Нийгмийн сүлжээнд МИК иргэдийн ипотекийн зээлээс мөнгө завшсан гэх мэдээлэл тараад байна. Энэ асуудлаар Монголын Ипотекийн Корпораци буюу МИК-ийн олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.
– Daam.mn сайт болон өмгөөлөгч Булгамаа гэх хүн сошиал орчинд ипотекийн зээлтэй иргэдийн төлсөн мөнгөнөөс МИК гэх компани 4 жилийн хугацаанд 182 тэрбум төгрөг завшсан, зарцуулсан байна” гэж бичээд байна. Танай компани энэ дээр хариу өгнө үү?
– МИК нь ипотекийн зээл олгодоггүй харин банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан урт хугацаатай бонд болгоод хөрөнгө оруулагчдад худалдах, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох ажлыг хийдэг. Ипотекийн зээл нь нэгээс хоёр жилийн богино хугацаатай, хязгаарлагдмал нөөцтэй эх үүсвэрийг хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаанд тогтмол олгох гол онцлог талыг төдийлөн ярихгүй байна. Нөгөөтээгүүр энэ зээл нь эргэн төлөлтөөр өөрөө өөрийгөө санхүүжүүлж байгаа экосистемийг бий болгосон. Энгийн үгээр хэлбэл энэ ажлыг хийж байж, иргэн Дорж сар бүр 500 мянган төгрөгийн тогтмол дүнгээр зээлээ 30 жилийн турш хувааж төлөх нөхцөл боломж бүрддэг гэсэн үг.
Бид үнэт цаасжуулахтай холбоотой зээл шалгах, хөндлөнгийн хяналт хийлгэх, хуулийн дүгнэлт гаргах, зээлийн эрсдэлийн цогц ажил хийх, бонд эзэмшигчид хөрөнгө оруулагчдын бондын хүүний төлбөр төлөх, санхүүгийн тооцоолол гэх мэт санхүүгийн байгууллагын хийдэг мэргэжлийн ажлыг хийж, банк санхүүгийн байгууллагын жишгээр үйлчилгээний төлбөрийг авдаг. Үүнийг зээлдэгчдийн төлсөн мөнгөнөөс биш бонд эзэмшигчдэд төлөх төлбөрөөс суутгаж авдаг. 182 тэрбум гэдэг тоо хаанаас гарсныг мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг мөнгө завших боломж байхгүй, ташаа мэдээлэл байна. Манай компанийн үйл ажиллагаанд төрийн зохицуулагч байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж, давтамжтай хяналт шалгалтыг хийдэг. Бид “Эрнст энд Янг Монголиа” Аудит ХХК компаниар хөндлөнгийн санхүүгийн аудит хийлгэдэг, бүх хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага. Ипотекийн зээлийн тогтолцооны тухай ямар ч ойлголт, мэдээлэлгүй хүн иргэдийг төөрөгдүүлэх буруу ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
– Танай компани ипотекийн зээлийг олгоход яг ямар үүрэгтэй оролцдог гэсэн үг үү?
– Анх хүн ам иргэдээ яаж орон сууцжуулах уу, яаж урт хугацаатай хүү багатай ипотекийн зээлтэй болох уу гэж эрэл хайгуул хийж байсан 2004 оны эхээр тухайн үеийн USAID байгууллагын санхүүгийн мэргэжилтнүүдээс банк санхүүгийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулах хувийн хэвшлийн санхүүгийн байгууллага хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Тэр дагуу 2006 онд Монголын Ипотекийн корпорацийг Монголбанк, Арилжааны 10 банк хамтран байгуулсан. Байгуулагдсан цагаас хойш ипотекийн зээлийн экосистемийг бүрдүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан. 2013 онд Засгийн газрын хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл МИК ипотекийн зээлийн санхүүжилтийн хоёрдогч зах зээл дээр ажилладаг мэргэжлийн чадварлаг цорын ганц компани хэвээр байна. Өөрөөр хэлбэл зээлийн хугацааг иргэдийн сар бүрийн орлогод нийцсэн ээлтэй, урт хугацаатай болгоход ипотекийн зээлийг үнэт цаасжуулах, 30 хүртэл жилийн хугацаанд эрсдэлээ даагаад явдаг, санхүүжилт нь тасардаггүй бие даасан механизм бүрдүүлэхээр зорьж, сүүлийн 10 жилд 120 мянган иргэн орон байртай болох нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Харин ч ипотекийн зээлийн эрүүл тогтолцоо бүрдсэний дүнд цар тахлын жилүүдэд манай компани энэ ипотекийн зээлийн санхүүжилтийн нөөц сангаас зээлтэй иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд бондын купоны төлбөрийг бэлэн ба өглөг хэлбэрээр төлж, зээл олголт зогсох эрсдэлээс хамгаалсан байдаг.
– Ипотекийн зээлийн эх үүсвэр 1 хувь байхад 8 хувь болгож дундаас нь мөнгө авдаг гэсэн байна?
– Ипотекийн зээлийн хөтөлбөр бол хүн амыг орон сууцжуулах төрийн хөтөлбөр. Ипотекийн зээлийн хүү хэд байхыг төрийн эрх бүхий байгууллага буюу Засгийн газрын 2013 оны 135-р тогтоолоор баталсан байдаг. Тогтоолын эхийг энд дараад харж болно. Мөн Засгийн засгийн газрын 2018 оны 369-р тогтоолоор Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмыг баталсан байдаг. Тогтоолыг энд дарж үзэж болно.
Түүнчлэн Төв банкны тухай хууль болон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-392 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд 6 хувь” болгож дээрх журамд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.
Одоогийн байдлаар ипотекийн зээлийн хөтөлбөрийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг хувийн хэвшил буюу арилжааны банкууд гарган санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилт арилжааны банканд орсноор зээлийн хүсэлтээ өгч, шийдвэрлэгдсэн иргэдийн орон сууц худалдан авсан барилгын компани, иргэдэд очно. Анхдагч зах зээлийн үйл ажиллагаа буюу иргэн банк хоёрын дунд болж байгаа зээл олгох үйл ажиллагаанд бид оролцдоггүй тул эх үүсвэр болон хүүгийн зөрүүнээс мөнгө завших ямар ч боломжгүй юм. Хөтөлбөрийн хүрээнд банкнаас иргэнд олгож байгаа зээлийн үйл явцад МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй.
– Ипотекийн 8 хувийг бууруулах хүсэлтэд олон нийтийн санал асуулга явж эхэлсэн байгаа. Энэ үйл ажиллагаанд танай компани садаа болж байна гэсэн хардлага байна?
– Энэ санал асуулга явж байгааг мэдэж байгаа. 8 хувийг бууруулахтай холбоотой манай компани эсэргүүцэх шалтаан байхгүй. Зээлийн хүүг Засгийн газар тогтоодог. 8 хувийн зээлтэй иргэдийн хүүг бууруулах тухай удаа дараа яригдсан. Санхүүжилтийн тогтолцоонд оролцогч төрийн байгууллагууд нь тооцоо судалгаа хийгээд танилцуулсан байдаг. Хэрэв зээлийн хүүг бууруулах шийдвэр нь гарвал манай компани бонд эзэмшигчдийн төлбөрийн хэмжээ, хуваарьт өөрчлөлт оруулах ажлыг л хийнэ. Бидэнд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй, бид шийдвэрт нөлөөлөх боломж байхгүй хувийн байгууллага.
– Танай компанийн өмчлөлийн тухай ярьж байна, нээлттэй мэдээлэл өгөөч?
– МИК-ийг анх 2006 онд Монголбанк, тухай үеийн Арилжааны 10 банкууд хамтран байгуулж байсныг дахин тодотгоё. Манай компани байгуулагдсан цагаас хойш компанийн дүрмийн санг нэмэх, банкны тухай хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэх, IPO гаргасантай холбоотойгоор тухай бүр хувь эзэмшилд өөрчлөлт орсон. Тухайлбал 2015 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, нээлттэй компани болсон. Манай бүх мэдээлэл компанийн цахим хуудаст ил тод нээлттэй байдаг. Мөн манай компани олон улсын хөрөнгийн захаас 550 сая ам долларыг босгож, Монгол Улсад хөрөнгийн эх үүсвэр татаж, зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Манайх “S&P”, “Moody’s” гэх зэрэг олон улсын үнэлгээний агентлагуудаар жил бүр үнэлгээ хийлгэж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдалгүй хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага. Эх орондоо олон мянган өрх айл орон байртай болоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд МИК, арилжааны банкууд зэрэг олон байгууллагууд хувь нэмрээ оруулсаар байгааг энд онцгойлон дурдъя.