2023.11.07, 18:00 цаг. Багшийн их сургуулийн автобусны буудал
…Ажлын цаг дуусч түгжрэлийн цаг хэдийнэ эхэлжээ. Багшийн дээдийн буудалд гэр гэр рүүгээ яарсан хүмүүс автобус ирэх зүгийг харц салгалгүй ширтэнэ. Гадаа хэсэг зогсоход хацар даарч, гар бээрч байлаа. Автобус хүлээж зогссон оюутнуудын нэг нь “хөл хөлдөх нь ээ” гэж шогширсон бол өөр нэг нь утасныхаа аппликейшнээр ирэх автобусыг харан зогсоно. Цаана нь зогсч байсан ахимаг насны эмэгтэй "Эндээс Мишээл экспо явах уу" гэхчлэн лавлан асууна. Ингээд дунджаар 15 минут хүлээсний эцэст автобус ирэв.
“ХМК-Офицеруудын ордон" чиглэлийн автобусанд хүмүүс ар араасаа биенээ түлхэн чихэлдэн орлоо. Автобусны жолооч “Багтахгүй байна дараагийн автобус ирж байгаа, наад шатан дээрээсээ буучих” гэж нэгэн эрэгтэйг загнаж гарлаа. Гэтэл арын автобусны бараа сураг ч үзэгдсэнгүй. Хэзээ харих юм бүү мэд…
Хөлдөж үхэх шахам хүлээсэн хүмүүс зодолдох нь холгүй бөөн хэрүүл. Үнэндээ гадаа хүйтэнд автобусанд сууж л байвал гар хөлөө хавчуулах юу ч биш. Товчхондоо хүйтний эрч чангарч, түгжрэлийн цагаар хөлд дүүжлэх унаа олдохгүйгээс гэртээ харих гэж үйлээ үзэж байна. Зарим хүүхдээ хөтөлсөн ээжүүд такси барихаар гараа өргөсөн ч төв зам дагуу нэг ч машин зогссонгүй. Арга буюу автобусны буудал өнгөрөөд дахиад гараа өргөх нь тэр. Автобус хүлээвэл хөлдөж үхчих гээд, алхвал халтирч уначих гээд даанч хэцүү.
Автобус хүлээн зогсч байгаа иргэдээс байр суурийг сонслоо.
- Иргэн “Ажлын цаг дуусахаас өмнө буюу 16:00 цагаас эхлэн түгжрэл эхэлж байна. Автобуснууд түгжрээнд их удаж байна. Манайхан автобус худалдаж авсан гэдэг. Гэхдээ хүрэлцээгүй байна. Их хол явдаг хүмүүс түгжрээнд хамаг цагаа авч байна. Иргэд бухимдаж байна. Үүнийг яаж зохицуулах вэ. Хотын дарга арга хэмжээ авмаар байна. Доод тал нь 30 минут, дээшээгээ цаг хүлээлгэж байна. Оройн 17:00 цагаас хойш бүр баларч байна. Арай гэж суутал хөл гишгэх ч зай байдаггүй. Шинээр авах автобус нь томхон багтаамжтай баймаар байна” гэлээ.
19.30 цаг. Хүнсний 20-ын автобусны буудал.
Энэ буудал дээр автобус хүлээсэн хүмүүс маш их байлаа. Учир нь Багшийн их сургуулиас хөдөлсөн автобус Сүхбаатарын талбайн урд зам дээр илүү их түгжирдэг учраас даарсан, автобусаа хаана явааг харсан, шалгасан, бухимдсан хүмүүс олон аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амарсан учраас автобусны буудалд хүүхдүүд харагдах нь бараг л үгүй. Иргэдийн зүгээс орой ажил тарах цагаар автобус үнэхээр удаан хүлээж байна. Цас орсноос хойш 50 минут хүлээсэн тохиолдол ч гарсныг иргэн Ц.Заяа хэлж байв. Тэрбээр өдөр бүр л энэ автобусны буудлаас харьдаг. Цас орсноос хойш бүр их хүлээж байна. Өчигдөр гэхэд автобус хүлээж 50 минут зогсоод, даараад ёстой улмаар л байсан. Сүүлдээ гэр лүүгээ харих автобус биш ямар хамаагүй автобусанд суумаар санагдаж байсан. Томчууд бид ингэж даарч байхад хүүхдүүд бол яаж энэ өвлийг давна даа л гэж бодож байна даа хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Түүний хувьд өглөө, оройдоо автобусаар зорчдог бөгөөд өглөөдөө бол автобус хүлээх нь харьцангуй гайгүй байдаг. Харин орой л автобус маш удаан хүлээж байгаагаа хэлж байв.
- Иргэн П.Батдорж “Жоохон хүлээж байна. Гэхдээ гайгүй. Тасрахгүй яваад л байна. Дунджаар 20 минут хүлээдэг” гэж яарсаар алхлаа.
- Иргэн Д.Ариунжаргал “Арав, хориод минут хүлээж байна. Уг нь төвийн автобуснууд гайгүй байна. Гэр хорооллын автобус олдохгүй байна. Манайх Дарь-эхэд байдаг. Түгжээнд хоёр цаг зарцуулж байна” гэж бухимдангуй ярилаа.
- О.Оргилболдын хэлж буйгаар “Автобус арваад минут хүлээж байна. Хоёр дамжаад явдаг болохоор харих гэж хоёр цаг болдог. Нэлээд түгжирч харьдаг. Олдоц муутай, их хүлээлгэж байна. Зах дүүргүүдэд олдоц муутай байгаа. Түгжээг бууруулахын тулд гарц гүүр нэмэх хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Иргэдийн ярианаас автобус дунджаар 20 минут хүлээлгэж, ирэхдээ хөл гишгэх зайгүй ирдэг нь бухимдал төрүүлдэг бөгөөд аль болох тоог нь нэмэгдүүлэх ёстойг хэлж байна.
“НО-ТОЙ НОГООН АВТОБУС БАЙГААГҮЙСЭН БОЛ НИЙСЛЭЛЧҮҮД ХҮЙТЭНД ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААТАЙ БАЙХ БАЙЛАА”
Хүйтний эрч чангархад но-той ногоон автобусны дуулиан дэгдэж, Түгжрэлийн сайд, Хотын дарга нар хариуцлагаа хүлээж огцорсон. Одоогийн байдлаар АТГ-аас өгсөн мэдээллээр ногоон автобусыг худалдан авсан, тендер зохион байгуулсан 25 хүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байгаа. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байв.
Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ тус асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон. Худалдан авалтад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа ч нөгөө талд ногоон автобусыг буцаасан эсэхийг иргэд сонирхож байна. Тэгвэл энэ талаар нийслэлээс өгсөн мэдээллээр, “Тэнүүн огоо” компаниас автобус авахгүй гэдгээ мэдэгдсэн. Автобуснуудыг буцаах эсэхийг тус байгууллага шийднэ гэсэн юм.
Тиймээс ногоон автобусны “горыг” нийслэлчүүд амсч байна. Хүйтэнд хөлөө хөлдөөх шахам автобус иртэл аргаа баран зогсч байгаа дүр зураг ажил тарах цагаар өрнөнө.
ШИНЭ АВТОБУСНЫ ТЕНДЕРИЙГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ШАЛГАРУУЛНА
Хотын дарга Х.Нямбаатар нийслэл хотын түгжрэлийг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийхдээ автобусны тендерийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Ногоон автобусны дуулиан намжаагүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор олон улсын нээлттэй тендер шалгаруулсан. Арваннэгдүгээр сарын 23, 24-ний өдөр гэхэд нээлттэй тендерээ шалгаруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ойролцоогоор 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар Улаанбаатар хотын парк шинэчлэлийг амжилттай хийнэ" гэж байлаа. Үнэндээ эрх баригчдын хулгай, луйврын золиос нь иргэд болж байна гэхэд хилсдэхгүй. Хэрэвзээ идэр есийн хүйтэн эхлэхээс өмнө автобусны тендерээ шалгаруулж, шинэ автобустай золгохгүй бол энэ байдлаараа нийслэлчүүд ихээхэн зутарч мэдэх нь ээ. Жилийн жилд парк шинэчлэл гэж гоё юм ярьдаг ч хэлдэг, хийдэг нь даанч алга.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ