Б.Баттөмөр: Арга ядаад "Гутранги хүмүүсээр тоо битгий бодуулаач" гэж хүртэл хэлсэн
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Бид 2023 оны тавдугаар сарын 31-нд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд төсвийн орлогыг 21.1 их наяд төгрөг гэж баталсан. Гэтэл сая орж ирж байгаа нь 25.2 их наяд гэж 4.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж орж ирж байна. Төсвийн зарлагын хэмжээг 22.9 их наяд төгрөг гэсэн бол 27.3 их наяд болгож 4.4 их наяд төгрөгөөр, төсвийн зардлын өсөлтийн хэмжээг 2.5 их наяд гэсэн 5 их наяд гэж орж ирж байна. Энэ хуулийг хэлэлцэж төсвийн хүрээний мэдэгдлийг баталж байх үед миний бие “Монгол Улсын хөгжлийн потенциаль асар өндөр. Ингэж гутранги харж болохгүй” гэж маш тодорхой байр суурь илэрхийлж байсан. Гэтэл дөрвөн сарын дараа бүх тоогоо өсгөөд оруулж ирж байна. Уг нь анхнаасаа энэ боломжуудыг зөв хараад зарлагуудаа зөв эрэмбэлсэн бол үүнээс млүү үр ашигтай төсөв батлах л байсан. Бүр аргаа ядаад энэ гутранги хүмүүсээр тоо битгий бодуулаач гэж хүртэл хэлсэн. Бидний ажлын гүйцэтгэл ийм л байдалтай байгаа шүү. Надад асуулт алга. Дараа дараагийн төсвийн хүрээнийхээ мэдэгдэл, төлөвлөлтүүдээ сайжруулах шаардлагатай. Ийм 4-5 их наядаар зөрүүтэй юм оруулж ирж болохгүй
Б.Пүрэвдорж: Ирэх сонгуульд АН ялахаараа ахмадуудаа гомдолгүй болгоно
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долдугаар сарын 01-ний өдрөөс Нийгийн даатгалын багц хууль батлагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоосон байсныг буцаагаад таван жил болгосон. Энэ хуулийн дагуу 2018-2023 оны хооронд зургаан жил 7 жилийн цалингийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэд ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тэтгэврээ дахин 5 жилийн дунджаар бодуулж шинэчлэн тогтоолгоно. Энэ хооронд монгол төрийн буруу бодлогоос болоод иргэд хохирч үлдэх ёсгүй.Тиймээс хохирсон иргэд УИХ-ын гишүүдтэй уулзах бүртээ шахаж, санал тавьж байгаа. Энэ хугацаанд нийт 58 мянган ахмадын 93 тэрбум төгрөг буюу нэг хүнд ойролцоогоор 1.600.000 төгрөгийн нөхөн олговор олгох тооцоолол гарсан. Гэтэл Нийгмийн даатгалын багц хуульд энэ нөхөн олговрыг олгохооргүй заасан. Тиймээс 2024 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд энэ 93 тэрбум төгрөгийг суулгаж ахмадуудыг гомдолгүй болгох зайлшгүй шаардлага гарч ирж байна. Тиймээс хөшөө дурсгалд мөнгө зарахын оронд амьд бурхан болсон ахмадууддаа зориулж ирэх оны төсөвт энэ мөнгийг заавал тавьж өг гэж шаардаж байна. Тавихгүй бол эдгээр 58 мянган иргэний гарын үсэг цуглуулах ажлыг орон даяар зохион байгуулна. Шаардлага хүргүүлнэ. Үгүй бол 2024 оны сонгуулиар Ардчилсан нам ялахаараа ахмадуудыгаа гомдолгүй болгож өгнө.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025,2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Ирэх оны төсвийг 202 онтой харьцуулахад нэг дахин өссөн байна. Үүнд иргэдэд тулгамдсан асуудлыг шийдсэн асуудлууд ч байна. Мөн зайлшгүй хийх ёстой асуудлууд ч байна. Тиймээс ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл дээр тавьж явахгүй бол орхигдох асуудлууд байна. Хөдөө орон нутгийн малчид бүгд үйлдвэрлэл эрхэлж байна. Малчдын хөдөлмөр ямар хүнд гэдгийг бүгд харлаа. Малчид бэлтгэж өгсөн хөдөө аж, ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нь хүргээд, зараад хэдэн төгрөг болгочихдог ложистикийг нь төрөөс шийдээд төсөвтөө суулгаад өгөөч гэдэг хүсэлтийг байнга тавьдаг. Монгол Улсыг хөдөө аж ахуй, мал аж хуйн орон гэдэг мөртлөө малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ жалга, буурин дээрээ хог болгоод хаяаад удлаа. Энэ асуудал яаж тусах юм бэ. Хоёрдугаарт, бид ирээдүй болсон хүүхдүүдээсээ гар татах ёсгүй. Цэцэрлэгийн хүүхдүүд өдрийн 2475 төгрөгөөр хоол идэж байна. Хүүхдийн авах ёстой илчлэг хэмжээгээр нь аваад үзвэл энэ мөнгөөр юу авах юм бэ. Нэг ширхэг хуушуур, аяга сүүтэй цай авахад цаана нь 25 төгрөг дутах ийм мөнгө. Энэ мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг яагаад ярихгүй байна. Сургуулийн хүүхдүүд 1500 төгрөгөөр үдийн хоол идэж байна. Мөн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн хоолны мөнгө 4000 төгрөг байна. Өдрийн таван удаагийн хоолонд 400 төгрөгт багтаж юу ирэх вэ. Энэ асуудлууд яагаад энэ жилийн төсөвт туссангүй вэ. Ирэх жил бодлогоо яаж явуулах юм. Хэзээ болтол нүдэн балай, чихэн дүлхий явах вэ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнд өгдөг урамшууллын хэмжээ хэвээр тавигдсан байна лээ. Харин сарлагийн хөөврийн урамшуулал мөнгө нь тавигдсан мөртлөө шийдвэр нь орж ирээгүй байсан. Тиймээс байнгын хорооноос өмнө нь УИХ-аас гаргасан тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг санаачлаад явж байна. Энэ асуудал гуравдахь хэлэлцүүлгийн үеэр орж ирж шийдэгдэнэ. Цэцэрлэг болон ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгөтэй холбоотой асуудлаар салбарын сайд нь олон хувилбар сонгож ажилласан. Нийт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Энэ их өндөр дүн. Миний хувийн бодол бол цаашид эцэг эхээс 50 хувийг нь гаргадаг жишиг рүү явахаас өөр арга байхгүй байх.
УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна
УИХ-ын нэгдсэн ээлжит чуулган /2023.11.08/ хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
О.Цогтгэрэл: Төсвийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг явагдаж байна. АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж удаа дараа ярилцсан. Ирэх 2024 оны төсөв асар өндөр тэлэлттэй, үндсэндээ цалин, тэтгэвэр нэрээр бэлэн мөнгө тараах, энэ нь эх үүсвэргүй учраас тэр хэрээр инфляцийг өдөөх, худалдан авах чадварыг улам доройтуулж, хувийн хэвшлийг боомилсон, орон зайг нь боогдуулсан ийм төсөл орж ирсэн. Дагалдаж орж ирсэн хуулиуд дээр олон асуудал бий. Газрын харилцааг төвлөрүүлсэн, Улаанбаатар хот руу бүгдийг татсан гэх мэт асуудлууд олон байна. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуульд ноцтой асуудлууд байна. Төрийн өмчит ААН-үүд уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаалахдаа биржээр арилжаалах хуулийг дагалдаж орж ирсэн хуулиудад биржгүй шууд гэрээ хийж болно гэх мэт энэ бүх харилцаа чинь авлигал, нүүрсний хулгайн асуудал, ногоон автобус зэрэг асуудалд гарч байгаа асуудлыг дэвэргэж ил тод бус, өрсөлдөөнгүй, шударга бус асуудлуудыг хууль бус болгож өгөх гэж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс Ардчилсан намын бүлгийн зүгээс 2024 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс хоёр хоногийн завсарлага авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү?
Г.Занданшатар: Энэ бол хуулийн хугацаатай асуудал. Тоглоом наргианы асуудал биш. УИХ-ын нэр хүнд рүү дайрч болохгүй. Нөгөө талаас хугацаатай асуудал боловч хоцроож эхлүүлсэн. Эхний долоо хоногоос хэлэлцүүлээд явахыг олон удаа шаардсан. Засгийн газрын сайд нарын саналаар хойшилж хэлэлцэгдсэн асуудал. Үүнийг УИХ хойшлуулаад байсан зүйл байхгүй. Хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой. Ардчилсан намын бүлэгт завсарлага өглөө.
Холбоотой мэдээ