УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.11.09/ Гэр бүлийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нууц амрагт хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг хөндсөн юм. Энэ талаар тэрбээр “Тогтвортой байсан гэр бүлийн эхнэртэй ч юм уу, нөхөртэй ч юм уу уулзая, учрая гэсээр асуудал үүсгээд салгаж байгаа тохиолдлууд байна. Ингэж гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагт ямар хариуцлага тооцох вэ. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэмээр байна” гэсэн юм.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Б.Пүрэвдорж гишүүн араар тавьсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндөж байна. Хайр сэтгэл бол хуульчлагдаггүй асуудал. Бид ёс суртахууны үүрэг гэж хуульдаа бичсэн. Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. Хуульчилж болдог, хуульчилж огт болдоггүй харилцаа байна.
Бид хайрыг харж, мэдэрч чадахгүй. Гэр бүлийн хоёрын нэг нь гурав дахь хүн рүү харсан нь хайр юм уу, шохоорхол юм уу, дурлал юм уу бүү мэд ш дээ. Харж болохгүй, хазаж болохгүй гэж хууль бичиж болохгүй шүү дээ. Эрхэм гишүүнийг ойлгож хүлээж авах байх аа гэж бодож байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ