Израилийн Батлан хамгаалахын жанжин штабын дарга Херзи Халеви энэ оны нэгдүгээр сард уг албан тушаалд томилогджээ. Аравдугаар сарын 7-ны Хамасын халдлагаас ч өмнө хүндхэн байдалд ороод байсан Херзи Халевиг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Херзи Халеви 1967 онд Иерусалимд төржээ. Түүнийг төрөхөөс хэдхэн сарын өмнө болсон Зургаан өдрийн дайнд авга ах нь амь үрэгдсэн учир Халевид авгынх нь нэрийг хайрласан байна. Түүний өвөг аав, эмээ орос гаралтай хүмүүс байв. Эцэг Шломо Халеви нь Израиль улс байгуулагдахаас өмнөх он жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан хагас цэрэгжилттэй сионист бүлэг “Иргун”-ын гишүүн байжээ. Харин ээжийнх нь гэр бүл 14 үеэрээ Иерусалимд аж төрсөн юм.
Тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Модиин хотын ойролцоо Баруун эрэгт хиллэдэг Кфар ХаОраним сууринд амьдардаг.
Харин боловсролын хувьд Халеви Иерусалимын Еврей их сургуулийг бизнесийн удирдлага, философийн чиглэлээр төгссөн. Мөн Вашингтон дахь АНУ-ын Үндэсний батлан хамгаалахын нэр хүндтэй их сургуульд боловсрол эзэмшжээ. Халеви бага залуудаа Химмелфарб шашны дунд сургуульд суралцаж байсан бөгөөд Цофим шашны скаутуудын гишүүн байжээ.
Түүнийг албан тушаалд анх томилогдох үед армийн дотоод хагарал даамжирсан төдийгүй үймээн самуунтай байв. Тодруулбал, зарим хуучинсаг үзэлтнүүд ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон түүний хэт барууны эвсэл Дээд шүүхийн эрх мэдлийг сулруулсан хууль батлавал үүрэг гүйцэтгэхгүй гэж сүрдүүлжээ.
Гэвч армийн дотоодод үүсээд байсан асуудлыг Хамасын халдлага бүрэн дарав. Генерал Халеви өдгөө Газын зурвас дахь агаарын болон хуурай замын довтолгоог удирдаж байна.
Херзи Халеви 18 настайдаа шүхэрчнээр цэргийн алба хааж эхэлжээ. Улмаар хоёр жилийн дараа офицер болохоор сурч эхэлсэн байна. Карьерынхаа эхэн үед тэр Ливаны өмнөд хэсэгт Израилийн эсрэг тэмцэж буй Шиа зэвсэгт бүлэглэл Хезболлатай мөргөлдсөн. Мөн Арабын орнуудад нууцаар үйл ажиллагаа явуулдаг байсан Сайрет Маткал гэх тусгай хүчний ангид нэгдсэн байна. Дараа нь Халеви эзлэгдсэн Баруун эрэг дэх бригадыг удирдах болжээ. 2009 онд тэр шүхэрчдийг удирдан Газын зурвасыг хойд хэсгийн хотуудад хуурай замын дайралт хийж байв.
Генерал Халеви 2011 оноос хойш Галилийн дивизийн командлагчийн хувиар Ливантай хиллэдэг хэсгийн хүчинг удирджээ. Улмаар 2014 онд Цэргийн тагнуулын газрын дарга, 2018 онд өмнөд командлалын тэргүүнээр тус тус томилогдсон.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ БАРИМТЛАГЧ
Тэрбээр хууль эрх зүй, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг гэдгээрээ алдартай. Газын зурваст 2008-2009 онд үргэлжилсэн дайны үед Палестины олон зуун энгийн иргэн амь үрэгдэж байв. Үүнийг нүдээр үзэж мэдэрсэн тэрбээр дайныг хууль эрх зүй, ёс зүйн хэм хэмжээнээс гажуудуулахгүй төлөө тууштай тэмцэх болжээ. Тэрбээр 2009 онд илтгэл тавихдаа Изралилийн хээрийн командлагчдыг цэргүүддээ ёс зүйн хэм хэмжээ тогтоогоогүй гэж шүүмжилсэн юм.
“Цэрэг хүн хуулийн ном бариад тулаанд орж чадахгүй. Гэхдээ командлагч нар нь ёс суртахуун, хууль эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй” гэж тэр хэлжээ.
Түүний энэ үзэл бодол Израилийн цэргийн уламжлалт үзэл баримтлалтай холбоотой. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин байгуулагдахаас өмнө байсан сионист зэвсэгт хүчний Хагана бүлгийн удирдагч Йитжак Садех анх энэ талаар ярьдаг байв. Йитжак Садех нь дайчдад харгисаар өшөө авахгүй байхыг сануулдаг байжээ.
Мэдээж энэ зарчмыг үл тоомсорлодог командлагчид ч цөөнгүй байв. Тухайлбал, 2001-2006 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаж байсан Ариэль Шарон 1953 онд залуу офицер байхдаа Баруун эрэг дэх Кибья тосгонд 69 палестин хүний аминд хүрч, хэлмэгдүүлжээ.
ЧИМЭЭГҮЙ МАНЛАЙЛАЛ
Халеви аль арваад жилийн өмнө л зэвсэгт мөргөлдөөн зайлшгүй гэдгийг ойлгосон. Гэхдээ дайн хоорондын хугацааг хэрхэн илүү урт болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байжээ. Нью-Йорк таймс сонинд 2013 онд Халевиг Израилийн Батлан хамгаалах хүчнийг толгойлох гол нэр дэвшигч гэж бичиж байв. Түүнийг ихэнх офицеруудаас илүү ухаалаг, даруухан гэж дүгнэдэг. Анх шүхэрчнээр цэрэгт элсэж байхдаа ямар үзэл баримтлалтай байсан яг тэр хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй гэж Халевиг дүгнэдэг. Түүний нэг зорилго бол армийг аюулгүй байдлаас өөр ямар ч асуудалгүй байлгах явдал юм.
Тэр жил бүр нас барсан цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцдогоороо алдартай. Зарим нь түүнийг бусдаас тусгаарлагдмал, өөрийгөө зөвтгөх хандлагатай гэж шүүмжилдэг ч чимээгүй манлайлагч гэдгээрээ илүү олонд танигджээ.
Өдгөө Газын зурвас дахь дайн ширүүсч байна. Мөн Хамасын бэхлэлт, хонгил гээд байлдааны бэлтгэл сайн байна. Ойрын зайнаас дайтаж, энгийн иргэд олноор амь үрэгдэхийн хэрээр дайны үеийн ёс суртахуун гэдэг асуудал улам л хурцаар тавигдах болов.
Газын зурвас дахь мөргөлдөөн эрт оройгүй намжина. Тэр үед Халевитай хариуцлага тооцох зүйлс ч бий гэж үзэж байна.
Учир нь Хамас бүлэглэл аравдугаар сард Газын зурваст гэнэт халдсан нь тагнуулын мэдээлэл цуглуулах явц ер бусын хоцрогдолтой байсныг илрүүлсэн юм. Халдлага болсон өглөө генерал Халеви “Бид бүтэлгүйтсэн” гэж хариуцлагаа хүлээжээ. Ингэснээр алдаа дутагдлаа шударгаар хүлээн зөвшөөрсөн анхны өндөр албан тушаалтан болсон байна. Дараа нь аравдугаар сарын 12-нд “Израилийн Батлан хамгаалах хүчин нь улс болон иргэдийн аюулгүй байдлыг хариуцдаг” гэж бататган мэдэгджээ. Түүнийг ойрын хугацаанд албан тушаалаасаа огцрох бодолтой байгаа гэж ойрын эх сурвалжууд нь хэлжээ. Гэхдээ эхлээд тэр сүүлчийн тулаанаа дуусгах ёстой.
Эх сурвалж: THE ECONOMIST, WIKIPEDIA