Эрх баригчид “Нийтийн өмч хөрөнгөөс хумсалсан, шамшигдуулсан, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж ярих ч эсрэгээр нь хийдэг болоод удлаа.
Жишээ татвал, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т ногоон автобусны хэргээр нэр бүхий 25 хүн шалгагдах болсны дотор Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ багтаж буй.
Хэвлэлд дурдсанаар Д.Мөнх-Эрдэнийг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Гэвч тэр дээрх хэрэг мухарлагдтал дараагийн албанд томилогдохоо түр азнах ёстой атал Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөх болж, томорсон.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хувьд ч нэр цэвэр нэгэн биш. АНУ-ын Хойд Виржинийн их сургуульд суралцана хэмээн Боловсролын зээлийн сан/БЗС/-гаас 32 мянган ам.доллар гаргуулж авсан ч суралцсан эсэх нь тодорхойгүй атал зээлээ чөлөөлүүлсэн нь тодорхой болсон. Гэвч БЗС-тай холбоотой дуулиан дэгдсэний дараагаар Б.Энхбаяр 32 мянган ам.долларыг эргүүлэн төлсөн. Хэрвээ тэр дээрх сургуульд суралцан төгссөн бол журмын дагуу чөлөөлүүлсэн гэдэг тайлбар хийгээд төлөхгүй гүрийх байсан.
Харин асуудлыг нь хамгийн сайн мэдэж буй МАН-ынхан түүнийг хэдхэн сарын дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд болгож, давхар дээлтэн болгосон.
Одоо тэр нүүрсний сонсголыг удирдах дарга болсон бөгөөд ёс зүй ярин, “бүлт, бүлт” үсэрч сууна.
Учрыг тайлбарлавал, Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэгтэй Нүүрсний түр хороо өчигдөр /2023.11.07/ хуралдах үеэр сайд Б.Энхбаяр "Нүүрсчид сандруу, их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэлд цутгаж байна. Гөлөг төөрүүлэх хандлага гаргаж байна. Сэтгүүлчдэд машин тэрэг өгч амыг нь үдсэн асуудал гарсан байж ч болзошгүй. Түр хорооны өмнөх дарга Г.Ганболдын үед Ардчилсан намаас санал болгож шинжээчээр оруулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан хүн байна. Д.Бат-Эрдэнэ бол “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч. Ийм утгагүй юм байж болохгүй" гэсэн юм.
Үнэндээ бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярьдаг шигээ шударга, бусдаас хариуцлага нэхдэг шигээ ёс зүйтэй улстөрч байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдаас татгалзах ёстой байв. Д.Мөнх-Эрдэнэ ч өнөөдөр зөвлөх болж, ширлэхгүй. МАН ч тэднийг албан тушаалд томилж, доошоо орох ёсгүй байв.
Гэвч хуулийг гууль болгож, шударга ёсыг худал болгож сурсан эрх баригчдын хувьд гэмтнүүдээ албан тушаалд томилдог болсон нь асуудлыг нь өөр зүгт чиглүүлж, аргална гэж боддогынх уу, аль эсвэл өөр эрх ашиг байдаг уу. Ямартай ч “но”-той, ноцтой хүмүүсийг л албан тушаалд томилдог технологи нутагшуулаад удлаа.
Энэ янзаар бол нүүрсний сонсгол эрх баригчдын хувьд нүүрсний жинхэнэ хэрэгтнүүдээ хаацайлах, өрсөлдөгч нараа намнах ажиллагаа л болж хувирах шинжтэй. Ер нь ч Х.Нямбаатарыг хот руу явуулж, нүүрсний сонсголыг удирдах даргаас нь мултлаад, Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж,, нүүрсний сонсголыг удирдах Түр хорооны дарга болгосноос л зорилго нь тодорхойлогдсон гэж хэлэхэд хардсан болохгүй биз. Уг нь нүүрсний сонсголыг өнгөрсөн хавар хийх боломж байсан ч хойшлуулсаар ирэх арванхоёрдугаар сар болгосон нь ч хардах үндэслэл дагуулж байгаа.
Хэрэв хавар нүүрсний сонсголыг товлосон ёсоороо зохион байгуулсан бол хил даваад зугатсан “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хадгалж буй олон нууцыг мэдэх боломж монголчуудад байсан. Харамсалтай нь, үг хэлийг хаах нь эрх баригчдын хувьд нэг номерын асуудал байсан уу гэлтэй. “Шувуу” ажиллагаа гэгчийг зарлаж, “Н.Удаанжаргал Малайзад байна, Тайландад ирлээ. Аргентин руу зугтлаа, араас нь “Шувуу” ажиллагааныхан хөөцөлдөж байна “гэхчлэн дуулиан дэгдээсээр нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлсэн Н.Удаанжаргалыг чимээгүй болгож авсан.
Уг нь тэрбээр анхны нүүрсний сонсголыг удирдахаар томилогдоод байсан УИХ-ын гишүүн Г.Ганболдод “нүүрсний сонсголд цахимаар оролцъё” гэдэг хүсэлт илэрхийлсэн байдаг юм. Харамсалтай нь, эрх баригчид Г.Ганболдыгоо хавчиж хяхсаар нүүрсний сонсголыг удирдах даргаас нь чөлөөлж, түүгээр зогсохгүй уг сонсголыг хойшлуулсан.
Ирэх арванхоёрдугаар сард товлогдсон нүүрсний сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг мөн оролцох ёстойг олон нийт сануулж байгаа ч нүүрсний сонсголыг удирдах Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр үзүүртэй зүү шиг хариулт өгч буй.
Тэрбээр “Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцох эсэхийг бид одоо шийдэхгүй. Хяналт шалгалтын даалгаврыг эрчимжүүлэх тогтоол ярьж байгаа. Сонсгол болохоос өмнө гэрч, оролцох хүмүүсийг шийднэ. Тэр үед яригдана” гэх болсон.
Уг нь эрх баригчид нүүрсний хэргийг мухарлая, жинхэнэ эздийг олъё, олон нийтийн мэдэх эрхийг хангая гэдэг зорилго, зорилт байгаа бол Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах л ёстой. Тэрбээр өмнө нь шүүх хурлын үеэр “Б.Ганхуяг намайг болон энэ 11 хүн, шүүгч Халиун таныг улс төрийн золиос болгочихлоо ш дээ. Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй, тамгатайгаа үлдэж болохгүй. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө тэнд ар талд нь үлдчих юм уу. УИХ-ын 76 гишүүнийг энд бүгдийг нь оролцуулах ёстой” гэж хэлж байв.
Харин эрх баригчид өөрсдийнх нь нэр дурдагдана гэдгээс айдаг уу, шударгын дүр эсгэгчдээ албан тушаалд томилж, гол гэрчүүдийг сонсголд оролцуулахгүй, арга саам хайсаар байгаагийн цаад шалтгаан “хамжигчаар хамагдахаас айв уу” гэх хардлагад хөтөлж буй. Нөгөөтэйгүүр, арванхоёрдугаар сарын 4-нд товлогдсон нүүрсний сонсгол үнэн мөнийг олон нийтэд мэдрүүлнэ гэхээс илүүтэй, тавилттай жүжиг болж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ