МАН-ын II дөрвөн жилийн төлөвлөгөө: Ухралт

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

МАН-ын II дөрвөн жилийн төлөвлөгөө: Ухралт

МАН-ын II дөрвөн жилийн төлөвлөгөө: Ухралт

Монгол Улсын төсвийг харвал "долоон нэхийгээр таван нударга эсгэв" гэгч л болж байна. Ирэх оны төсөвт суулгаагүй хэр нь тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-нээс 100 мянгаар нэмэх тухай МАН мангартав. Энэ нэмэгдлийг сайд нарын багцаас гаргахаар болсноо УИХ дахь МАН-ын бүлгийн удирдагч нуусангүй. Харин нэгэн эмэгтэй сайдын хэлснээр энэ нь хэзээний суучихсан байсан юм байх. МАН эрх барьсан эхний гурван жилдээ гулигтлаа мөнгө идэж, дөрөв дэх жилд нь "хатан эрэдэнэ" тодруулан шоудсан. Өөрсдөөс нь татварласан мөнгөнөөс шавхрууг нь хуваагаад тараахад л сүйд майд болж, улираан сонгосон. Гэтэл цар тахлын үед зарцуулсан 20-иад их наяд төгрөгийн тайланг одоо хэр нь гаргасангүй. Дэлхий тахлын тэмцлийн талаар биднээс суралцаж, баримтат кино хийн цацаж байна гэж баахан шоудсан. Юу ч болоогүй байхад хилээ хаасны балаг одоо хэр нь арилаагүй байна. Түүнээс өмнө юу боллоо?

Мянга мянган ажлын байр, бий болгох боломжийг нь хулгайлчаад байхад үлгэрт итгээд өнөөх хулгайчдаас хэд хэдийг нь ч дахин сонгосон. “60 тэрбум”, “ЖДҮ-чид”. Аль аль нь өөдгүй шунахайнууд байсан.  Түүнээс ч илүү адгийн амьтад ард нь хумсаа нуусан муур шиг байсныг хэрхэн таах билээ. Тэд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусаар өм цөм идсэн. Бүр гадныхантай нийлж байгаад шүү дээ.

Одоо хариуцлага нэхсэн сөрөг хүчнийг битгий "улс төржөөд бай" гэж солиорч байна. Эрх баригчдад ичих булчирхай алга.

Ингэж л хоёр талцуулж, биднийг буруу зөв гэж маргах хооронд бүгдийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг нь яана. Энэ удаад ч ийм л төлөвлөгөө хэрэгжих нь. Зэс нь цухуйгаад л байна. Өмнө цар тахлын үеийн хуулиар бүх худалдан авалтаа шууд хийж, өөрсдийн компаниа өөд нь татсан тэд үргэлжлүүлэхийг хүсч байна. Ингэхдээ урт хугацааны худалдан авалтын тендер, нутаг нутагт улсын ферм байгуулах гэнэ. Өмнөх хулгайнуудаа ч үүгээр далдлах бөгөөд "ногоон автобус" гэхэд л хуучин гэдгийг нь шинэ хотын дарга нь зарласан төдийгүй 81 тэрбумаар илүү төлөлт хийсэн баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн гэж мэдэгдэв.

Гэтэл ЗГХЭГ-ын даргын мэдэгдсэнээр "Танхимын хуулийг шинэчлэн өргөн барих болсонтой холбогдуулж, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод нээлттэй болгох шаардлага үүсч байгаа" гэнэ.

Хувийн хэвшлийн бүх мэдээллийг ил болгуулж байгаад өөрсдийнхөөрөө тоглолт хийх нь. Өнөөдөр төртэй нийлсэн компаниуд ашиг олж буй бол бусад нь төсвийн татварын орлогыг бүрдүүлэхийн төлөө бөхийтөл зүтгэж байна.

Олсон орлогынхоо талаас илүүг төрд өгчөөд түүгээр дарамтлуулж суудаг бидний тэнэгийг бас яалтай. Ийм байхад л дахиад төлөвлөөгүй тэтгэврийн нэмэгдэл яриад эхлэв. Өмнө нь ковидын үед ийм байдлаар иргэдийн ундууцал, бухимдлыг дарсан туршлага тэдэнд бий. Мөнгө хэвлэж байгаад мөнгө тараасан. Тэтгэврийн зээл тэглэсэн. 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь иргэдэд хор болсон уу гэхээс хоол болоогүй. Тэр бүхнийх нь балгаар өнөөдөр монголчуудын худалдан авах чадвар 3-4 дахин буурсан үзүүлэлтийг эдийн засагчид анхаарсаар байна. Эрх баригчид байнга мөнгө хэвлэхгүй гэдэг ч үнэндээ байхгүй мөнгийг хэвлэхээр өөр аргагүй. Мөнгө хэвлэхгүй гэж байсан Монголбанкны ерөнхийлөгч мөнгө хэвлэсэн тухайгаа бүр сүүлд нь хэлдэг. Бид тоодоггүй. Гэхдээ түүнийх нь хор уршигт өнөөг хүртэл нүдүүлсээр буйгаа ер ухаарахгүй.

Тийм болохоор л эрх баригчид төсвөө жил өсөн нэмэгдүүлж, түүнийгээ дагаад зарлагаа ихэсгэж, татвараа нэмэгдүүлдэг. Тураалд орсон эдийн засгаа улам бүр жин хасахыг тэд хүсээд байдаг. Өөрсдөө таргалаад л байх.

Өмнөх нь ч, энэ Засгийн газар ч АН-ын балгийг арилгах гэж үйлээ үзэж буй талаар боломж олдвол бурдаг. Тэгсэн хэр нь өм цөм хулгайгаа хийсээр л байдаг. Илэрсэн хулгай бүрийг АН хийсэн мэтээр харагдуулахыг хичээдэг нь МАН муухайдаа биш АН арчаагүйтэй холбоотой. Түүнээс ч холбоотой зүйл нь бид зүхэж зүхчихээд зоосны нүхээр сонголтоо хийчихдэг. Хаа очиход хувийн хэвшил /топ 100-г хэлээгүй, жижиг дунд үйлдвэр, жижиг бизнес эрхлэгчдийг хэлж байна/ тэсвэрлэсээр ирэв. Харин дараагийн удаад тэд сөхрөх нь ойлгомжтой.

"Ганц чоно л амьд үлдвэл хонин сүрэг хэзээ ч амар заяа үзэхгүй". Энэ бол дэлхийг байлдан дагуулж, популизмын хор уршиг ямар ихийг яруу тодоор харуулсан GOT цувралд Аъяа Старкийн ааваас нь уравсан язгууртнуудыг хордуулчаад хэлдэг үг. Өнөөдөр ил болсон албан тушаалтнуудын хулгайг бид шуугиад өнгөрвөл яг л ийм юм болно. Засгийн газрын тэргүүнээс цэвэрлэгээний талаар хэлэх бус хийхийг, төсөв хүндэрнэ гэж байгаа бол танахыг шаардах нь зүй. Шуудхан хэлэхэд биднийг боолчилж байна.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж