Украины ерөнхийлөгч Зеленский 2019 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгэхээр ирэх хавар Украины ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох учиртай. Гэвч украинчуудын хувьд сонгууль явуулах цаг биш гэдгийг Зеленский Даваа гаригт хэллээ.
“Иргэд улс төрийн хуваагдлаас зайлсхийх хэрэгтэй. Бүх нөөц бололцоогоо ОХУ-тай тулалдахад дайчлах ёстой. Маш олон сорилттой тулгарсан дайны цагт сонгуулийг хөнгөмсөг байдлаар, тоглоом шоглоом болгож шийдэх нь туйлын хариуцлагагүй явдал болно. Улс орон, иргэдийн хувь заяаг шийдэх тулааны цаг болохоос тархи угаалтын цаг биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлсний дараа дайн тулааны үед сонгууль явуулахыг хориглосон. Сонгууль явуулахаар бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм.
Украины армийн командлагч Валерий Залужный өнгөрсөн долоо хоногт дайн мухардмал байдалд шилжсэн гэх мэдэгдэл хийсэн. Харин Зеленский түүний мэдэгдлийг няцаагаад, улс төрийн хагарал үүсэхээс сэрэмжлүүлж, үндэсний эв нэгдэл хэрэгтэйг онцолжээ.
Дамшрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль мөн ирэх онд болно. Ерөнхийлөгч Путин сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ саяхан зарлав. Хэрвээ Путин дахин сонгогдвол түүний бүрэн эрхийн хугацаа 2030 он хүртэл сунгагдана.
Эх сурвалж: AP