Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригт зарладаг өнөөдрийн /2023.11.09/4:11 мэдээллийн цагт Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга И.Мөнхжаргал, дэд дарга Т.Пүрэвхатан, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож төсвийн асуудал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Мөнхбат нарыг улс төрийн хоригдол болгон ял өглөө. Эрх баригч нам шүүхийг өөрийн гар хөл болгож байна. Иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүүлдэг шүүх байгаа юм бол иргэдийн мөнгөө залилуулсан асуудал яагаад өнөөдөр шийдэгдэхгүй удаад байдаг юм. Лизингээр утас авдаг хулгайд алддаг, араас нь хуулийнхан ажилладаггүй, шүүх нь шийддэггүй. Сөрөг хүчний залуучуудын асуудал болохоор түргэвчилсэн журмаар шүүх нь хуралдаад ял өгдөг. Эрх баригч намын өөрийнх нь хүмүүс дандаа торгуультай гардаг , эс бол ялаас мултардаг. Тийм учраас эрх баригчдын халаасны шүүх боллоо гэж хэлж байгаа юм. Бүх шүүгч ийм биш. Ерөнхий сайд шүүх рүү хэт дайрч увайгүй загнаснаас болж ийм зүйл болж байгаа юм. Ерөнхий сайд аа, та Монгол Улсын Ерөнхий сайд болохоос биш МАН -ын дарга гэдэг ганц өнцгөөр төрийн ажлыг битгий хий. Монгол төрийн Ерөнхий сайд гэдэг дэргэдээ байгаа сөрөг хүчнийхээ шүүмжийг даадаг, сонсдог байх ёстой. Дээрээ байгаа иргэдийнхээ хатуу шүүмжийг даадаг байх ёстой.
Шүүмжээр иргэдээ шоронгоор айлгадаг, шүүмжилсэн сөрөг хүчнээ шоронд хийдэг, ийм л улсыг та хойч үедээ хүлээлгэн өгөх гэж байна. Өмнөх Ерөнхий сайд нар ийм байгаагүй, арай илүү зангарагтай байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн хамгийн өндөрлөгт хүрсэн хэрнээ төр нь авлигад ялзраад дуусч байгааг гайхсан Загийн газар болж хувирч байна, иргэдээ автобусанд суухыг заадаг Засгийн газар болж хувирах гэж байна, түүхэнд байгаагүй 22 сайдтай Засгийн газар гэдэг нэр зүүх гэж байна шүү.
Ингэж ярихаар Ардчилсан нам юу хийх юм бэ гэж хүмүүс асуудаг. Бид хэзээ ч 22 сайд, 22 яамтай Засгийн газар байгуулахгүй. Есөн яамтай ажил хийж болж байсан. Тэр олон агентлаг хэрэггүй.
Ардчилсан нам хэзээ ч бизнес эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлдаггүй, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газар олноор нь байгуулаад бизнесүүдээ дээрэмддэггүй, уралдуулдаггүй. Энэ олон төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчилна. МАН амладаг юм билээ, чамайг сонгуульд ялбал төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга болгоно шүү гэдэг. Бид тэгэхгүй, бүгдийг алга болгоно.
“Бид татвар нэмэхгүй” гэж гарч ирчихээд “тэр чинь 2016 оны амлалт байсан. Одоо 2020 он” гээд иргэдийнхээ халаасыг тоноод сууж байгаа. Татвар бол хуульчлагдсан тонуул. Бид бол татварыг дандаа бууруулна. Ийм л зарчимтай, ийм л бодлоготой манай нам.
Бид шүүмжилсэн иргэнээ хэзээ ч шоронгоор айлгаж байгаагүй, айлгах ч үгүй. Бид сөрөг хүчнээ хэзээ ч хууль цагдаагаар айлгаж, нухчин дарахгүй. Яагаад гэвэл Ардчилсан нам ардчилсан нийгмийг ардчилсан зарчмаар удирддаг нам.
УИХ-д 62 суудалтай Ерөнхий сайд та шүүмжийг дааж сур, эмзэглээд уурлаад хэрэггүй. Уур мунхаг, саруул ухаан хоёр зэрэгцэж оршдоггүй юм.
Хууль зүйн шинэ сайд ажлаа авчихаад үндсэн ажилдаа хэзээ орох юм бэ. Хууль зүйн сайд Б.Энхбаяр биш Түр хорооны дарга Б.Энхбаяр болоод дуусах нь байна шүү. Хууль зүйн яаманд хүний эрхтэй холбоотой хуулиудыг сайжруулах ажил зөндөө бий. Түр хороог даргалаад явчих боловсон хүчин намд тань зөндөө байгаа байлгүй дээ гэсэн юм.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЛХАГВАДОРЖ:
-2016 онд МАН Монгол Улс хөгжих үү, аль эсвэл МАН-ын хэсэг бүлэг олигархи улстөрчид нь баяжих уу гэдэг сонголтыг хийчихсэн юм байна гэж ард иргэд ярьж байна. Н.Энхбаяр 2008 онд “2021 он гэхэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нэг ч гэр хороололгүй болно гэж амлалт өгсөн байгаа юм. Гэвч 2021 он дуусахад нийслэлийн гэр хорооллын тоо өссөн үү гэхээс буурсан тоо алга.
Дараагийн статистик мэдээ, 2011 онд МАН “2017 он гэхэд нийслэл Улаанбатар хотын түгжрэлийг 100 хувь үгүй болгож нийслэл метротой болно гэсэн. Тэр үед боломж нь байсан, гэвч тэд хэдэн цөөнх улстөрчидөө баяжуулах сонголт хийсэн.
2024 он гэхэд LRT буюу дүүжин тээвэр, метроны асуудал бүрэн дүүрэн шийдэгдэнэ гэсэн. 2016 оны сонгуулиар “2020 он гэхэд Улаанбаатар хот дундуураа усан замтай, усан зам нь 15 боомттой жишиг хот болно” хэмээн амласан байдаг. Гэвч өнөөдөр энэ бүх зүйл бодит байдал дээр ямар байгааг та бүхэн харж байгаа.
Улс орон хөгжих бүрэн сонголт байхад улс орноо хөгжүүлэх сонголтыг биш өөрийнхөө улстөрчдийг баяжуулах сонголт хийсэн байгаа. 4-5 жилийн амлалтууд нь худал болох нь үнэнд гүйцэгдээд ирэхээр 2050 оны Шинэ сэргэлтийн бодлого гэж боловсруулаад “2050 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 85 хувь нь дундаж буюу түүнээс дээш давхаргаа аз жаргалтай амьдруулна” гэж байгаа. Одоо МАН та бүхэнд итгэдэг ард түмэн гэж байхгүй шүү гэдгийг хэлмээр байна.
Улаанбаатар хотод өчигдөр тэг зогсолт хийлээ. Агаараас авсан зургийг харахаар зарим нэг машиныг замын урсгалыг албаар хаагаад зогсоосон байгаа, Зарим нэг газар албаар хашлага тавьсан байгаа юм. Албаар түгжрэл үүсгэх бодлого хаанаас гараад байгаа юм. Энэ их түгжрэлийг байхгүй болгохын тулд 27500 төгрөгийн татварыг хүссэн ч эс хүссэн ч оруулах бодлого явуулж байна. Одоо ард түмнээ бодох цаг болсон шүү, МАН-ын гишүүдээ гэлээ.
Ардчилсан намын дэд дарга Т.ПҮРЭВХАТАН:
-Ардчилсан намаас 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 45 хоногийн хугацаатай “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг 330 сум, нийслэлийн бүх дүүрэг дээр хийгээд явж байна. Миний хувьд Хэнтий аймагт сарын хугацаанд ажиллаж, бүх сум, багаар орж, 4000 гаруй иргэд, аж ахуйн нэгжтэй уулзлаа. Айл өрхөөр орлоо. Монгол хүний гурван тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд орсон байна. Дэлхийн банк болон олон улсын байгууллагаас гаргасан судалгаа юм. Албан бусаар 50 хувьд буюу 2 хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд орж байна. Дундаж давхарга алга. Манай Хэнтий аймгийн 20 гаруй нэгж дээр бүгд адил байна. Нэг номерт ажлын байр хэрэгтэй байна. Залуучууд “сумандаа, аймагтаа сайхан амьдармаар байна.Төрөөс халамж нэхээгүй, ажлын байр бий болгоод өг” гээд гуйж байна. Ганцхан жишээ татахад, 2023 оны тавдугаар сарын судалгаагаар БНСУ-д 55 мянган монгол залуу боолын ажил буюу хар ажил хийж байна. Энд ажлын байр байвал тэд заавал Солонгост очиж ажиллахгүй. Тэр Солонгост байгаа шиг үйлдвэрийг Монголдоо бий болгомоор байна.
Хоёрдугаарт, хяналтгүй төр бий болсон байна. Нэг нам засаглаад хяналтгүй төр байхаар өнөөдрийн энэ байдал үүссэн. Гэнэт хулгай үүсээгүй. Сүүлийн 8 жил нэг нам бүх шатандаа засаглаж байгаа учраас өнөөдөр хяналтгүй төр, эзэнгүй айл шиг хулгайлаад, тоноод, дээрэмдээд гарч байна.
Төрийн хулгайг ярьж байна, “Хулгай хийж байгаа дарга нарын мөнгө гэж байхгүй. Энэ бол зөвхөн ард иргэдийн татварын мөнгө, газрын баялгийн мөнгө” гэж иргэд ярьж байна. Байгалийн баялгаа тэгш хүртээмжтэй хуваарилаач ээ гэж ярьж байна. Хэдхэн хулгайч нар саяар, тэрбумаар хулгайлсан тухай ярьдаг байсан бол одоо их наядаар хулгайлсан тухай ярьж байна. Хулгай хэрээс хэтэрснийг хөгшин, залуу гэхгүй амтай болгон орон нутагт яриад сууж байна. Тийм учраас энэ их хулгайд алдагдаж байгаа мөнгийг ажлыг байр бий болгоход зориулах ёстой. Төр ажлын байр бий болгох үүрэгтэй. Орон нутагт ажлын байр байхгүй, хэдхэн төрийн албан хаагч байна. Хэдхэн хүнсний дэлгүүр ажиллуулдаг хувиараа бизнес эрхлэгч л байна.Өөр ямар ч ажлын байр байхгүй. Ганцхан БНСУ-д 55 мянган монгол хүн ажиллаж байна гэдэг нэг аймаг тэр чигээрээ очсон байна гэсэн үг. Монгол залуусаа эх орондоо ажиллаж, амьдрах, ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлмээр байна.
Г.ХОРОЛ