"Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал" салбар дундын хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.09/ "Туушин" зочид буудлын хурлын танхимд болж байна. Хурлын үеэр хүүхдэд зориулсан контентуудад хүчирхийлэл агуулж байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ"
НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг:
-Сүүлийн хоёр сар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл солилцох, чадавхыг нь дээшлүүлэх хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалахад чухал үүрэгтэй. Энэ үүргээ эргэн харъя. Хүүхдийн эрхийн зөрчил хаана байгааг мэдээлэхээс гадна хүүхэд рүү чиглэсэн контент бүтээх, хүүхдийн дуу хоолойг хэрхэн ёс зүйтэй мэдээлэх вэ, тулгамдаж байгаа ямар асуудал байгааг хамтдаа ярилцъя гэсэн юм.
Дэлхий дахинаа хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой чухал үүрэгтэй байдаг. Манай суурин төлөөлөгч хэлэхдээ "Хэвлэл мэдээллийн салбарынхан хүний эрхийг хамгаалахад манлайлагч байж чаддаг. Зөрчил хаана байна тэрийг олж мэдээлдэг.
Хүний эрхийг хамгаалах ёстой албаныхан үүргээ биелүүлж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Ингэж мэдээлэхдээ ёс зүйгээ баримталж ажиллах нь чухал. Хэлэлцүүлэг дээр ярьж буй асуудал, мэргэжлийн байгууллагын судалгаа, илтгэлийг сонсоход хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Бас тодорхойгүй хууль тогтоомжийн зүйл заалтууд байна. Бүх талын байгууллагууд саналаа хэлж, идэвхтэй оролцох шаардлагатай. Бид ч гэсэн өөрсдийн хэмжээнд зөвлөгөө зөвлөмж өгч ажиллана.
"ХҮҮХДИЙН КОНТЕНТОД АЛЛАГА ХАРУУЛСАН КОНТЕНТ ӨНДӨР ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА"
"Максима медиа" ХХК-ийн Контент мониторингийн менежер А.Урангоо:
-Манайх Соёлын яамтай хамтран хүүхдэд зориулсан зохицуулалтын хэрэгжилт ямар байна вэ гэдэгт мониторингийн судалгаа хийсэн. Энэ судалгааны үр дүнгээс танилцуулбал, өргөн нэвтрүүлгийн телевизүүд нийт эфирийнхээ тайланд хамрагдсан саруудын 11-13 хувьд хүүхдэд зориулсан контент эзэлж байна. Гэтэл хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гаргах үүрэгтэй байдаг. Хамгийн бага үзүүлэлттэй өргөн нэвтрүүлгийн хүүхдийн контент нь 0.02 хувь байх жишээтэй буюу маш бага үзүүлэлттэй байна. Тайланд хамрагдсан гурван сарын хугацаанд огт хүүхдийн нэвтрүүлэг гаргаагүй таван өргөн нэвтрүүлгийн телевиз байсан. Хүүхдийн нэвтрүүлгийн хувь хэмжээ нь хүүхэлдэйн киноноосоо бага хувьтай байсан. Харин арилжааны телевизүүдийн хувьд харьцангуй өөр. Хүүхдэд зориулсан контент гаргах үүрэг хүлээгээгүй хэдий ч хүүхдэд зориулсан нэвтрүүлэг контент нь өндөр хувьтай байсан нь сайшаалтай.
Хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх зохисгүй агуулгатай контент байна уу гэдгийг судалсан. Түлхүүр үгээр тоон үзүүлэлт гаргаж, судлахад хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлсөн контентыг судалгаанд хамрагдсан 75 телевизийн 70 орчим хувь нь гаргаж байна. Эдгээрийн 36 хувь нь өргөн нэвтрүүлгийн телевиз, 64 хувь нь арилжааны телевиз байна.
Жишээлбэл, залуусын хүчирхийлэл, аллагын гэмт хэргийг харуулсан контент өндөр хувийг эзэлж байсан. Хэдийгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдэд зориулсан контент хийж байгаа ч нөгөө талаас гэмт хэргийн сэдэл өгч байна. Тиймээс телевизүүд хүүхдэд зориулсан контент хийхдээ арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй.
"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАЖ, ХЭРГЭЭ НУУН ДАРАГДУУЛСАН"
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Захиргаа, дүн шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга Г.Мөнхбаяр:
-Ховд аймагт 13 настай охин бусдад зодуулж, харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагаар ташаа мэдээлж, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч, хэргийг өргөн бүрэлдэхүүнтэй шалгаад, тухайн гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоосон. Гэтэл хэвлэлээр талийгаач хүүхдийг үе тэнгийн 3-4 хүүхэд зодсон гэж, нийгэмд буруу мэдээлэл тараасан. Гэтэл хэрэг үйлдсэн этгээд нь нагац эгч нь байсныг олж, тогтоосон. Мөн дэмжих бүлгийн байгууллагын ажилчдын буруутай үйл ажиллагаа бас байдаг. Учир нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилчид гэмт хэрэг зөрчилтэй холбоотой, бага насны хүүхэд гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан л бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Дээрх хэрэг болоход цагдаад мэдэгдээгүй байсан. Үүний улмаас хэргийг илрүүлэхэд хугацаа алдаж, нотлох баримт устах нөхцөл бүрдсэн.
Боловсролын байгууллагын багш, ажилчид сурагчдаа байнга судалж, эцэг эх болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх ёстой. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, хэргээ нуун дарагдуулсан бодит жишээ болж байгаа юм.
Тиймээс сэтгүүлчид гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэхдээ эх сурвалжаас нь заавал асуух хэрэгтэй. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт 12 настай хүүхэд замын гарцан дээр автомашинд дайруулж, нас барсан. Дөнгөж осол болсон даруйд сэтгүүлчид цагдаагийн байгууллагаас асууж эхэлсэн. Цагдаагийн байгууллага "Яаралтай мэдээлэл авья" гэсэн асуултад ул суурьгүй хариулт өгч болохгүй. Албан ёсны эх сурвалж учраас бүрэн дүүрэн мэдээлэл авсны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл сэтгүүлчид тэр мэдээллийг өгөхийн хооронд "Архи согтууруулах ундаа хэрэглэсэн, эмэгтэй жолооч байсан байна" гэж худлаа мэдээлэл тараасан гэж нийгэмд бухимдал төрүүлсэн" гэдгийг онцолсон юм.
Холбоотой мэдээ