Үндэсний урлагийн театрыг Яармагт барина

Үндэсний урлагийн театрыг Яармагт барина

Үндэсний урлагийн театрыг Яармагт барина

Соёлын салбарт 2023 оны улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн гэдгийг Соёлын сайд Ч.Номин онцолж байсан удаатай. Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь дуусаагүй театр, музейн барилга олон байна. Ингээд шинээр ашиглалтад оруулахаар хүлээгдэж буй бүтээн байгуулалтын талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулснаа хүргэе. Тэрбээр олон жил гацсан театр, барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орно гэдгийг онцоллоо.


ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР, ХҮҮХДИЙН НОМЫН САНГ 54.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИНА

Өдгөө 75 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тасганы овоонд театрын шинэ барилга барихаар олон нийтээс их хэмжээний хандив цуглуулсан. Гэвч өнөөдөр хандивын мөнгө ч үгүй, театр ч үгүй болоод байгаа. Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын  хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Улсын байгууллага учраас байрны түрээс төлдөггүй. Хуучны барилга учраас өвөл, зунгүй сэрүүн, халаалт муутай байдгийг ажилчид нь хэлж байв.

Соёлын дэд сайд М.Батбаяраас энэ талаар тодруулахад "Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн барилга байгууламжийг барихаар тусгасан. Энэ хүрээнд гурван жилийн хугацаанд холбогдох үйл ажиллагааг зохион байгуулсан. Нэгдүгээрт, газрын асуудлыг шийдэж Чингэлтэй дүүрэгт байрлах Тасганы овооны баруун талд 1.7 га газрыг нийслэлээс шийдвэрлэсэн.

Үүний дараа зураг төслийн даалгаврыг боловсруулж, 2022 улсын төсөвт тусгасан. Өнгөрсөн оны сүүлчээр тендер зарлаж, зураг төслийг гүйцэтгэгч компани шалгарч, нэг жил дамнан зураг төслийг боловсруулсан.

Хүүхдэд зориулсан хоёр том байгууламжийн зураг төсөл учраас судалгаа хийж, инженер техникийн том баг ажилласан. Энэ оны төгсгөлөөр нийтдээ 54.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга байгууламж болно гэдэг улсын магадлангийн дүгнэлт гарсан. Бүтээн байгуулалтын ажлын угтвар нөхцөлүүд бүрдсэн" гэв.

Соёлын яамнаас анх 2022 оны улсын төсөвт тусгахдаа 1.3 тэрбум төгрөгийг зураг төсөлд төсөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, “Sky Line” компани шалгарсан байна. Яг одоогийн байдлаар Хүүхэлдэйн театрын зураг төслийн ажлыг хийгээд дуусчээ. Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборыг Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах 1.7 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт 2021 оны хавар эхэлнэ гэж төлөвлөж байв. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.

Хүүхэлдэйн театр нь 650 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөгдсөн байна. Хүүхэлдэйн театр нь өнөөдөр 150 хүний суудалтай,  31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ТӨВ НОМЫН САНГИЙН ШИНЭ БАРИЛГЫГ 12 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож байна. Тэгвэл шинэ номын сангийн барилгыг ирэх арванхоёрдугаар сард улсын байнгын ашиглалтад хүлээж авна гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурал дээр хэлсэн. Тэрбээр "Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ оны арванхоёрдугаар сард Үндэсний номын сан нүүх, шилжих боломжтой болно. Өнгөрсөн 2022 онд барилгын ажил хагас жилийн хугацаанд доголдсон. Шалтгаан нь үндсэн барилгын гүйцэтгэгч харамсалтайгаар нас барсан.

Одоо шинэ гүйцэтгэгч компани ажиллаж, эрчимтэй барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Нийт 14 багц тоног төхөөрөмжийн тендер зарлагдаж, 1-12 дугаар багцыг нийлүүлж, суурилуулж байна. Сүүлийн хоёр багц нь барилгад тавилга нийлүүлэхтэй холбоотой. Одоо худалдан авалтын ажиллагааг зохион байгуулна" гэв.

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, барилгын ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болж, шинэ гүйцэтгэгч компани ажиллаж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлсэн.

Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН БАРИЛГА ЗУРАГ ТӨСӨЛ ДЭЭРЭЭ ГАЦЖЭЭ

Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьж буй Хүүхэд залуучуудын театрыг 2023 оны арванхоёрдугаар сард байнгын ашиглалтад хүлээж авахаар улсын комисс ажиллаж байгаа аж. Театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авсан юм. Энэ театрыг 2022 онд ашиглалт оруулна гэж байсан ч 2023 онд үүдээ нээгээгүй л байна. Албаныхны мэдээлж буйгаар 2024 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэсэн юм.

Соёлын дэд сайд М.Батбаяр "Том хэмжээний бүтээн байгуулалт учраас технологийн шаардлага өндөртэй байдаг. Тэр утгаараа арваад жилийн өмнө эхэлсэн бүтээн байгуулалтын зураг төсөл нь бүрэн хангалттай байгаагүй. Тиймээс ямар ч байсан барилга угсралтыг эхлүүлэхээр шийдсэн. Сүүлийн гурван жилд энэ барилгын тайз, интрьер дизайн, техникийн зураг төслийг төсөвт бүрэн тусгах, гадна шугам сүлжээ, дэд бүтцийн ажил, зам талбайн тохижилтын ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ бүх ажлуудын зураг төслийн судалгааг урьдчилан хийж, магадлах ёстой. Цаашаа зураг төслийн ажлыг хийж, улсын төсөвт хөрөнгийг тусгаж, дахин тендер зарлан олон гүйцэтгэгчийг хооронд нь уялдуулах шаардлагатай байгаа. Мөн хөрөнгийн хувьд улсын болон нийслэл, дүүргийн төсөв байдаг учраас олон ажлыг тасралтгүй хийж ирсэн. Тиймээс энэ оны төгсгөлд иж бүрэн болж, театрыг ашиглалтад оруулах гэж байна. Төрийн байгууллага нь байгуулагдчихсан, хүнээ бүрдүүлээд уран бүтээлийн бэлтгэлдээ орсон" гэв.

Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ. Театрт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болсон байна. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд гүйцэтгэсэн.

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон юм.

"НУРААСАН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛСЭН"

Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм. Тэгвэл шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон байна.

Музейн бүтээн байгуулалтын талаар Соёлын дэд сайдаас тодрууллаа. Тэрбээр "Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг барих тендер шалгаруулалт олон удаа цуцлагдсан. Том хэмжээний бүтээн байгуулалт учраас өндөр шаардлага тавьж байгаа. Сүүлд барилга угсралтын "Содон номин" ХХК шалгарч, ажил үргэлжилж байна. Нийт 138 тэрбум төгрөгийн төсөв хэвээрээ байгаа. Нийт санхүүжилт нэмэгдээгүй" гэв.

Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байв.

"Содон номин" ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагч нь Болдбаярын Баттулга ажилладаг байна. Тус компани барилгын засвар, засал чимэглэлээс гадна газар тариалан, автомашин худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.

Одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил гурван жил “гацсан” байдаг. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч 120 тэрбум төгрөгөөр төсөвлөж, баталж байв. Сүүлд энэ төсөв 138 тэрбум болж нэмэгдсэн. Ирэх 2024 онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс Монголд Азидаа шилдэгт орох музейг ашиглалт оруулах мөрөөдөл байгаа юм. Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫГ ЯАРМАГТ БАРИХ УУ ГЭДГИЙГ СУДАЛНА

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөх ажлыг хийсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших зөвшөөрөл гарсан. Барилгын зураг төслийг "Бьюлдингс Техноложи" ХХК хийж, загвар зургийг батлуулахаар хүлээлгэж өгөөд байна гэдгийг Соёлын яамнаас мэдээлж байв. Төсөл хэрэгжих хугацаа нь 2020-2023 он буюу гурван жил байхаар төлөвлөжээ.

Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр мэдээлэхдээ "Театрын шинэ барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулахаар болсон. Анх олгосон газар дээрээ газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа. Газар чөлөөлөлт 70 хувьтай байна. Мөн энэ хугацаанд Яармагт бүтээн байгуулалтыг хийх асуудлыг ярьсан. Гадаадын зээл тусламжаар хийх бүтээн байгуулалт тодорхой үе шаттай байдаг.

Хамгийн сүүлд гурван улсын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, арваннэгдүгээр сард багтан Хятадаас судалгааны баг ажиллахаар болсон. Нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй ч БНХАУ-аас 700 сая юанийн санхүүжилтээр барихаар судалгааг хийж байна. Нийт төсөв эцэслэн батлагдаагүй байгаа" гэв.

Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-09 202.179.24.147

Монголын Улсын төв номын сангаа шинэчиллээ гэсэн чинь11-р хорооллын хүн алхах зайгүй шахам газарт маш муухай архитектортой барилга бариад байна. Миний энэ харсан байдлыг өөр хүмүүс лавтайяа үгүйсгэхгүй байх. тэгээд улсын номын сангийн дахргаар хэдэн үг хэлхдэг, мөнгөний төлөө шоу, концерт, бусад ара хэмжээ хөтөтлдөг аймаарч гэмээр юм шиг боловсрол мэдлэг муутай Б. Ичинхорлоо гээийг томилоод удсан. Монголд Төв номын сангаа аваад явчих, төв, хуучин, шин монгол үсэгээр сайн судалдаг, чэвдарлаг уу

Avatar

ajaa taij 2023-11-09 202.9.46.1

Ylger tugsuj amar saihandaa jargah boloogui uy?. Tugsuhgui bui shaltgaan erduul mungu sanhuu.Gazraa tunhuul mungu olool heden ih nayadaar ni olool baigaa suragtaich Ulniihand hurteelgui. Tenger tenges dalain chinadad jargaj bui enhrii hairt tur zasag mini mungu haachisniig medej baigaach icheed helj zurhlehgui baigaa

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.168.8

СОЁЛЫН САЛБАРЫГ БҮХЛЭЭР НЬ ХУВЬД ГАРГА, ТӨРИЙН АРГА ХЭМЖЭЭНД ГЭРЭЭГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ БОЛГО, АЛЬ АЛЬ ТАЛДАА ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Avatar

Иргэн. 2023-11-09 43.228.129.139

Хогоор яадын ард түмэнд нийтийн тээвэр, метро, боловсролын тэгш хүртээмж хэрэгтэй байна. Новшнууд дандаа төсвийн зардал нэмсэн хог барьж байгуулахын

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.191.201

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫГ ЯАРМАГТ БАРИХ нь хол байна даа. Энэ театр уг нь төврүүгээ байвал зүгээр байна.

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-09 66.181.166.196

Хэрэгтэй хэрэггүй олон театрын хэрэг байдаг л юм байх даа, одоо театрт жүжиг ший үздэг хүн байдаг юм уу

Avatar

Нэргүй 2023-11-09 103.212.116.25

Одоо юм л бол яармаг руу барих тухай ярьдаг боллоо!Дэд бүтэц муутай ганц төв замтай гарц хонгил бараг байхгүй уртаашаа нарийн газар алсдаа улам л түгжирээнд нэрмээс болно!

Avatar

Зочин 2023-11-09 122.201.23.84

Хамаг хүүхдэд зориулсан юмнуудаа хувийнханд зарж баяжчихаад эргүүлээд барина гэж төсөвийн мөнгө шаахаа болимоор юм. Чадваргүй хөдөөний хүүрүүд

Avatar

Зочин 2023-11-09 202.179.25.149

Та Хэнтийн гаралтай. Хувийн компанитай. гэнэт Соёлын орлогч болсон. Одоо хурдан зайлах нь зүйтэй. Наана чин мэргэжлийн хүн байх ёстой. Драмын театр чинь 1980 онд баригдсан ханз маягийн хэлбэртэ Црт цагаанг бодвол ёстой түүхэн байрилга даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж