Спикер үүргээсээ зугтаж, УИХ улаандаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

Спикер үүргээсээ зугтаж, УИХ улаандаа гарлаа

Гишүүд авлигаа голж, сайд нар хоолоо булаацалдав

Спикер үүргээсээ зугтаж, УИХ улаандаа гарлаа

Энэ удаагийн УИХ сүүлийн жилийн төсвөө батлах гэж ёстой хөгөө хөлдөө чирч байна. Баахан хулгай луйвар, авлига илрэв. УИХ-ын гишүүн Г.Ганболд төсвөөс хүртэж буй бялуугаа голсон бололтой “Тойрог дээрээ гурван тэрбумын хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд Байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү гэсэн учраас бид дуугүй явцгаасан” гэж Засгийн газар ирэх оны төсвийг батлуулахын тулд УИХ-ын гишүүдийг авлигадсан бусармаг үйлдлийг илчилж орхив. Үүний өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх нэрээр төсөв задаллаа” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг загнаж харагдсан. Ийнхүү гишүүд авлигаа голж, сайд нар хоолоо булаацалдсан төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Үүн дотроос УИХ-ын даргыг Г.Занданшатарыг ундууцуулах асуудал олон байна. Жишээ нь, тэрбээр УИХ ирэх 2024 оны төсөв хэлэлцэк буй энэ үед НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилга гаргаж, 100 гаруй мянган иргэний дэмжлэг авсан нь талаар болсон. Иргэдээсээ авсан 600 тэрбумаа буцаагаад өгчихье гэж тайлбарлаад ч ангийн нөхдөөсөө дэмжлэг авч чадалгүй бүтэлгүйтсэн.  Спикерийн манлайлал дор 100 гаруй мянган иргэний хүсэлтээр УИХ-ын босго давсан энэ асуудал Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг дээр унасан. Сангийн Б.Жавхлан “Төсөвт тийм боломж байхгүй” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарыг тас зөрсөн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэдэг популзимаа боль тэр хүн” гэж хэвлэлээр загнасан. Харин Засгийн газар, эрх баригч МАН-ын бүлгийн олонхиор дамжуулан сонгуулийн ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар нэмэх 600 тэрбум төгрөг бол байгаа гэдэг мессэж тараасан. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар хувийн тоглолт нийгэмд 100 мянган хүний дэмжлэг авсан Төрийн ордонд ганцаардсан. Улмаар Засгийн газрын сайд нарт загнуулж, зандруулсан УИХ-ын дарга сүүлдээ чуулганы нэгдсэн хуралдаанаа хаях хүртлээ гоморхдог болов.

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр нэгэн хачирхалтай явдал болж өнгөрсөн. Нэгдсэн чуулган даргалж байсан Г.Занданшатар дарга “Төсвийн шинжилгээний албанаа 606.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 94.3 тэрбумаар санхүүжих дүнтэй төсөл арга хэмжээ нь  Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан. Бид хууль зөрчиж төсөв баталвал сүүлд нь асуудал үүснэ. Хууль тогтоох байгууллага эхнээсээ хуулиа зөрчихгүй байхгүй бол болохгүй. Гэтэл энэ 225 төсөл, арга хэмжээг харахаар Ховд аймгийн сумдад ногоон байгууламж бүхий орчны тохижилт хийхэд 2 тэрбум төгрөг гэх мэт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчилдсөн маш олон зүйл байна. Төсвийн төсөл дээр ч бий” хэмээн нөхдийнхөө төсвөөр дамжуулан хууль зөрчин хийх гэж буй хулгайг тоймолж орхилоо.

Мөн тэрбээр “Ингээд хууль зөрчөөд яваад байх юм бол Төрийн хэнмэлтийн хууль байх хэрэг байгаа юм уу.  Ховдод л баахан тохижилт хийх нь дээ. Ховд аймгийн цагдаагийн газар гэхэд 8.5 тэрбум төгрөг өртөгтэй байхад санхүүжилт нь 1.7 байна. Гэтэл нийт санхүүжилтийн гуравны нэгээс доошгүйг нь тавих ёстой. Энэ бүгд Төсвийн тухай хуулийн 29.3.3, 29.3.5 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хууль Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасантай зөрчилтэй хуулиуд баталж болох юм уу гэдэг асуудал үүсэж байна. Энийгээ хянан үзэж, гүйцээн боловсруулахгүй бол миний хувьд хуулийн зөрчилтэй санал хураалт явуулах ёс зүйн хувьд хүнд байна. Д.Тогтохсүрэн дарга үүнд тайлбар өгвөл сайн байна. Саяны тоонуудыг зассан юм байна. Гэхдээ Байнгын хороон дээр засах хуультай. Тиймээс энэ санал хураалтад би оролцох бололцоогүй юм байна. Л.Мөнхбаатар дарга та хурал удирдчих. Би хууль зөрчсөн санал хураалт явуулж чадахгүй” хэмээн гарч одсон юм.

Үүнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийх гэж оролдохдоо, чуулганы танхимд хуулийн төсөлд аман засвар хийж орхисон. УИХ-ын дарга асан Ц.Нямдорж орондоо хууль засдаг гэдэг шиг шууд аман засвар оруулан санал хураалгав. Ингэж засвар хийсний дараа УИХ-ын Дэд дарга Л.Мөнхбаатар төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар хуулийн зөрчилтэйг нь үл харгалзан санал хураалт явуулж дуусгасан юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр “Зөв. Төсвийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн төсөв хэлэлцэж болохгүй гэж. Гэтэл УИХ-ын дарга би үүнийг хэлэлцэхэд оролцохгүй, миний орлогч оролц гэснийг ойлгосонгүй. Би зөрчихгүй, чи зөрч гэж байгаа юм уу. Хурлын дарга илэрсэн дутагдал зөрчлийг арилгаад ир гэж үүрэг өгөх нь түүний үүрэг бус уу” хэмээн шүүмжилжээ.

Эрх баригчид хууль зөрчдөг зөрчдөг гэхэд ийм улайм цайм хулгайг шууд дамжуулж, авлига өгсөн авснаа яриад суусан удаагүй. Хууль тогтоох байгууллагын дарга нь хууль зөрчин хулгай хийж буйг мэдсээр байж зогсоогоогүй нь өөрөө буруутан болох ёстой. Үүнийг АТГ зүгээр хараад суувал тэдний хэргийг нуун далдалсан хамсаатан болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж