2024 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
2024 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Төсөв батлагдах шатандаа орж байна. 74 их наядын ДНБ болж өссөн. Эдийн засгийн өсөлт 7 хувь, инфляци 8.5 хувь гэж орж ирж байна. Цаашдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Зарлагыг ард түмний амьдрал, ядуурлыг бууруулахад чиглэсэн ёстой. Ядуурсан ардчилалтай улс орон гэж байхгүй. Оюутолгой төслийн далд уурхай ашиглалтад орвол Монголчуудын амьдралд өөрчлөлт гарж байсан. 74 их наядын хэдэн хувь нь” Оюутолгой”-д ногдож байгаа вэ. Алтны агууламжаа Монголчууд тогтоож чадаж байгаа юу. Эсвэл “Оюутолгой-н амаар яваад байна уу? Ядуурал 42.5 хувьд хүрсэн байна. Ядуурлыг бууруулах чиглэлд юу хийх вэ. Халамжид 1.8 сая хүн хамрагдаж байна. Халамж 2024 онд яаж буурах вэ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-2024 оны төсөв бол орлого, зарлагаа маш бодитойгоор төсөвлөж чадсан. Засгийн газрын дунд, урт хугацааны бодлогын суурь бичиг баримт, шинэ сэргэлтийн бодлого 2030 он, “Алсын хараа 2050” он хүртэлх төлөвлөгөөний эдийн засгийн зангилааг тайлсан төлөвлөлтийнхөө зорилгыг хангасан төсөв болж байна. Ирэх оны төсвийг хөрөнгө оруулалтын салбараар нь харвал баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчдаа дэмжсэн дорвитой төсөв болж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт 1.1 их наядын хөрөнгө оруулалт хийж байгаа бол зам дээр хоёр их наяд гаруй төсөвт өртөгтэй 790 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байна. Барилга хот байгуулалтын салбарт 750 тэрбумын өртөгтэй хөрөнгө оруулалт хийж байна. Хүмүүс төсвийн номноос цэвэр төсвийн санхүүжилт хараад байдаг. Төсвийн санхүүжилтээс гадна, гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл гээд бүхэлд нь харах юм бол ийм байна. 2024 оны орлогоо эрсдэлгүй төсөвлөж чадсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар 700 орчим тэрбум төгрөгийг Монголбанк гаргах төлөвтэй байгаа. Ойролцоогоор 17 мянган орон сууцны зээл өгөх боломж бүрдэнэ. Одоо ипотекийн зээлийн авлигал хаана явж байна гэхээр Монголбанкнаас арилжааны банк руу очдог. Арилжааны банкны нөхдүүд 10 орчим хувийг авдаг нөхцөл рүү орчихсон байгаа. Нэг зүйлийг сануулахад 98 мянган орон сууцыг 2012-2016 онд оруулсан. Гол хөшүүрэг нь хэнээс ч гуйхгүй авдаг байсан ипотекийн хүрэлцээ юм. Тиймээс энэ саналыг дэмжиж байна. 17 мянган айл ирэх жил ипотекийн зээлээр байртай болох нөхцөл бүрдэж байна.
Мал, амьтны тухай хуулийг хэлэлцэж бйана
Мал амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
-УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Хуулийн өөрчлөлтийг үзэхээр мал амьтны эмнэлгийн гэрчилгээг мал эмнэлгийн ерөнхий газар оруулаад ирсэн байна. Энэ хуучин гааль дээр байсан юмыг заавал Хүнс хөдөө аж ахуйн яам олгох гээд байгаа юм бэ. Боловсон хүчний нөөц хэр хангалттай юм бэ. Энийг шинэчлэхийн ороонд заавал шилжүүлэх гээд байгаа нь ямар учиртай вэ. Мал эмнэлгийн ерөнхий газрын хүний нөөцийн асуудал ямар байна вэ?
-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Нөгөө нь амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль. Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгаж гэж байгаа юм. Иймд, ургамал амьтны эрүүл мэндтэй холбоотой асуудал, ургамалтай холбоотой хорио цээрийн асуудал яригдана. Ингэхээр, мэргэжлийн байгууллага ажиллаж, дүгнэлт хийх хэрэгтэй болно. Хөдөө аж ахуйн яам мэргэжлийн үүднээс малын эрүүл мэндтэй холбоотой асуудалд тодорхой дүгнэлт өгч, гаалийн байгууллага мэргэжлийн байгууллагын үүргийг давхар хүлээгээд байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Мал амьтны бүртгэлтэй, бүртгэлгүй эм хэрэглэдгийг зохицуулдаг зохицуулалт орсон уу. Малын сүргийг бүгдийг нь вакцинжуулах нь зөв үү. Бид 70 сая малтай. Малын эмчийн асуудлыг хувийн хэвшилд даатгачихсан. Судалгаагаар 50 мянган малд нэг эмч байх шаардлагатай гэсэн судалгаа байдаг юм байна.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Хүүхдийн тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлэх хэрэгтэй
Гэр бүлийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр танилцуулав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-ОХУ-д өнчин хүүхдүүдэд сургууль төгссөний дараа байр өгдөг. Тиймээс энийг бид анхаараад бүтэн өнчин хүүхдэд байр олгодог хуулийн заалт оруулж ирэхэд та нар нэг анхаараач. Ямар ч асран хамгаалагчгүй хүмүүс хэцүү шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монгол Улсад гэр бүл салалт их нэмэгдэж байна. Гэр бүл салалтын золиос хүүхэд. Салалтын шалтгаан нь таарамжгүй харилцаа, архинаас болж байна. Хамтран амьдрагчдын эрх ашиг байнга зөрчигдөж байна. Амьдралын шаардлагаар гаднын хүмүүстэй гэр бүл болоод хохирдог асуудал байгаа. Үндэсний соён гэгээгүүлэх хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай болжээ. Цус ойртолт бол Үндэсний аюулгүй байдлын том сэдэв шүү. Дээр үед ургийн бичиг хөтөлдөг байсан. Одоо цагт ургийн бичгийг цахимд бий болгох боломж байна уу?
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо:
-Гэр бүлийн тухай хуульд гэр бүл болохдоо гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгааны нэг нь төрөл садны холбоотой гэрлэлтийг бүртгүүлэх боломжгүй. Шинэчилсэн найруулгын төсөлд цус ойртолтоос сэргийлэх, хүн амын удмын санг хамгаалах зорилгоор гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-ийн шинжилгээнд хамрагддаг болох боломжийг нээж байгаа. Нөгөө талдаа, ДНК-ийн шинжилгээ бодитой байхын тулд судалгаг сайн хийх хэрэгтэй. Төрөл саданг тогтооход мэдээллийн сангийн суурь судалгаа хэрэгтэй байгааг шүүхийн шинжилгээний байгууллагаас өгч байгаа.
Тиймээс гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө ДНК шинжилгээ өгдөг байх заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгасан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Гэр бүлийн тухай хууль оройтож орж ирсэн. Өнгөрсөн гурван жил намайг сошиалаар хоёр эхнэртэй хууль батлуулах гэж байна гэж гүтгэсэн. Монгол Улс нэг эхнэр, нөхөртэй байх үзэл баримтлал явж байгаа. Гэр бүлийн хуулиар яавал гэр бүл салахгүй байх уу гэдэг талаас нь заалт оруулж ирэх ёстой. Тэтгэмжийн асуудал маш чухал байна. Эцэг нь төлбөрийн чадваргүй эцэг нь архи уугаад явчихсан асуудлыг яах юм бэ. Иргэдтэй уулзахад эрсдэлийн сан байгуулах тухай санал тавьдаг. Гэр бүлийн сэтгэл зүйчид маш хэрэгтэй байна. Гэр бүлийн асуудлаар дагнасан сэтгэлзүйчдийг төрөөс яаж дэмжих вэ?
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо:
-Жил бүр шүүхэд гэр бүл цуцлуулах 700-2800 гаруй нэхэмжлэл ирж байна. Гэр бүл цуцлахад хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөх эрсдэл үүсдэг. Хүүхдийн тэтгэлэгтэй холбогдуулаад 50 хувь нь төлдөггүй гэсэн судалгаа байна. Үүний цаана төлбөрийн чадваргүй, бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүй, эрэн сурвалжлагдаж байгаа гэхчлэн асуудал байдаг.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-72 мянган өрх толгойлсон ээжүүд байна. Айл гэр болж тоглоно. Сална, сарнина. Эрчүүд хүүхдийнхээ тэтгэмжийг авгайдаа өгч байгаа гэж ойлгодог. Хүүхдэдээ өгч байгаа тэтгэмж гэж ойлгодог байх хэрэгтэй. Гэр бүлийн хуулиар гэр бүл цуцлуулбал 100 орчим мянган төгрөгийн тэтгэмж тогтоож байна. Тэрбум төгрөгийн орлоготой ч бай, сая төгрөгийн орлоготой ч бай хуулиар тогтоосон мөнгө өгдөг. Арчаагүй эрчүүдийн байдлаас болж олон мянган ээжүүд өрх толгойлж, нуруун дээрээ амьдралыг авч явж байна. Тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж нэмээд өгөөч ээ. Айл гэр болж тоглочхоод хүүхдэдээ хэдэн төгрөг өгч чадахгүй байгаа эрчүүдээс данснаас нь мөнгийг татдаг авч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа л хүүхэд хохирч байна.
Б.Энхбаяр сайдаа та согтуу жолоочийн хариуцлагыг нэмсэн шигээ эхнэр, хүүхэдээ хаясан эрчүүдийн тэтгэмжийн мөнгийг зоригтой нэмээд өгөөч ээ.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
-Н.Учрал сайдтай санал нэг байна. Хууль санаачлагчийн хувьд бүр чангалъя гэсэн бодол байсан. Гэхдээ, Үндсэн хууль гэж бий. Үндсэн хуулийн хүрээнд асуудал яригдах ёстой. Засгийн газраар оруулж ирэхэд орлоготой нь уялдуулж тэтгэмжийг нь авъя гэдэг зарчимтай байсан. Үндсэн хуулийн зарчимтай тулсан учраас энэ хүрээнд асуудал яригдаж байгаа. УИХ-д энэ асуудлыг дахин ярих эрх нь нээлттэй. Миний хувьд Н.Учрал сайдтай зүрх сэтгэл адилхан байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Жилд 16 мянган залуу гэр бүлээ бүртгүүлчхээд буцаад 4000 орчим нь гэрлэлтээ цуцлуулж байна. Гэрлэж байгаа дөрвөн залуугийн нэг нь цуцлуулж байна гэсэн үг. Цаана нь хэдэн мянган хүүхэд өнчирч хоцрох вэ. Салаад хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаас бултдаг паразит үе гарч ирж байна. 14 мянган иргэн хүүхдийн тэтгэлэг төлөх ёстойгоос 60 хувь нь хүүхдийнхээ тэтгэлгийг төлдөггүй. Шалтгаан нь ажилгүй, ядуу гэх тайлбар хэлээд хариуцлагаас бултдаг тогтолцоог бид дэмжиж болохгүй. Тиймээс эцэг эхчүүдийг хариуцлагажуулах ёстой. Хариуцлагаас бултвал яах вэ гэдэг асуудал тавигдана. Шүдгүй арслан шиг хууль баталж болохгүй.
Хүүхдээ өнчрүүлдэг эцэг эхчүүдэд төр төмөр нүүрээ гаргах ёстой.
Гэр бүлийн хүчирхийллийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Хүүхдийг эрүүл саруул өсгөх, зөв хүн болгох асуудлыг зөвхөн сургуульд даатгаж болохгүй.
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа:
-Хүүхэд хамгааллын тухай хуулийг хамтад нь хэлэлцэх ёстой юм биш үү гэж асууж байсан. Гэр бүлүүдийн 32 хувь нь дор хаяж нэг гишүүн нь согтууруулах ундаа хэрэглэдэг гэж хариулсан. Гэр бүл доторх хүчирхийлэл их байна. Тогтвор суурьшилтай гэр бүлийг бий болгохын охидын боловсролыг бууруулах биш согтууруулах ундаатай тэмцэх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Гэр бүлийн тухай 3.3-т Монгол Улсын эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэсэн заалт байгаа. 9.3.7-д гэрлэгсэд нь бие биедээ үнэнч байна. Гэр бүлийн тогтвортой байдлыг тууштай хангана гэсэн заалттай. Энэ заалт юуг илэрхийлж байна уу гэвэл нууц амраг, араар тавилт хуулиар хориглосон гэх агуулгыг илэрхийлж байна. Гэтэл нууц амраг, араар тавилтаас болоод жилд 6000 хүн гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл өгч байна. Үүнээс 10 мянган хүүхэд хагас өнчин болж хувирч байна. Араар тавилтын улмаас хүүхэд хохирч, гэмт хэргийн объект болж байна. Гэтэл тогтвортой байсан гэр бүлийг нэг нөхөр уруу татаж асуудал үүсгээд гэр бүл салгадаг. Тиймээс асуудал үүсгэсэн тэр хүнд хариуцлага тооцох механизм байхгүй байна. Гэр бүлийг бусниулдаг нууц амрагт ямар хариуцлага тооцох вэ?
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо:
-Хуулийн төсөлд цахимаар саналаа өгсөн хүмүүсийн 90 орчим хувь нь гэр бүлийн гадуурх харилцааг зохицуулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулаад заалт орсон нь тухайн хуулийн 9.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсвэл эхнэрийн эрх нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй” гэж тусгасан. Иргэний хуулийн 497-д “гэм хор учирснаас үүсэх хариуцлагыг тодорхой заасан байдаг. Бусдын эрх амь нас сэтгэц, нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн заалт байна. Гэм хор учруулсантай холбоотой шүүхийн шийдвэр гарсан жишээ байдаг.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж араар тавьсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хөндөж байна. Хайр сэтгэл бол хуульчлагдаггүй. Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. Хуульчилж огт болдоггүй харилцаа байна. Гэр бүлийн гишүүн гурав дахь хүн рүү харсан нь уу хайр уу, шохоорхол уу гэдгийг бид мэдэх боломжгүй. Гуравдагч хүнийг харж, хазаж болохгүй гэж хууль бичиж болохгүй.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.
Эрүүгийн хуулийн 21.9 хэвлэл, мэдээллийнхэнд хамаагүй
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Эрүүгийн хууль бол хүний хувь заяатай холбоотой учраас маш сайн нягтлах ёстой. Айраг ууснаас болоод ял авчих гээд байгаа гэх юм. Тэр талаар тодруулж өгөөч. Айраг уучихсан яваад шоронд орох тохиолдол гарах вий. Тээврийн хэрэгсэл дотор скүүтэр багтах уу. Скүүтэртэй уучихсан явж байгаад хүн мөргөвөл яах вэ. Гадаадад энэ чиглэлээр тусгайлсан хууль гаргасан шүү.Тээврийн хэрэгслийн соёлгүй харилцаа замын түгжрэлд их нөлөөлж байгаа. Өөрсдөө машинаа зам дээр тавиад явчихаараа тоохгүй байна. Хэлэхээр урдаас тоохгүй сүртэй юм гэдэг. Гэсэн мөртлөө хүн машин тавьсныг хараад новш чинь гээд уурладаг. Энэ ёс зүйн төлөвшлийг арилгах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол одоогийн хуулиар Зөрчлийн тухай хуулиар шийтгэгддэг. Засгийн газраас өргөн барьсан хуульд ялын бодлогыг чангатгаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас эд, хөрөнгө, эрүүл мэндээр хохирох зөрчил буурахгүй байгаагаас хариуцлага чангатгах хуулийн төсөл орж ирсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гэмт хэрэг гаргасан тохиолдолд эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулахаар өргөн барьсан хуулийн төсөлд орж ирсэн.
Хэлэлцүүлгийн явцад хэт чангаруулсан байна гэж үзээд “эхний удаа зөрчил гаргасан тохиолдолд эрхийг нь 6 сараас нэг жилээр хасч торгох буюу торгуулийн хэмжээг нэмсэн. Эсвэл 7-30 хоног баривчилна” гэж байгаа. Архи уугаад согтсон байна уу айраг уугаад согтсон байна уу гэдгийг ялгах бололцоогүй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Мөрдөн байцаалтын нууц задруулах эрүүгийн хуулийн 21.9 дэх заалт байгаа. Хууль санаачлагч оруулж ирэхдээ мөрдөн байцаалтын нууц задруулах гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахаар оруулж ирсэн. Энэ асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэл үзүүлж байсан. Энэ асуудлыг МАН-ын бүлэг авч хэлэлцээд, 21.9 гэдэг заалтыг хасах нь зүйтэй гэж тогтсон. Тиймээс гишүүдийг кнопоо дарахгүй байгаад энэ заалтыг босгож өгөхийг хүсье.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан болон иргэнийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан асуудлаар шийтгэгдээгүй юм билээ. Энэ хуулийн заалтын дагуу аливаа иргэн, хэвлэл мэдээллийн ажилтан 21.9 заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх ёстой шүү. Мөрдөн байцаалтын нууц задруулаад шантаажлах зүйл их байдаг. Нууцыг нь задруулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстойг протоколд тэмдэглүүлэхийн тулд хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Мөрдөн байцаалтын үед олж авсан албаныхаа мэдээллийг задруулж болохгүй. Олон хүний амь настай холбоотой хэрэг. Мөрдөн байцаалтын нууц задруулсан хүнийг торгоод өнгөрдөг. Олон хүний амь, амьдрал хохирдог учраас Засгийн газраас гаргасан саналыг дэмжиж байна. МАН-ын бүлэг угаасаа сонин. Дандаа хачин, хачин юм гаргаж байдаг. МАН-ын бүлгийн гаргасан саналыг дэмжиж болохгүй. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн гүйцэтгэх ажлын нэг хэсэг болж байна. Мэдээлэл олж авах, эх сурвалжаа нуух нь хэвлэлийнхний бүрэн эрх. Мөрдөн байцаалтыг явуулж байгаа албан тушаалтан, цагдаа тагнуул, АТГ хариуцлага хүлээх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Мөрдөн байцаалтын нууцыг олж авсан иргэн, сэтгүүлчид хариуцлага ярих боломжгүй. Тэд хардах эрхтэй хүмүүс. Үүрэг хүлээсэн, тангараг хүлээсэн мөрдөн байцаагч, прокурор шийтгэгдэх ёстой гэх зарчим дээр санал нэг байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Энэ заалтад анхнаасаа санаатай үйлдэл явсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдлаа, сэтгүүлчийг яллах гэж байна гэх улс төр зориуд хийсэн. Энэний цаана нууц мэдээллийг задалдаг хуулийнхан өөрсдөө байгаа. Өөрсдөө захиалгаар ийм юм хийсэн. Одоо энэ асуудалд тодорхой мөрдөн байцаалт хийж байгаа зүйл бий. Жирийн албан хаагчдаас мэдээлэл задрахгүй. Сүлжээ үүссэн байгаа. Шантааж хийж байна. Цаана нь хээл хахууль авдаг том сүлжээ байгаа.
Мөнгө угааж байна. Улстөрд нөлөөлж байна. Төрийн эрх мэдэлд хонгилынхны гарт байх ёсгүй.
Эрүүгийн хуулийн 21.9 хэвлэл мэдээллийнхэнд хамаатай заалт биш. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд энэ заалт эрүүгийн хуульд байсан. Хэвлэл мэдээлэл, иргэнийг энэ зүйл заалтаар яллаж байгаагүй. Зориуд мушгиж нууц задалдаг сүлжээ нь задрах гээд сандраад акц хийсэн шүү. Манай байнгын хороо хасах саналыг дэмжээгүй.
Монголчуудын ахуй амьдралыг сайжруулах талаар яригдахгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Улсын төсөв юу болоод байгааг асуулга тавьж олон нийтэд мэдээлэл өгье. Гишүүдийн тойргийн төсвийг нэмж авилгийн шинжтэй үйлдлээр Монгол Улсын төсвийг алдагдалтай батлах гэж зүтгэхээ боль. Сонгууль угтсан жил бүр төсвийн алдагдал хамгийн өндөр байгааг олон улсын байгууллага баталчхаад байна Хүмүүсийн ахиу амьдрал дээшлүүлмээр байх юм. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр нийлээд хэдэн троллд мөнгө өгөөд байж болохгүй. Тойрогт гээд мөнгө тавьчхаад мөнгө цавчиж байна. Түүнийгээ сошиалаар хүн хөлслөөд ажиллуулж байна. Монголчуудын ахуй амьдралыг яаж дээшлүүлэх үү гэдэг асуудал ерөөсөө яригдахгүй байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-УИХ төсөв хэлэлцэж, улс төрчид халуун хайр зарлаж байна. Цаг уурын гамшигт үзэгдлээс болж олон хүний амь нас эрсэдсэнд гүнээ харамсч байна. 2024 оны төсөв хэлэлцэж байгаа. Үүнд эдийн засгийн голлох салбар болсон малчдын эдийн засгийн хөшүүргээр дамжуулж хөдөө орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах талаар нэг ч хөрөнгө тавьсангүй. Бид 70 сая малтай гэж сайрхаж ярьдаг. Малчдыг эдийн засгийн бодлогоор дэмжиж тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон. Малчид байхгүй бол хэдэн жилийн дараа гаднаас ажиллах хүч авах уу. Малчдаа, залуусаа орон нутагт ажилла гэж уриа лоозон яриад ямар ч үр дүнгүй болсон. Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас малчдын асуудал хүнд байна.
Холбоотой мэдээ