Израилийн Батлан хамгаалах хүчин аравдугаар сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Хамасын 130 гаруй хонгилын гарц буюу газрын гадаргуутай холбогддог босоо амыг устгажээ. Газын зурвас дахь хуурай замын ажиллагаа өргөжсөнөөр израиль цэргүүд Хамасын дэд бүтцийг илрүүлэн, устгасаар байна.
Тэдгээр хонгилд ус, хүчилтөрөгч зэргийг хангалттай ихээр базааснаас харвал Хамасынхан урт хугацааны дайнд бэлтгэсэн байна гэж Израиль үзжээ.
Иран улс Хамасын талд дайтаж, мөргөлдөөнийг хурцатгах вий гэсэн болгоомжлол бий. Тэгвэл энэ асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ нь Ирантай шууд харилцаж, арга хэмжээ авахыг хичээжээ. АНУ-ын Батлан хамгаалахын эх сурвалж мэдээлэхдээ "Мөргөлдөөний нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор бид Иран, Ирак, Ливан дахь Ираны эвслийн бүлгүүд болон бүс нутгийн бусад түнштэйгээ шууд харилцах нэмэлт арга хэмжээ авсан" гэв.
Газын зурвасаас иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх коридорыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гаргасан. Коридор гаргаснаас хойш Газын хойд хэсгээс өмнөд бүс рүү явганаар дор хаяж 40 мянган хүн нүүснийг НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээлэв. Харин мөргөлдөөн эхэлснээс хойш нийт дүрвэгсдийн тоо 1.5 сая дөхөөд байна.
Хамасын барьцаалсан хүмүүсийг суллах хэлэлцээг АНУ, Израиль, Катар улсууд идэвхтэй хийж байгаа ч явц муутай байна. Өнөөдрийн байдлаар 239 хүн барьцаанд байна.
Барьцааны хүмүүсийг суллаагүй тохиолдолд Израилийн тал гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй гэжээ. Хэлэлцээрийн гол зуучлагчаар Катар ажиллаж байна. Хэдэн долоо хоног үргэлжилж буй уг хэлэлцээрээр 10-15 барьцааны хүнийг суллах, 1-2 хоногийн хугацаанд гал зогсоох зэрэг нөхцөл яригдаж байгаа гэв. Байдены засаг захиргаа ч бас барьцааны хүмүүсийг илүү олноор нь суллахад туслах хүмүүнлэгийн зорилготой түр завсарлага авахыг уриалсаар байна.
Харин Олон улсын аврах хорооны ерөнхийлөгч Дэвид Милибандын хэлснээр Газад хамгийн багадаа тав хоног гал зогсоох шаардлагатай аж. Энэ нь олон улсын агентлагууд хүмүүнлэгийг тусламжаа зорилтот эзэнд нь хүргэхэд шаардагдах хамгийн наад захын хугацаа гэдгийг тэр онцлов. Эм, хоол хүнс, ус, түлш зэргийг Газын зурваст хүргэх шаардлагатай. Гэвч эдгээрийг хүргэх хүмүүнлэгийн ажилтны асуудал хурцаар тавигдаад буй юм. Газын зурвас дахь тусламжийн ажилтнуудын аюулгүй байдал баталгаагүй байгаа бөгөөд одоогоор 100 шахам тусламжийн ажилтан нас барсан гэх мэдээлэл байна.
Мөргөлдөөн эхэлснээс хойш нас барагсдын тоо 10515 хүрчээ. Эндээс 74 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ