"Их-7" бүлгийн Гадаад хэргийн сайд нар Токио хотноо чуулж, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцсэн. Уулзалтад "Их-7"-ийн удирдагчдаас гадна Европын холбооны төлөөлөгчид оролцсон байна. Тэд энэ үеэр "Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцадсан ч Украинд үзүүлэх дэмжлэг хэзээ ч ганхахгүй" гэсэн нэгдсэн байр суурийг илэрхийллээ.
ОХУ урт хугацааны дайнд бэлтгэж байгаа гэж "Их-7" үзэж байна. Тиймээс эдийн засаг болон батлан хамгаалахын тусламжийг Украинд үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно. Орос, Украины дайн эхэлснээс хойш "Их-7"-ийн орнууд нь хориг арга хэмжээний тэргүүн эгнээнд явсаар ирсэн. Энэ удаагийн уулзалтаар ч бас ОХУ-д авах нэмэлт хориг арга хэмжээний талаар хэлэлцжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ "Бүлэг Оросын дайныг буруушаасан нэгдмэл байр суурьтай байна" гэв. Ерөнхийлөгч Жо Байден Украинд 60 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгох хүсэлт гаргасан ч Бүгд найрамдах намын Конгрессын гишүүд үүнийг эсэргүүцээд буй. АНУ-ын засаг захиргаа Украинд хуваарилсан хөрөнгийнхөө 96 хувийг хэдийнэ зарцуулчихаад буйг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ