The League: Өнгөрсөн зун "чимээгүй" буурь сэлгэсэн одод

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

The League

The League: Өнгөрсөн зун "чимээгүй" буурь сэлгэсэн одод

The League: Өнгөрсөн зун "чимээгүй" буурь сэлгэсэн одод

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал эхэлж, багууд эхний тойргийн тоглолтуудаа хийж байна. Ерөнхийдөө нээлтийн тоглолтоос багууд зуныг хэрхэн өнгөрүүлж, шинэ тамирчид багтаа ямар үүрэгтэй тоглож байгаа нь харагдлаа. Зарим тамирчид ч эхний тоглолтуудад өөрсдийгөө бүрэн харуулж чадсангүй. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн зун "чимээгүй" буурь сэлгэж, сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг төдийлөн татаагүй тамирчдыг танилцуулъя.

Мэдээж өнгөрсөн зун Монголын сагсан бөмбөгт олон сонирхолтой шилжилт хөдөлгөөн болсон. Олны анхаарлыг татсан гэвэл өнөө цагийн Монголын шилдгүүдийн нэг Э.Дөлгөөн Завхан "Brothers" багийг орхин "BCH" Гарьд багтай нэгдсэн бол Ханжоугийн Азийн наадамд шигшээ багийн ахлагчаар нэрлэгдсэн А.Энхбаясгалан "BCH" Гарьд багаас Тэнүүн-Өлзий Металл руу явсан. Тэгвэл дараах тамирчид ч шинэ багтайгаа гэрээ байгуулжээ.

Д.МӨНХТҮВШИН, Г.БИЛГҮҮН, Ч.ИХБАЯР – ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Хасын Хүлэгүүд их цэвэрлэгээ хийж, идэвхитэй байсан бөгөөд дээрх гурван тоглогчийг нэгтгэжээ. Лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшин өнгөрсөн улирал Завхан "Brothers"-ийг плей-оффд манлайлж, тоглолтын найруулга, хамгаалалтаараа шилдэг нь гэдгээ харуулсан. Харин энэ улирал эхний тоглолтуудаас харахад дасгалжуулагч нь түүнийг хэрхэн ашиглах учраа олохгүй байх шиг. Сэлгээнээс тоглолтод оролцож, бага минут тоглож байгаа харагдав.

Харин лигийн хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогч Г.Билгүүнд талбайд гарах минут төдийлөн олдохгүй байна. Этүгэн Ирвэсүүд, Танан Гарьд байх үеэсээ л гарааны тоглогч, тоглолтыг дуусгадаг таван хүний нэг байсан бол өчигдөр/2023.11.07/ "Apes"-ийн эсрэг сэлгээний сүүлийн сонголтуудын нэг болсон байлаа.

Өнгөрсөн улирлын амжилт нь ахисан шагналын эзэн Ч.Ихбаяр энэ зун Хүлэгүүдтэй нэгдэж, хүч нэмсэн. 3х3 сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүд болж байсан учир багтайгаа нэгдэж, лигийн тоглолтод оролцож амжаагүй явна. Сагсан бөмбөг сонирхогчид ч түүнийг Хүлэгүүдтэй нэгдсэн талаар мэдээлэл хомс байх аж.

С.ЭРДЭНЭДАЛАЙ, Н.БАТБАЯР – IHC APES

Т.Мэндбаярыг нэгтгэж, хамгаалалтаа үлэмж зузаатгасан "Apes" өнгөрсөн зун түүнээс гадна будагтай талбайн хүчирхэг тоглогч, шидэлттэй С.Эрдэнэдалай Хүлэгүүдээс, байрлал голохгүй шидэх чадвартай мэргэн бууч Н.Батбаяр Солонгосоос тус тус авчирсан. Тэд ч шинэ багтаа зохицож байгаа харагдсан.

А.ТЭМҮҮЖИН, П.БОЛОРТУЛГА – ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД

Өнгөрсөн улирал Уурхайчидын бүрэлдэхүүн ямар зузаан байсан талаар бид тоглолт бүрт л ярьсан. Гараа, сэлгээгээ хүссэнээрээ зохион байгуулах боломжтой тийм л шилдгүүдийн "набор" байсан. Тэгвэл энэ улиралд ч эрчээ алдахгүй нь ээ. Тэд өнгөрсөн зун лигийн тэргүүн тоглогч А.Тэмүүжинг Гарьдаас, олон жил лигийн будагтай талбайг эзэгнэж буй П.Болортулгыг "Apes"-ээс тус тус нэгтгэв. Үрээгээ танихгүй баян гэдэг шиг сэлгээний сандалд нь хүртэл Монголын шилдгүүд дасгалжуулагчаа дуудахыг хүлээгээд суух аж. А.Тэмүүжин нээлтийн тоглолтод өөрийгөө харуулж, шинэ багтайгаа ойлголцол сайн байгаагаа харуулсан бол П.Болортулгад боломж төдийлөн олдсонгүй.

Ц.ОТГОНЖАРГАЛ – BCH ГАРЬД

BCH Гарьд багийн арын алба өнгөрсөн зун тун сайн ажиллаж, "Завхан Brothers"-ийн хоёр лидерийг урвуулсаны нэг нь Ц.Отгонжаргал. Өнгөрсөн улирлын эхлэлд Ц.Отгонжаргал ямар гайхалтай байсныг сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз. Даймонд Стөүн ирэхээс өмнө тэрбээр бараг тоглолт бүрт л 20 оноо, арван самбараас бөмбөг авалт хийж байлаа. Харин Стөүн ирснээс хойш хувийн үзүүлэлт нь буурч, будагтай талбайн хэцүү ажлаас "чөлөөлөгдсөн". Тэгвэл энэ улирал Гарьдад нэгдэж, тэдний самбарыг манахаар болжээ. Мөн л 3х3 сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн давхцсан учир шинэ багтайгаа тоглолтод оролцож амжаагүй явна.

Дашрамд дурдахад, Г.Цэнгүүнбаяр BCH Гарьдын дасгалжуулагчийн албанд нэрлэгдэж, шинэ замналаа эхлүүлсэн.

Г.ЦЭЛМЭГ – ТЭНҮҮН-ӨЛЗИЙ МЕТАЛЛ 

Шигшээ багийн бүрэлдэхүүнд нэрлэгдэж Ханжоуг зорьсон шидэлт сайтай Г.Цэлмэг "Apes"-ээс буурь сэлгэн Металлд нэгдсэн.

У.ЧИНГҮҮН – ЗАВХАН BROTHERS

Өнгөрсөн улирал дээд лигийн анхны жилдээ бүх одод болсон хоёр тамирчны нэг "Төмөр хүн" гэгдээд буй У.Чингүүн энэ улирал Шарксаас "Brothers"-д иржээ. Үеийн шижигнэсэн залуучуудаар буцалж буй "Brothers"-ийн энэ улирал У.Чингүүн тэргүүтэй тамирчдаас шалтгаална. Тоглолт бүр хоёр аравтыг толилуулдаг У.Чингүүн нээлтийн тоглолтод хуучин багийнхаа эсрэг 13 оноо, арван удаа самбараас бөмбөг авчээ.

Ж.ЖАМСРАНДОРЖ – НАЛАЙХ БИЗОН

Дээд лигийн шилдэг оноо авагчдын нэг Ж.Жамсрандорж Бизонд элсч, довтолгооны гол сонголтуудын нэг болов. Төдийлөн олны анхаарлыг татаж, шигшээ багт нэрлэгдэж байгаагүй ч Ж.Жамсрандоржийн оноо авах чадвар, алсын зайн шидэлт, хамгаалалт Монголын сагсан бөмбөгт шилдэгт тооцогдоно.

С.ӨРНҮҮНБИЛЭГ, Э.ЦЭВЭЛДОРЖ – УЛААНБААТАР TLG

Хүлэгүүдтэй аварга авч дутуугаа дүүргэсэн С.Өрнүүнбилэг дээд лигийн 20 дахь улирлаа Улаанбаатар TLG гэх гавьяат дасгалжуулагч С.Тулгын багтай эхлүүлсэн. Нээлтийн тоглолтдоо ч 17 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, харих болоогүй гэдгээ харуулав. Цагтаа тэргүүн тоглогчийн хэмжээнд яригдаж Монголын шилдгүүдийн нэг байсан тэрбээр энэ улирал дээд лигт хоёр аравтыг олон хийх биз.

Түүний адилаар лигт 20 дахь улирлаа өнгөрүүлж буй шидэлт, хамгаалалтаараа гайхагддаг Э.Цэвэлдорж мөн Улаанбаатар TLG багт бий. Дээд лигийн алдрын танхим гэж байдаг бол дээр хоёр эрхэм зодог тайлсныхаа дараа зүй ёсоор орох нь лавтай.

Дээрх эрхмүүдээс гадна олон сонирхолтой шилжилт болжээ. Тухайлбал, оноо авалтаараа лигийг тэргүүлж явсан О.Баянбаатар Монголиансд, дээд лигийн аваргууд болох Гарьдын О.Нямбаяр, Шарксын А.Энхтүвшин, Металлын Т.Цогбадрах нар Дархан Юнайтед багт, үнэнч дайчин Б.Батзолбоо, Америк гаралтай, Тайландын нэрийн өмнөөс өрсөлддөг Лиш Сэлэнгэ Бодонгууд багт тус тус нэгдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж