Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 116 дугаар тушаалд зааснаар иргэд тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөр төлөх зохицуулалттай. Гэвч хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч жолооч нар хураамжаа төлөхгүй байгаагаас төлөвлөгөөт зам засвар болон бусад ажлууд саатахад хүрсэн байна. Тиймээс авто зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцохоор болж байгааг мэдээллээ.
Одоогоор зам ашигласны төлбөрөө төлөөгүй иргэдийн төрийн зарим үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, автомашины нэр шилжүүлэх, үзлэг оношилгоонд ороход тус төлбөрийг заавал төлөхийг шаардаж буй.
Харин цаашид тус төлбөрийг төлөөгүй тохиолдолд торгууль буюу хүү тооцож эхлэх аж. Зам тээврийн хөгжлийн төвийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Х.Пүрэвжаргалын өгсөн мэдээллээр, Улаанбаатар хотын төлбөр авах таван цэг цахим болсон. Нэмээд Дарханы замын хөдөлгөөнийг нээж байгаатай холбоотойгоор зургаа дахь цэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр цэгүүдээр дамжин өнгөрч байгаа машинуудын төлбөрийн эргэн төлөлт 20 хувь хүрэхгүй буюу хангалтгүй байгаа.
Одоогийн байдлаар нийт 12 тэрбум төгрөгийн авлага үүссэн. Харин шинэчилсэн тушаалаар зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол хүү тооцдог болж эхэлж байна.
Мөн Зам тээврийн яамнаас үзүүлж буй үйлчилгээнүүдэд хязгаарлалтыг үргэлжлүүлнэ гэсэн юм.
Зам ашигласны төлбөрийн хэмжээ нь 12 хүртэл суудалтай тээврийн хэрэгсэлд 1000, 12-24 суудалтай болон 2 тэнхлэгтэй, 3,5 тн жинтэй тээврийн хэрэгсэлд 2000, 24-өөс дээш суудалтай, эсвэл 2 тэнхлэгтэй, 3,5-18 тн хүртэл бодит жинтэй тээврийн хэрэгсэлд 3000, 18 тн-оос дээш жинтэй ачааны машинуудад тэнхлэгийн тоо болон жингээсээ хамааран 4-10 мянга, трактор 10 мянга, мотоцикл 500 төгрөг байна.
Харин орсон орлогыг авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар, мөн авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт тус тус зарцуулах заалттай ч хэрэгжилт хангалтгүй байгаа аж.
Холбоотой мэдээ