Тайвань удахгүй болох сонгуультай холбоотойгоор Хятадын коммунист тагнуулчдыг онилж эхлээд байна. Хятад, Тайвань хоёр 1949 оноос хойш харилцан бие биеэ тагнасаар иржээ.
Сүүлийн 10 сарын хугацаанд Тайванийн эрх баригчид тагнуулчдад тасралтгүй ял оноож эхлэв. Энэ нь Бээжингийн тагнуулын стратеги хүчирхэгжиж, элит цэргийн хүрээллээс халисны нотолгоо гэж тэд үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн сард Тайванийн тэтгэвэртээ гарсан агаарын хүчний хурандаа Лю Шэн-шу Бээжингийн талд тагнуул хийсэн хэргээр 20 жилийн ял авчээ.
Хятадын талд тагнуулаар ажилласан дор хаяж 16 хүнийг энэ он гарсаар илрүүлжээ. Гэтэл 2013-2019 оны хооронд Тайванийн Хууль зүйн яамны Мөрдөн шалгах товчоо ердөө 44 тагнуулын хэрэг илрүүлж байв.
Хятадын тагнуулчдын хувьд Тайвань зөөлөн хоол байдаг гэдгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн корпусын тэтгэвэртээ гарсан хурандаа Грант Ньюшам хэллээ. Грант Ньюшам нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хэдэн арван жил үүрэг гүйцэтгэсэн хурандаа юм. Тайванийг тагнахад амархан байдаг нь юун түрүүнд, газарзүйн байршил болон хятад хэлээр ярьдагтай нь холбоотой. Хоёрдугаарт, тагнуулчдыг төдийлөн хүндээр шийтгэдэггүй нь гол хүчин зүйл болдог. Грант Ньюшамын хэлснээр Тайваньд саяхныг болтол нууцын зэрэглэлтэй мэдээлэлд нэвтрэх эрхийг хязгаарлах хүчирхэг систем байгаагүй ажээ.
Тиймээс Хятад улс Тайванийн эсрэг зэвсэггүй дайныг урт хугацаанд явуулж байгааг Тайванийн Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга Цай Мин-Ен хэлэв.
Хятадын тагнуулчид нууц мэдээлэл хулгайлаад зогсохгүй олон нийтийн дунд тархи угаалт явуулдаг нь Тайванийн эрх баригчдын санааг зовоож байна. 2020 оны сонгуулийн өмнө Хятад улс Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийнхөө талаар эерэг мэдээлэл цацуулахын тулд мөнгө төлж байжээ. Хятадын гол стратеги нь Тайванийг сэтгэл зүйн хувьд унагах хэвлэл мэдээллийн дайн гэдгийг Тайпэйн Үндэсний Ченчи их сургуулийн эрдэмтэн Керри Гершанек хэллээ.
Зөвхөн Тайваниар тогтохгүй Хятад ч бас хилийн чанад дахь тагнуулын ажиллагаагаа сүүлийн үед өргөжүүлэх болсон. Ялангуяа АНУ үүнд онцгойлон хамаатай. Хоёр улс харилцан бие биеэ тагнах ажлыг эрчимжүүлсээр байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ