Шилдэг тамирчин бүр сайн дасгалжуулагч болдоггүй гэдгийн тод жишээнүүдийн нэг Фрэнк Лампард нэгэн сонирхолтой түүхийг хуваалцжээ. Тэрбээр Челсиг клубыг удирдаж байх хугацаандаа өдгөө од болоод буй Реал Мадридын Жюд Беллинхемийг багтаа авахыг хүссэн ч удирдлагууд нь зөвшөөрөөгүй гэнэ.
Фрэнк Лампард “Obi One” подкастад оролцох үеэрээ “Би Челсиг удирдаж байхдаа Жюд Беллинхемийг авчрахыг маш их хүссэн. Гэхдээ зорилгодоо хүрч чадаагүй. Түүний насны өсвөр насны хүүд 20 сая фунт төлнө гэх санаа газар аваагүй” гэв.
Челсигийн клубын амьд домог Жон Оби Микел өөрийн нэрийн "Obi One" гэх подкастыг эхлүүлсэн.
Жюд Беллинхем өсвөр наснаасаа л тодорсон бөгөөд 14 настайдаа л Бирминхем клубын 18 хүртэлх насны багт тоглож, 16 нас хүрээд ердөө 38 өдөр өнгөрсний дараа үндсэн багийнхаа төлөө анхны тоглолтдоо оролцож байв.
17 настай Жюд Беллинхем Бирминхем клубыг орхиж, Германы Боруссиа Дортмундад 30 сая еврогоор нэгдэх үед төрөлх клуб нь түүний 22 дугаарыг мөнхөлж байсан билээ. Тийм л залуудаа домгуудын хэмжээний хүндлэлийг хүлээж байсан гэхээр Беллинхем үнэхээр өөр түвшний хөлбөмбөгчин аж.
Мөн тухайн үед Манчестер Юнайтед Беллинхемийг авахыг маш их хүсч, Сир Алекс Фергюсон, Эрик Кантона зэрэг клубынхээ домгуудтай уулзуулж байсан гэнэ. Гэвч англи хүү Германыг зорихоор шийдэж, Дортмундтай нэгдсэн түүхтэй. Хожмоо буурь сэлгэн Испанийн эзэн хааны гэх тодотголтой Реал Мадрид клубд 134 сая еврогоор ирсэн билээ. Ирсэн үнэдээ ч таарсан тоглолтыг үзүүлж, одоогоор 13 гоол, гурван гоолын дамжуулалт өгөөд байна.
Холбоотой мэдээ