жилийн дараа оюуны толгой үлдэнэ шүү. Удах тусам үнэ цэнэтэй болох байх гэж горьдож сууна. Олон кино хийхдээ талархлын үг бичсэн үгсээ тэмдэглэж хадгалдаг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.160.73

СУПЕР ААВ

Avatar

зочин 2023-11-10 202.9.41.23

нь үнэлэх, амьдралынр нь нөхцлийг сайжруулахад хамт олон нь ч юм уу хэн нэгэн өгөөмөр сэтгэлтэн түүнд ядаж 2 өрөө байр бэлэглээсэй гэж чин сэтгэлээсээ бодогдлоо. хөрөнгөтэй, боломжтой хүмүүст бол юу ч биш л шүүдээ. мань мэтэд нь санаа байвч сачий нь даанч хүрэхгүй юм л даа. шаарийбуу таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, шударга үнэний төлөөх гэгээн үйлс тань насад дэлгэрч, мөнхрөхийн ерөөл өргөе.

Avatar

зочин 2023-11-10 202.9.41.23

Монгол хүний ёстой ясаа цайтал, чөмгөө дундартал…. гэдэг үг энэ хүнд заяасан гэлтэй. энэ ясны чанар зааж хүний нутагт харамсалтайгаар амь үрэгдсэн охин үрийнхээ төлөө явсаар үнэн ялдаг тэр л шийдвэрийг гаргуулж чадсанд нь монголчууд маш их талархаж байдаг. Гэтэл өдий болтол тэр улс хохирлыг нь барагдуулаагүйгээр барам давж заалдана гээд цаг өнгөрөөгөөд байхад иргэнийхээ төлөө эх орон нь, төр нь сэтгэл тавих. үүрэг хүлээх гэж баймаар юм даа. мөн энэ хүний улсдаа хийж бүтээсэн хөдөлмөрийг

Avatar

Ганаа 2023-11-10 43.242.243.198

Шаарийбуу гуай бол ёстой л хугараагүй ноён нуруу да.энэ сайхан хүнд талархахгүй байхын аргагүй ээ. уг нь улс нь төр нь иргэнийхээ төлөө явах ёстой ч дүлий төрийн өмнөөс охиныхоо төлөө үнэний төлөө мятрашгүй тэмцсэн тэмцэгч .танд амжилт хүсэеээ

Avatar

Сүхээ 2023-11-10 43.242.243.3

Энэ сайхан хүнд халуун дулаан сэтгэл гаргаад 1өрөө байр өгчих буянтай хүн байхгүй л юм байхдаа.Эрхэм танд эрүүл энх, сайн сайхныг хүсье

Avatar

Bujin 2023-11-10 88.183.144.162

Egel jiriin aav tand az jargal, sain saihniig husie,

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.188.222

энэ ямар гайхалтай хүн бэ ! Ийм агуу хүн болоод д тийм ялалтанд хүрсэн байжээ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙГАА БОЛ , ӨӨР ЮУ Ч ҮЛДЭЭЛГҮЙ ЗӨВХӨН НҮЦГЭН ҮНЭНТЭЙ Л ҮЛДСЭН ЭНЭ ИРГЭНДЭЭ СЭТГЭЛ ГАРГАЖ ТЭР НӨХӨН ОЛГОВОРЫГ НЬ ОЛГУУЛАХАД ТУСЛААЧ ЭЭ!!! ХИЧНЭЭН ХҮН ГОЛОО ТАСРАХДАА ТӨР ЗАСАГТАА ГОМДОЖ ЦӨХРӨНГӨӨ БАРАХ ЁСТОЙ ЮМ БЭ ?!

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.180.248

Охиных нь хэргийг шийдэхэд МУ ын ЗГ туслаасай. Хөөрхий тууштай баатарлаг аав шүү. одоо болтол шийдэгдээгүй, арай л юмаа. Хүмүүний амьдрал гэж . Амарбаясгалан Говь Алтай л гэдэг юм билээ. Энэ хүнд хоншоор гаргаад туслаарай. Буян болно доо. Зарим аймаг нь нутагсаад бөйдаг. Энэ Говь Алтайнхан хаашаа ч юм бэ дээ.

Avatar

Зочин 2023-11-10 43.242.243.27

ОДООГИЙН МОНГОЛЫН ТӨР БОЛ ИРГЭНЭЭ ХАМГААЛЖ ЧАДДАГГҮЙ, ИРГЭНДЭЭ ЭЭЛГҮЙ МАШ МУУ ТӨР ЮМ.
ЧИНГЭС ХААН БАЙСАН БОЛ МАЛАЙЗ УЛСТАЙ ДАЙН ЗАРЛАЖ БАЙЛДАН ДАГУУЛАХ БАЙСАН ДАА.

Avatar

Зочин 2023-11-10 139.5.218.75

Энэ дор хүний хэлсэнээр Компанийн захирал бол ёстой БУЯН бодоод байр өгчих юмсан. Хөөрхий энэ аав багш эрлэмтэн хүн -Хүний хорвоод их л зовлон үзэж яваа хүн байна. Ядаж эхнэр өөр охин байхгүй юм байна даа ганцаараа амьдардаг гэхээр. Талийгч охины нь нэг хүүхэд нь өвчтэй байгаад нас барсан гэсэн. Нэг нь том болоод тусдаа гарч дээ. Ёстой их өрөвдлөө. Нөгөө Хугараагүй ноён нуруу гэдэг шиг хүн байна. Говь-Алтайн хөх эр тулдаа л тэсэж яваа юм байна. Охины нь хэрэг үнэн зөв шийдэгдээсэй дээ.

Avatar

Zocnin 2023-11-10 68.145.148.122

Hoorhii aawiin ohiniihoo toloo unenii toloo xutgel uneheer aguu . Yagaad tor zasgiin zugees hohirliig baragduulah tal deer hucnilj ogohgui bnaa Mongol dx hun mongol hhnii zmi yaj zerlegeer urehdseniig delhii medej bgaa

Avatar

Шавь нарын нэг 2023-11-10 59.153.114.24

Шаарийбуу багш маань зовлонг туулж яваа олон түмэн аавуудын үлгэр дуурайлал болсон гайхалтай эр хүн. Эрдмийн их уурхайд насаараа ажилласан олон мянган шавьтай буянт багш. Спорт, урлагийн манлайлагч. Монголын олон сайхан хүмүүсийг бодит дүрээр нь түүхэнд үлдээж, эрдмийн олон том уурхайн түүхийг мөнхөлсөн бүтээлч найруулагч, зохиолч гээд түүний тодорхойлолт үргэлжилнэ. Төр, засаг иргэндээ тусалж, Малайз улсаас асуудлыг нь шийдүүлэхээс гадна МУИС-ийн 3 удаагийн тодорхойлолтоор гавьяат болгомоор..

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.191.201

Хугараагүй ноён нуруу, цуцашгүй мятрашгүй дайчин жинхэнэ эр хүн, сайн эцэг, бахархмаар. Төрөөс мөнгийг нь олж өгөх талаар тусалж дэмжээсэй.

Avatar

... 2023-11-10 103.254.123.179

зүгээр ярилцлагааа л бич л дээ. энэ гоё хүнийг дундуур нь хөрөглөх гэж бна гээд сэглээд хаясан бхын. бичиж бга хүн нь жхн чадвар суумаар юм харамсалтай

Avatar

Зураач Лондон 2023-11-10 90.208.245.113

Хөөрхийэнэ аав охиныхоо төлөө чадах бүхнээ хийлээ. Яагаад монголын засаг төр хөдлөхгүй байгааг би ерөөсөө ойлгодоггүй…

Avatar

Хамт олны нэг 2023-11-10 103.212.119.74

Ярилцлагын дор нэмж бичихэд Шаарийбуу багш маань маш сайхан нийтийн болон чөлөөт бүжиг бүжиглэдэг, бас ширээний теннис, волейболын зэрэгтэй спортлог, тамирчин шүү. Бүжиглэж байсан шүү. Мужик, та шүү. Эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2023-11-10 59.153.115.178

Хүмүүний ертөнцийн хамгийн шилдэг аав. Урт наслаарай Та. Олон олон хүнд амьдралын хичээл болох түүх бүтээж явна даа Та минь.

Avatar

Нэргүй 2023-11-10 203.98.77.196

эхнэр бага охин 2 нь яасын яагаад ганцаараа амьдраад бгаан бол

Avatar

Нэргүй 2023-11-10 64.119.31.25

Бурхан болсон гэж дуулсан

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.191.203

Малайзын талаас нөхөн олговороо авчаасай даа Шаарийбуу гуай

Avatar

зочин 2023-11-10 202.179.25.143

Төр засаг өөрийн иргэнийг хариуцан, луйварчдаар бүх хохирлыг төлүүлэх хэрэгтэй дээ. Энэ хүн бол хамгийн шилдэг аав.

Avatar

Нэргүй 2023-11-10 202.9.40.210

Засгаас хөөцөлдөөд ядаж тэр нөхөн олговрыг нь олоод өгөөсэй.

Avatar

Зочин 2023-11-10 202.21.127.160

Мундаг ААВ шүү, эрүүл энхийг хүсье! Төрөөс хэргийг нь эцэслэхэд дорвитойхон арга хэмжээ авч өгөөсэй дөө.

Avatar

Нэргүй 2023-11-10 43.242.242.59

Маш сонирхолтой сайхан ярилцлага болжээ. Амтархан уншлаа. танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Би хэрвээ компанийн захирал байсан бол танд орон сууц бодох л байлаа. Уучлаарай гэхдээ таны төлөө залбирнаа

Avatar

Монгол хүү 2023-11-10 64.119.29.63

ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ МУУ ААВЫН, ОХИНЫХОО ҮРЭГДСЭНИЙ ҮНЭН МӨНИЙГ ТОГТООЛГОХООР ЯВЖ ЗҮТГЭСЭН ЗҮТГЭЛИЙГ ТЭНГЭР, ГАЗАР, УУЛ УС, УРГАМАЛ, АМЬТАН Л САЙН МЭДЭЖ БАЙГАА БАЙХ ДАА… ХҮН ГЭДЭГ ЕР НЬ НЭГ НЭГЭНДЭЭ ДЭМТЭЙ Л ЯВАХСАН ДАА… ТӨРИЙНХӨН ХҮНИЙ ТӨЛӨӨ, МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ, СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙГААМ ДАА… ЭНЭ ХҮНД ИРЭХ ТЭР НӨХӨН ОЛГОВОР НЬ БҮТЭМЖТЭЙ БАЙЖ ЯДАЖ Л ЭД МАТЕРИАЛ, МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ОЛГОГДОХ БОЛТУГАЙ.

Avatar

Нэргүй 2023-11-10 49.229.125.103

Saihan yriltslaga baina. Olon jiliin temtsliin ur dun anhan shatnii shuuhiin shiidveree bieltel zutgeh bailgu dee, shudraga shiidver tanii tald garna gej itgej baina, Burhan tand tuslah baih, tand eruul enkh, urt udaan naslahiig husye

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.191.98

Үрийнхээ төлөө дээлтэйгээ хатаж яваа эцэг хүнд үнэний мухарт хүрхэд нь Монголын төр туслаасай билээ. Эзэн Чингис хаан Монгол хүний амийг ямар хатуу нэхдэг байсан түүхийг санагтун.

Avatar

Нэргүй 2023-11-10 202.9.40.75

Үнэхээр дайчин хүн шүү та үхтэл үр харам гэж хэнд мааньч ийм гашуун зовлон бүү тохиолдоосой манай эрх баригч улс төрчид дэмжиж тусалдаг болоосой бодхоор өр шимшрэм юм

Avatar

Нэргүй 2023-11-10 68.100.57.175

Энэ хүнд Чингисийн одон өгье !

Avatar

Нэргүй 2023-11-10 139.5.216.16

Мундаг хүн

Avatar

Нэргүй 2023-11-10 203.23.49.69

Цуцашгүй тэмцсэн ААВ гэж таныг хэлнэ МОНГОЛ Аав хүний мөн чанар энэ хүнд оршжээ..

Avatar

Нэргүй 2023-11-10 202.72.245.121

Би энэ хүний үрээ гэсэн бялхам сэтгэл, цуцашгүй чанараар бахархдаг. Аав бүхэн ингэж охиныхоо араас уйгагүй явах байсан уу мэдэхгүй юм. Та бол чадах бүхнээ хийсэн. Бурхан гэрчилнэ. Дараа төрөлдөө охиныхоо хүү нь болон төрөх байх. Охин нь ч мэдлэг боловсролтой, өв тэгш өө сэвгүй сайхан охин байсан. Жил хатуудсан гэдэг нь ортой л байх

Avatar

Нэргүй 2023-11-10 202.72.245.121

Ийм агуу дэлгэр сэтгэлтэй эгэл хэрнээ ихийг бодсон хүмүүс дээр Монгол минь оршин тогтнодог доо. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх байж урт удаан наслаарай хэмээн хүсэн ерөөе. Сайн аав охиндоо хайртхй шигээ хүмүүсийг эх орноо хайрладаг гэдэгт итгэдэг. Энэ эрхэм хүмүүнийг өмгөөлж хамгаалах эр орон уг нь бий сэн. Байр савтай болоосой

Avatar

Монгол хүн 2023-11-10 202.21.100.210

Засагт ханы хөх харчууд хэцүү хэцүү гэдэг дээ. Өвөг дээдсийнхээ өв уламжлалыг сайхан авч яваа буурай байна. Эрүүл энх аз жаргалыг хүсье дээ.

Avatar

бүгд 2023-11-10 66.181.183.62

МОНГОЛЫН ТӨР, ГАДААД ЯАМНЫ САЙД БҮР БИЕЧИЛЖ ХӨӨЦӨЛДӨЖ ЭНЭ ХҮНД МАЛАЙЗААС НӨХӨН ОЛГОВРЫГ НЬ ОЛГУУЛААЧЭЭ. ХҮРЭЛСҮХ ЭНЭ ХҮНДСЭНЖТЭЙ ТЭМДЭГ ЗҮҮЖ ӨГӨӨ. ХЭН ХАМААГҮЙ Л ЗҮҮДЭГ ЮМ БИЛЭЭДЭЭ. ХАМТ ОЛОН НЬ ЭНЭ ХҮНД БАЙР СУУЦААР ТУСЛААЧЭЭ. ГАВЪЯАТ БАГШ БАЙМААР ХҮН БАЙНА ШҮҮДЭЭ. ХАРАМСАЛТАЙ, ЗОВЛОН ТУУЛЖ ЯВАА ХАТТАЙ ЭРХҮН ЮМАА. ТАНД УРТ НАСАЛЖ ЯЮАХЫГ ЕРӨӨЕ. МАШ БҮТЭЭЛЧ ХҮН БАЙНА. ҮРЭЭ АЛДСАН ХЭН Ч ГЭСЭН МАШ ХЭЦҮҮ ШҮҮДЭЭ ТҮМНЭЭРЭЭ ТУСЛААРАЙ ЭНЭ ХҮНД

Avatar

Нэргүй 2023-11-10 202.126.90.145

Saihan yariltslaga bna.

Avatar

2023 2023-11-10 66.181.166.134

Энэ буулгагч жаахан боловсролтой, мэдээлэлтэй баймаар юм байна. Академич Лувсанвандан гуай бол Ш буюу Шадавын Лувсанвандан шүү. Дэлхийн энтэй эрдэмтэн. Энэ эмэгтэйн буулгаж байгаа С. Лувсанвандан бол академич ч биш. Уран зохиол буюу гоозүйн талын хүн байсан.

Avatar

Нэргүй 2023-11-10 202.21.122.166

boldyn av

Avatar

Бодит түүх 2023-11-10 59.153.85.132

Цусыг цусаар…

Avatar

Нэргүй 2023-11-10 202.126.89.7

иргэнийхээ эрх ашгийг хамгаалж чаддаггүй Монголын төр, засаг гэж ичмээр.

Avatar

Нэргүй 2023-11-10 103.212.116.64

DYYDLGN MERGJLN VAWALDGCH80955877

Avatar

Нэргүй 2023-11-10 103.212.116.64

SEKSEER UILCHLN80955877

Avatar

Уншигч 2023-11-10 104.34.80.27

Shaariibuu guya, Ta bol baharhmaar mundag AAV shuu. Biye sain bodooroi

Avatar

Нэргүй 2023-11-10 59.153.114.107

сайхан ярилцлага байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж