Сурвалжлага: Дэмждэг багийнхаа тоглолтыг үзэхээр хотод иржээ

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

The League

Сурвалжлага: Дэмждэг багийнхаа тоглолтыг үзэхээр хотод иржээ

Сурвалжлага: Дэмждэг багийнхаа тоглолтыг үзэхээр хотод иржээ

"Уурхайчидын тоглолтыг үзэх гэж Хэнтийгээс ирлээ" гэж ярих хүүг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг. Тэрбээр дээд лигийн Эрдэнэтийн Уурхайчид багийг 2020 оноос хойш дэмжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил аварга авахад нь магнай хагартал баярлажээ. Учир нь түүний өмнөх нь Уурхайчид финалд шалгарсан ч Хүлэгүүдэд харамсалтай хожигдон аваргын цомоос атгаад алдсан аж. Түүний Уурхайчидыг дэмжих болсон шалтгаан нь Т.Санчир тэргүүтэй тамирчид гэнэ. Тэрбээр ярихдаа "Т.Санчир ах зэрэг тамирчдаас нь л болж дэмжих болсон доо. Өнгөрсөн жилээс хойш л ирж үзье гэж бодсон. Энэ орчин үнэхээр "тасархай" байна" гэв.

Түүний хувьд багаа энэ жил аваргаа хамгаалж, Уиллиамсыг дахин нэг удаа "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгараасай гэж хүсч байна.

Б.Мөнх-Эрдэнийн адилаар н.Ганзориг гэх 12 настай хүү ч багаа амжилтаа ахиулаасай гэж хүснэ. Гэр бүлийнхээ хамтаар "UG" аренад хүрэлцэн ирж, лигийн тоглолт үзэх тэрбээр "IHC Apes" багийн фэн. Ялангуяа өнгөрсөн улирал тус багт тоглож байсан Саммерсыг ихэд дэмжиж байсан гэнэ. Харамсалтай нь энэ улирал Саммерсын "Apes"-тай байгуулсан гэрээ дуусгавар болж, тоглохооргүй болжээ. Түүний хувьд монгол тамирчдаасаа Ц.Азбаярыг дэмжиж байсан ч тэр мөн л тоглогчийн замналаа өндөрлүүлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн билээ.

н.Ганзориг "Саммерс багаасаа гарсан учир өөр дэмжих тоглогчоо хайж л байна. Монгол тамирчдаас гэвэл өнгөрсөн жил Ц.Азбаярыг дэмжиж байсан. Сайн, шиддэг, ер нь бүх юмыг хийдэг. Тэр нь таалагдсан. Өнгөрсөн жил манай баг хагас шигшээд хожигдсон учир энэ жил тэр шатаа даваасай гэж хүсч байна. Гэр бүлийнхэнтэйгээ тоглолт үзэх гоё байна. Би бол сагсны том фэн" гэж өөрийгөө тодорхойлов.

Сүүлийн жилүүдэд Монголд цар хүрээ, үзэгчдийн тоо, зохион байгуулалтаараа хурдацтай хөгжиж буй спорт бол яахын аргагүй сагсан бөмбөг. Өнгөрсөн жил өндөр шагналын сан, шинэ ордонтой болсон дээд лиг ирэх жилүүдэд ч хурдаа саааруулахыг хүсэхгүй байна. Энэ жилийн онцлог нь мэдээж эрэгтэй лиг 13 багтай болсон явдал. Мөн дийлэнх нь гадаад дасгалжуулагч нараар удирдуулж буй. Багийн тоо анх төлөвлөснөөс олон болсон учир улирлын тоглолтууд ч олон болж, лиг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Олон улсын жишгийн дагуу хөгжлийн лиг бий болсон бөгөөд тус лигийн түрүү, үзүүр хоёр дээд лигийн ес болон аравдугаар байрт орсон багуудтай плей-оффын тоглолт хийн хэн нь дээд лигт тоглох эрхтэй вэ гэдгээ шийднэ. Харин энэ улирал дээд лигийн 13-11 дүгээр байруудад орсон гурван баг автоматаар шууд хөгжлийн лиг чансаа буурна. Шагналын сангийн тухайд өнгөрсөн улирлынхтай ижил эрэгтэй лиг нэг тэрбум, эмэгтэй лиг 200 сая байх аж. Гэхдээ шинэлэг зүйл байгаа нь тасалбарын орлогын 10 хувийг багуудад, 30 хувийг тамирчдад олгохоор болжээ.

Энэ жил дээд лигт тоглолт наймаалцах, үр дүнг тохиролцох асуудлын эсрэг хиймэл оюун ухаан дээр суурилсан "bet"-ийн эсрэг систем ажиллаж байна.

Дээд лигийн төлөвлөгөө 2028 он хүртэл гарсан бөгөөд энэ хүрээнд лигийн драфт, байгууллагын бүтцийн шинэчлэлт зэргийг тусгажээ.

Өчигдөр/2023.11.08/ дээд лигийн хүрээнд нийт гурван тоглолт болсон. Оргил тоглолт Эрдэнэтийн Уурхайчид болон Тэнүүн-Өлзий Металл багуудын хооронд болж, өнгөрсөн улирлын финал эргэн ирсэн. Хөгжөөн дэмжигчид ч хэдийнэ “Танай, манай” дээрээ тулж, өөрсдийн багаа хоёргүй сэтгэлээр дэмжиж, зохион байгуулалтад орсон байв. Багуудын нэрийн бүтээгдэхүүнд тоглолтын өмнө зарагдаж, фэнүүд дуртай тоглогч, багийнхаа өмсгөлөөр жигдэрсэн харагдана. Тэнцүүхэн өрсөлдөөнтэй, гал гарсан тоглолтын эцэст Пендарвис Уиллиамсын гайхалтай тоглолтын ачаар аваргууд болох Уурхайчид ялалт байгуулсан юм.

Тоглолтын дараа Уурхайчидын тамирчин А.Бямбадорж "Өрсөлдөгч баг маань хүчтэй байлаа. Гол тоглоч нар нь тэмцээнд яваад жигдрээгүй байсан байх. Сайн өрсөлдөөн үзүүллээ. Манай баг бусад багийг бодвол бэлтгэлдээ сүүлд орсон учир бэлтгэлжилт дутуу байгаа. Энэ жилийн зорилго бол аваргаа хамгаалах. Хуучин тоглолтоо эргүүлэн олж авч, хамгаалалтдаа анхаармаар байна" гэжээ.

Металл багийн фэн энэ өдрийн тоглолтыг хүүхдүүд, дүү нартайгаа гээд нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй үзэж байгаатай таарав. Тэрбээр "Лигийн тоглолт үзэх гоё ш дээ. Өнгөрсөн жилээс хойш л үзэж байна. Өнөөдөр хүүхдүүд, дүү нартайгаа хамт анх удаагаа үзэж байна. Бүр 13-уулаа үзэж байна. Бүгдэд нь их гоё л байх шиг байна. Догдлоод л байна. Баг маань финалд дахиад гарах байх л гэж бодож байна" гэлээ.

"Ирээд гоё мэдрэмж авах хэрэгтэй. Төсөөлөхөөс илүү ирээд үзэх нь сайхан шүү дээ"

Харин Металлыг гурван жил дэмжиж буй М.Тогтох найзуудын хамтаар лигийн тоглолт үзэж байлаа. Тэрбээр хоёр лиг болж хуваагдах асуудал үүссэн ч эцэст нь нийлсэнд баяртай байгаагаа дуулгав. "Энэ жилийн өрсөлдөөн чангарч, багууд сайжирсан юм шиг санагдаж байна. Хоёр лиг болж хуваагдах байсан ч одоо нийлсэнд нь баяртай байна. Энэ жил баг маань амжилтаа ахиулж, аварга болоосой л хүсч байна. Ордонд ирж, лигийн тоглолт үзэхээр стресс тайлагддаг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж