Украины олзлогдогсдын батальоныг удахгүй эх орных нь эсрэг тулалдуулахаар фронтын шугам руу илгээнэ гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Цэргүүд үнэнчийн тангараг өргөсөн гэж Оросын албаныхан мэдэгдэж байгаа ч энэ алхам нь дайн байлдааны талаарх олон улсын хуулийг зөрчсөн үйлдэлд тооцогдоно. Энэ нь мөн дайны талбарт их хэмжээний хохирол амсаж буй Оросын зэвсэгт хүчний байдал, чанарын талаарх асуудлыг хөндөж байна.
Оросын төрийн мэдээллийн агентлаг РИА Новости арваннэгдүгээр сарын 7-нд "Богдан Хмельницкий" батальон дахь Украины цэргийн олзны цэргүүд Орост үнэнч байхаа тангараглаж, удахгүй тулалдаанд орно гэж мэдээлсэн. Тус агентлаг өмнө нь аравдугаар сарын сүүлээр Оросын эрх баригчид янз бүрийн хорих ангиас 70 орчим хоригдлыг багтаасан батальон гэж тодорхойлсон бүлгийг фронтын шугам руу илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд холбогдох бэлтгэл сургуулилтаа хийж байна гэж мэдээлж байв.
Одоо бэлтгэлээ хангасан цэргүүдийг байлдааны ажиллагаанд илгээж, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын томоохон "Каскад" бүрэлдэхүүнд ажиллах болно гэж Дайн судлалын хүрээлэн Оросын хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдэгдлээ. Ингэснээр олзны цэргүүд Донецк, Запорожье мужуудын дагуу фронтын шугамд тулалдах гэнэ.
Сүүлийн долоо хоногт дээрх хоёр бүс нутагт ширүүн тулаан өрнөсөн. Эзлэгдсэн Донецкийн хил дээрх Авдийвка орчимд Орос улс дахин давшилт хийсэн ч цэрэг, автомашины хүнд хохирол амссан.
Нөгөө талд Украины сөрөг довтолгооны гол төв нь Запорожьед байсан бөгөөд цэргүүд Оросын бэхэлсэн хамгаалалтыг сэтэлж, эзлэгдсэн газар нутгийг Азовын тэнгис хүртэл буцаан авахаар зорьж байгаа ч тэгж чадахгүй байна.
Украины олзлогдогсдын тухай мэдээлэл бүрхэг байна. Олзлогдогсдын батальоныг өмнө нь "сайн дурын" бүлэг гэж нэрлэдэг байсан бөгөөд тэдний командлагч нь "ерөнхий нөхцөлөөр гэрээ байгуулсан" гэж РИА Новости мэдээлэв. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь тэднийг "ажилд авсан" гэж мэдээлж байв. Энэ нь цэргүүд Оросын цэргүүдтэй харьцуулахуйц цалин, тэтгэмж авахыг илэрхийлж болно. Гэсэн ч цэргүүдийг албадан элсүүлсэн үү, эсвэл Оросын санал болгосноор өөрсдийн хүслээр элссэн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.
Олзлогдсон цэргүүдийг тулаанд илгээх нь Дайны олзлогдогсдын тухай Женевийн конвенцийг зөрчсөн үйлдэл болж болзошгүй бөгөөд үүнд "Ямар ч олзлогдогчийг байлдааны тулаанд өртөж болзошгүй газар руу хэзээ ч илгээж, хорьж болохгүй", мөн тэднийг "эрүүл мэндэд хортой, аюултай хөдөлмөр эрхлүүлж" болохгүй" гэж заасан байдаг.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ