Путин Казахстанд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

Путин Казахстанд айлчилж байна

Путин Казахстанд айлчилж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнөөдөр /2023.11.09/ Казахстанд айлчилж байна. Харин нөгөө талд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нар Узбекистанд айлчлав. Эдгээр айлчлал нь бүс нутаг дахь шинэ дипломат ашиг сонирхлыг илэрхийллээ гэж ажиглагчид дүгнэж байна.

Орос, Украины дайнаас хойш бүс нутаг дахь Путины нөлөө суларч буй тул хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлзэх болсон. Дэлхийн улс орнууд ч Төв Азид идэвхийлэн хөрөнгө оруулах болов. Тухайлбал, Хятад улс "Бүс ба зам" санаачлагаараа дамжуулан бүс нутгийн томоохон түнш болсон. Путинээс долоо хоногийн өмнө Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Казахстанд айлчилсан билээ.

Путин, Касым Токаев нар Астана хотноо уулзахынхаа өмнө хоёр орны харилцааг өндрөөр үнэлсэн мэдэгдэл хийжээ. "Бид ирээдүйг харсан стратегийн түншлэлтэй" гэж Путин хэлсэн бол "Баялаг түүхтэй, гэрэлт ирээдүйтэй холбоотнууд" гэж Токаев хоёр орныг нэрийдэв.

Тэгвэл өмнө зүгт 1000 гаруй км зайд Узбекистаны нийслэл Ташкент хотноо Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болж байна. Энэхүү уулзалтад Иран, Туркийн ерөнхийлөгчид, Пакистаны ерөнхий сайд болон Төв Азийн бусад удирдагч оролцож буй.

Гэхдээ тэдний хэлэлцэх асуудал нь Израиль, Хамасын дайн биш гэдгийг Узбекистан онцлов. Тодруулбал, удирдагчид худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, тээврийн асуудлыг авч хэлэлцэнэ. Далайд гарцгүй Төв Азийн орнууд Пакистанаар дамжин далайд гарахыг оролдож буй талаар ярих төлөвтэй байна.

Ираны ерөнхийлөгч мөргөлдөөний талаар хэлэлцэхийг хүсэхгүй байна гэсэн бол Эрдоган энэ сэдвийг хөндөх магадлалтай юм. Эрдоган барууныхан болон Израилийн эсрэг дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж буй.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж