“Цуутай хүүхэн хуримгүй” гэдэг. Үнэн эсэхийг мэдэхгүй. Харин авлига, албан тушаалын дуулиан тарьсан хэргүүд ял шийтгэлгүй, ямар ч гэм зэмгүй шахуу үлддэг нь бараг үнэний ортой. Т.Бадамжунайг баривчилсан гэнэ, Х.Баттулгыг байцаасан гэнэ, З.Энхболдын хэргийг “боосон” гэнэ, Т.Аюурсайханы шүүх хурал хойшлож гэнэ. Дөрвөн тэрбумыг луйвардсан гэнэ, 40 их наядыг хулгайлсан л гэнэ. Гэнэ, гэнэ, гэнэ. Гэхдээ одоогоор хэн ч шүүхээс ял шийтгэл аваагүй л байна. Анхлан АТГ-аас нүүрсний хэрэгт шууд холбоотой гэж 17 сэжигтний нэрийг зарласан. Ганц Б.Ганхуягаас бусдынх нь хэрэг лав “газрын гаваар” орсон байх. Нүүрсний хулгайч гэж хуулийнхны цоллосон хууль тогтоогчид нь төрийн ордонд төсөв хэлэлцээд сууж байх жишээтэй.
Ард иргэд нь адуу хулгайлбал шоронд сууна. Арилжааны банкнаас зээл аваад төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөө алдана, бас дээрээс нь ял шийтгэл эдэлнэ. Атал Хөгжлийн банкны хэрэг юу боллоо, Гөлгөө яалаа!.
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байдаг. Гэвчиг, Төрийн ордны аль нэг давхраас өгсөн даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлэх, хэн нэгнийг ял завшуулах нь Монголын шүүхийн хувьд гэм биш болжээ. Харамсалтай нь, хараат бус гэх үгээр халхавчилсан тэд өнөөдрийн хараал идсэн нийгмийг бий болголцсон байна, бий болгосон байна. Худлаа гэвэл хамгийн сүүлийн үеийн шүүхийн шийдвэрүүдээ нэг уншчих хэрэгтэй. Улаанбаатарын утаа, түгжрэлээ харчих хэрэгтэй.
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар тус бүр хоёр жилийн хорих ял оноож шийдвэрлэжээ. Тэдний ийнхүү шоронд суух болсон шалтаг, шалтгаан нь ХХБ-наас өндөр үнэтэй оффисийг Хөгжлийн банкинд худалдан авсан гэх асуудал. Мэдээж, Н.Мөнхбат, Б.Отгочулуу хоёр тэрхүү барилгыг худалдаж авахдаа “толгой мэдэн” шийдвэр гаргасан эсэх нь эргэлзээтэй. Харин тэдэнд барилгаа өндөр үнээр шахсан ХХБ-ын гол эзэн Д.Эрдэнэбилэг хуулийнхны оролцоотойгоор Монголоос хэдийнэ нисээд явчихсан, Х.Нямбаатарыг “шувууд”-тай ид байлдаж байх зуурт.
Ингээд АН-ын хоёр залууд хэрэг тохоод Хөгжлийн банкны луйврын хэрэг явдал дуусч байх шиг.
2.“Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэж буруутгагдсан “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жил хасаж, 27 сая төгрөгөөр торгожээ. Т.Мөнхбаяр нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн. Энэ утгаараа Т.Мөнхбаяр торгуультай, Монголын шүүх цатгалан үлдэж байна.
3.Эдгээр шүүх хурлаас хэдэн хоногийн өмнө Т.Бадамжунайг шүүх хурал болсон агаад шүүгч Д.Дуламсүрэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т заасан буюу “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Т.Бадамжунайг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан хүргэн Э.Жаргалсайхан болон хамтран хэрэг үйлдсэн гэх Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарын хамт буруутган, шалгаж байгаа билээ. “Цагийн сайхандаа” Монголын төрд хэнийг ажиллуулах, хэнийг халахыг шийдэж явсан Т.Бадамжунайг манай шүүх хараат бусаар шүүж чадах эсэх нь эргэлзээтэй. ЖДҮ, жаран тэрбумын хэрэгт холбогдсон цагаан байрны цагаан захтнуудын шүүсэн шүүхийн шийдвэрүүдийг харахад Т.Бадамжунай яваандаа торгуулийн ялтай суллагдах болов уу. Энэ нь таамаг гэхээсээ болсон жишээнүүд дээр суурилсан дүгнэлт юм.
4.ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банкны тонуул, төмөр замын авлига, БЗС-гийн луйвар, нүүрсний хулгай, нийтийн тээврийн луйвар гэхчилэн албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэрэг ар, араасаа цуврах болсон нь Монголын нийгэм хэдийнэ уналтад орсны ДОХИО. Тэрбум, тэрбумын авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрдөг жишиг Монголын шүүхэд хэдийнэ тогтсон. Жишээ нь ЖДҮЗС-гаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан авсан, зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Б.Солтан, Д.Дамба-Очир нар шүүхээс ял шийтгэл авсан ч тэд бүгд өнөөдөр эрх чөлөөгөө эдлээж явж байна. Гэхмэтчилэн цагаан захтнуудын авлигын хэрэгт шүүгч цатгалан, шүүгдэгч гэмгүй үлддэг. Энэ шалтгаанаар олон нийтийн 60 гаруй хувь нь шүүгч ба шүүхэд итгэдэггүй гэсэн байх юм.
5.Өнгөрөгч Лхагва гаригт улсаараа долоон цаг тэг зогсолт хийж, Улаанбаатарчууд тэр аяараа уур бухимдал болсон. Удахгүй улсаараа ч таг харанхуй болж мэдэх эрсдэл хэдийнэ нүүрлээд удаж байна. Энэ бүгд нэг өдөр “гараад” ирсэн асуудал биш нь ойлгомжтой. Дээр доргүй, жижиг томгүй, хувь хувьсгалгүй улсаа тонож, төрөөсөө хулгайлж, төсвөө луйвардаж ирсэн өнгөрсөн 30 жилийн гор өнөөдрийн утаа, түгжрэл, халтиргаа, үер усны гамшиг, зовлонгоор илэрч байгаа юм. Энэ нь өчигдрийн улстөрчдийн авлигаас эхтэй, тэр тусмаа үүнд өргөсөн тангаргаа зөрчиж, томилсон хүндээ үйлчилсээр ирсэн шүүх засаглал бүр ч буруутай.
6.Иргэдийн анхаарлыг татаж буй бас нэг дуулиант хэрэг нь “ногоон баас /bus/” . Хотын дарга асан Д.Сумъяабазар "Тэнүүн-Огоо" компанид 134.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн энэ хэрэг луйвар мөн болох нь баримттайгаа батлагдсан. Хэргийг гол эзэд нь Д.Сумъбабазар, Ж.Сүхбаатар хоёр гэм буруугүй гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Тэдний өмнөөс хэнээр туг тахих вэ гэдгийг л Монголын шүүх мэднэ.
Хамгийн гол нь Монголын шүүх задарсны “зарц”, ядарсны “муна” болохын хэрээр иргэдийн эрүүл, амьд явах эрх алдагдсаар! Манай шүүхийн шударга ёс эрх мэдэл, эд хөрөнгөний өмнө “өвдөг сөгддөөг”. Юу үнэн гэвэл энэ л үнэн.
Гэснээс энэ намрын чуулганаар УИХ-аар хэлэлцэх 62 хуулийн төслийн нэг нь Шүүх байгуулах тухай хуулийн төсөл аж.
Холбоотой мэдээ