Түгжрэлд чангалуулсан 7 цаг…

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

Түгжрэлд чангалуулсан 7 цаг…

Түгжрэлд чангалуулсан 7 цаг…

2023.11.08-нд, 18.30 цагт:

Улаанбаатар хотод цас хаялсаар… Төрийн ордны зүүн талаас алхсаар төв зам дагуух “Мөнгөн завъяа” автобусны буудалд ирвэл унаа хүлээсэн хүмүүс дүүрэн. Цастай ч бусад өдрүүдтэй харьцуулахад дулаан байлаа. Гэртээ харихаар яарах зорчигчид автобус ирэхийг хүлээх ч сураг алга. Төв зам дагуух баруун болоод зүүн зүгийг чиглэсэн автомашины цуваа уртаас урт хөврөх ч хөдлөх нь ховор.

Арваад минутын дараа баруун чиглэлийн автомашинууд хөдөлж, урагшиллаа. Цэцэг төвийн уулзвар дээр түгжигдсэн байсан автомашинуудад хөдлөх команд өгсөн үү гэлтэй,  “Офицеруудын ордон-Таван шар” чиглэлийн троллейбус, “Шар хад-Хороолол III, IV”, “Офицеруудын ордон-Ханын материал” чиглэлийн автобус ирэв.  Гэвч дүүрэн зорчигчтой.  Жолооч урд хаалгаа онгойлгон, “хойшоо яваад өгөөрэй, хоёр, гурван хүн ч болтугай аваадхая” гэж хашгирна. Ийм үед хэн эр бяртай нь л чихэж, шахсаар багтаж ордог тэр л жишгээр эрчүүд голдуу 10-аад хүн автобус руу орлоо. Хойд хаалгаа онгойлгосон ч буух хүн байсангүй, бас багтах ч зай алга. Ингээд хоёр автобус, нэг троллейбус багтахаар нь зорчигчдоо чихэн суулгаад хаалгаа хаан, хөдлөв.

Саарал өнгийн приус унасан залуу “Таван шар, 5000 -аар явлаа” гэж хашгирсан даруйд л тал талаас нь бүчин, ядах юмгүй дүүрэв.  Нэг хүн 5000 төгрөгөөр зорчих юм байна. Таван хүн машиндаа суулгасан тул 25 мянган төгрөгийн “халтуур” хийчихэж буй нь энэ аж. Гэвч өнөөх приус зогссон газраасаа хөдлөлгүй, таг гацав. Төв зам дагуух автомашины урсгал баруун, зүүн чиглэл аль, аль талдаа гацжээ.

Сурагчдын амралт эхлэхээр Улаанбаатар хотын авто зам нэг хэсэгтээ сэлүүхэн болдог ч энэ удаад хичээлтэй байх үеийнхээс ч долоон дор орсон нь энэ.

Автомашинууд мөлхсөөр… Арваад минутын дараа “Зүүн салаа-Халдварт” чиглэлийн автобус ирэхэд нь чихэлдэж зүтгэсээр багтаж орлоо. Ахмадууд голдуу хүмүүс  автобусанд багтаж суусандаа бөөн баяр. “Ашгүй минь, ядаж л даарахааргүй боллоо. Хойшоо жаахан яваад өгөөрэй, хүүхдүүд ээ. Овоо олон хүн багтчихлаа” гэж ам, амандаа бувтнацгаана.  Автобусанд багтаж суусан нь сайхан ч хөдлөхгүй нь гачлантай.

20.00 цагт:

Автобус ердөө Их дэлгүүрийн өмнөх замд л зогсож байв. “Мөнгөн завъяа”-гийн автобусны буудлаас хэдхэн алхам хөдөлсөн л гэсэн үг юм. Ойрхон гэртэй нь алхахаар болж, бууцгаасан бол холын гэртэй нь хэзээ харихаа мэдэхгүй, санаа алдсаар…

Цагийн зүү хурдалсаар 21.30 цагийг заах үед автобус Их дэлгүүрийн баруухан талд л ирж, зогсчээ. Зогсоогоороо явсан зорчигчдын хөл нь чилэх нь чилж, өвдөх нь өвдөж, эцэстээ нуруу ч янгинаж эхлэв.  Тэг зогсолтод чангалуулж буй зорчигчид ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогдон мөддөө харихааргүй болсноо дуулгана. Зарим нэгнийх нь утасны цэнэг дуусч байгаа тул ярих боломжгүй болж байна гэдгээ ч мэдэгдэв.  “Хархорин” ч бас битүү түгжээтэй байна гэдэг мэдээллийг зорчигчдоос нэг нь автобусныханд дуулгав. Баруун дөрвөн зам өнгөрөөтөхвөл түгжрэл гайгүй болчих болов уу гэдэг хүлээлт ийн талаар болох нь тэр.

22.30 цагт:

Автобус хоёр буудал газар л явжээ. 30 орчим насны залуу давсаг чинэрч эхэлж буйгаа ярьж, зорчигчид “гүрий” гэдэг зөвлөгөө өгөв.

Баруун чиглэлийнхэн ийн түгжээнд орсон бол зүүн чиглэлийнхэн ч мөн ялгаагүй түгжрэлд нам гацсан байв. Нисэх, Яармаг чиглэлийнхэн ч Энхтайвны гүүрэн дээр 3 цаг гаруй хөдлөлгүй таг гацсанаа нүүр номоороо хуваалцсан юм.

Автобус мөлхсөөр Баруун дөрвөн зам ирж зогсоход “Хөлдөх гэж байна. Ашгүй унаатай залгалаа. Яадаг түгжрэл вэ. Хүүхдүүд амарчихсан байхад” гэж үглэсээр зорчигчид орж ирэв.  Дулаан байсан автобус шинээр орж ирсэн зорчигчдын хүйтэн агаарт сэрүү татах нь тэр.

Автобус мөлхсөөр… Нам гацаж байсны дэргэд явж байгаа юм. Гэхдээ нэг их сайхан торохгүй сүнгэнэтэл давхих боломжгүй.  Гацахдаа гацаж, явахдаа явсаар аравдугаар хорооллын автобусны буудалд ирж зогссоноос хойш дээрдэв.

23.00 цагт:

Драгон авто зогсоолын автобусны буудалд ирэв. Хүмүүс олноороо буусан ч зөрөөд л дүүрэн хүн орж ирсэн нь автобус явахгүй байгаатай холбоотой аж. Даарсан бээрсэн, автобус удаан хүлээсэндээ цухалдсан ууртай зорчигчид.

Автобус баруун хойш эргэн, “Сүү” ХК-ийн автобусны буудал өнгөрөөд явахгүй болж зогстол “Тавантолгой түлш” компанийн түлш ачсан вонго маркийн автомашин цагаан өнгийн приус машины хойноос орсноос  түгжрэл үүсчээ. Жолооч автобусаа хоёрдугаар эгнээ рүү шилжүүлснээр цааш хөдлөв.

21 дүгээр хороолол буюу “Содон” хорооллын  буудалд ирж зогссоноор автобуснаас бууж гэрийн бараа харахтайгаа болов.

Гэхдээ автобус дүүрэн зорчигч цааш хөдөлсөн. Хамгийн цаад зах нь Зүүн салааны эцэс хүрч байж, гэртээ очно. Тодруулбал, 21 дүгээр хорооллоос-Зүүн салааны эцэс хүртэл 15, 16 шахам буудал газар явна. Халдвартын эцсээс 16.50 цагийн орчимд дээрх автобусанд суусан зорчигч “24.00 цагийн орчимд гэрийн бараа харах нь ээ” гэсэн нь бараг 7 цагийг замд өнгөрүүлсэн болж таарч байгаа юм. Дунд буудлаас суусан хүмүүс бүтэн 4-5 цагийн турш зогссон гээд бодоход 9 эрүү давсан мэт ёрын хөндүүр оргив.

23.20 цагт:

Цаг их орой болсон тул Авто сургуулийн автобусны буудал хүн багатай байв.  Автобусны буудал дагасан ТҮЦ-үүд гэрэлтэй байгааг эс тооцвол дэлгүүр хоршоо хаалгаа ч барьжээ.

Гэртээ орж ирэн утсаа “ухвал” цагдаагийн байгууллагаас энэхүү түгжрэлийн шалтгааныг дараах шалтгаантай холбон тайлбарласан байв.

  • Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явсан.
  • Тухайн гарамыг цас орсоны улмаас 16:06-16:26 цагийн хооронд 20 минут хааж цасыг цэвэрлэсэн.
  • Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй 1 цаг 30 минут эвдэрч зогссон.
  • Мөн цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн.
  • Хан-Уул дүүрэг ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаангүй тодорхойгүй эвдэрч 40 минут зогссон зэрэг шалтгааны улмаас авто замын ачаалал, хөдөлгөөний хурд удааширсан гэж тайлбарласан юм.

Гэхдээ олон нийт “Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар төлбөртэй бүсээ тогтоохын тулд албаныхныг ашиглаад зохиомлоор түгжрэл үүсгэчихсэн юм биш байгаа даа” гэх хардлага “дэвшүүлсэн” юм.

Сурагчид амарсан үеэр болсон энэхүү тэг зогсолтын шалтгааныг нийслэлчүүд одоо ч хайсаар л байна.

Идэр ес эхэлж, цасаар шууран, зам халтиргаатай болж, өчигдрийнхөөс ч байдал дордох үед яана даа, нийслэлчүүд минь.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж