Байр суурь: Тэтгэвэр нэмснээр инфляци өснө

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

Байр суурь: Тэтгэвэр нэмснээр инфляци өснө

Байр суурь: Тэтгэвэр нэмснээр инфляци өснө

 МАН-ын бүлгээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өндөр настны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.


"МАН ГЭНЭТ ШИЙДВЭР ГАРГААД ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГААР НЭМЭХ НЬ ЗОХИСТОЙ ШИЙДВЭР БИШ"

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Хамгийн гол нь ямар эх үүсвэрээр, хаанаас энэ мөнгийг санхүүжлэх вэ гэдэг нь чухал асуудал. Хоёрдугаарт, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь сонгууль угтсан шоу гэдэг нь тодорхой харагдаж байна. Монголын ард түмэн одоо хэрсүү болсон. Эдний урхинд орохгүй байх гэж итгэж  байна. МАН-ынхан нэр нүүрээ сүүлийн 7-8 жил барчихсан учраас иргэдээс бага боловч санал авах гэсэн санаа. Өдрөөс өдөрт өсч байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханштай харьцуулаад аваад үзвэл ахмадын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх нь маш бага мөнгө мэт санагдаж магадгүй. Гэтэл энэ шийдвэртэй холбоотойгоор төсөв дээр тодорхой хэмжээний дарамт ирнэ. Угтаа Нийгмийн даатгалын санд хариуцлагатай хандсан бол энэ сан хоосрохгүй байсан. Хэрэв ингэж хариуцлагагүй хандаагүй байсан бол сан нь тэтгэврээ тэтгээд явах боломж бүрэн байсан.Цаашлаад мөнгө нь арвижаад явах байсан. Гэтэл МАН гэнэт тушаал, шийдвэр гаргаад тэтгэврийг 100 мянгаар нэмэх нь зохистой шийдвэр биш.

"ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГААР НЭМЭГДҮҮЛЭХЭД 130 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР ШААРДЛАГАТАЙ"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Ирэх 2024 оны төсөвт төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг инфляцитай уялдуулж 10 хувиар нэмэгдүүлэх тооцоололтой оруулж ирсэн. Дөрөвдүгээр сарын 1-нээс эдийн засаг идэвхждэг учраас энэ хугацааг сонгосон. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд төрийн албан хаагчдын цалинг дунджаар 40 орчим хувиар нэмсэн. Дундаж тэтгэвэр өмнө нь 500 гаруй мянга байсан бол 680 орчим мянган төгрөг болж нэмэгдсэн. Тэтгэврийг итгэлцүүр болон инфляцитай уялдуулан нэмсэн. Тэгвэл МАН-ын бүлэг 2024 онд нийт тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Төсвийн тухай хуулийн дагуу орлого нэмж, зарлага гаргаж болдоггүй. Өмнө нь ийм алдаа гаргаж байсан. Тиймээс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд үүнийг хориглосон. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого нэмэгдвэл баланс сайжрах буюу төсвийн алдагдал буурах ёстой.  Түүнээс биш орлогоо зохиомлоор өндөр тавьж, түүнийгээ дагаад зарлагаа өсгөж өр хуримтлуулах боломжгүй болсон. Тиймээс нэгэнт зарлагаа нэмэгдүүлж байгаа бол бусад зарлагаасаа танах учиртай. Тиймээс тэтгэврийн хэмжээг инфляцитай уялдуулж 10 хувиар нэмэх тооцоолол ирэх оны төсөвт суусан. Харин нийтээр нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсөв дээр 130 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ мөнгийг бусад зардлуудаасаа танаж зардлыг нь тусгахаар хуульд туссан.  Монгол Улсад 499 мянган тэтгэвэр авагч байна. Гэтэл 1.4 сая иргэн Нийгмийн даатгалын шимтгэл төлж  байна. Түүнчлэн улсаас НДШ-ийг төлдөг албан хаагчид бий. Тухайлбал, төрийн тусгай албан хаагчид, тэдний гэр бүлийн хүмүүс, хил дээр ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчид, гадаадад ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчид гэх мэт иргэдийн өөрсдийнх нь болоод гэр бүлийнх нь хүний НДШ болоод ЭМД-ыг улсаас хариуцдаг. Цаашлаад 20 гаруй жилийн дараа тэтгэвэр авагч ахмадын тоо нийт хүн амын 20 гаруй хувьд хүрнэ. Тэр үед хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын НДШ-ийн мөнгөөр тэтгэврээ тавьж чадахааргүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс хэн илүү НДШ төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг тогтолцоотой болох учраас одооноос өөрөө өөрсдийнхөө нийгмийн баталгааг хөдөлмөр эрхэлж байгаа үедээ хариуцлагатайгаар хуримтлуулах нь зүйтэй.

"АРГА ЯДААД САЙД НАРЫН БАГЦААС ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ГАРГАХ ШИЙДВЭРТ ХҮРСЭН"

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Ахмад настнуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихтэй холбоотойгоор төсвийн зарлагаа бууруулна. Өөрөөр хэлбэл, сайд нарын багцад багтсан төсвөөс хасах тооцоотой байна. Нийгмийн даатгалын сан, зээлийн төлбөрийн үлдэгдлүүдээ үлдээгээд бусад газруудаас хасахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл тэтгэврийн түвшинг инфляцийн түвшинтэй уялдуулаад харахаар бага тэтгэвэр авагч иргэдийн хувьд тэтгэвэр нь 55 мянган төгрөгөөр л нэмэгдэх юм. Тиймээс энэ дүнг харьцангуй бага байна гэж үзэж байгаа юм. Нийт тэтгэвэр авагчдын 70 хувь нь бага тэтгэвэр авагчид байдаг. Тиймээс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ  шийдвэрийн хүрээнд бага тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр 20 орчим хувиар нэмэгдэх юм. МАН-ын бүлэг шийдвэрээ гаргасан.  Одоо ажлын хэсгүүд хуралдаж, байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ. Ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд 134 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Үүнийг Засгийн газрын сайд нарын багцаас хасна. Засгийн газрын урсгал зардал өнгөрсөн оноос 20 орчим хувиар нэмэгдсэн. Тийм учраас бид 2.5 орчим хувиар танаж байгаа.  Цаг хугацааны хувьд дөрөвдүгээр сарын 1 гэдэг бол мөнгө төгрөг, эх үүсвэртэйгээ л холбоотой. Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэх шийдвэр гаргавал илүү их л эх үүсвэр хэрэгтэй болно. Тийм учраас арга ядаад сайд нарын багцаас гаргах шийдвэрт хүрсэн. Өөр илүү дутуу зарлагаа хасъя гэхээр төсвөө бүтнээр нь эвдэх шаардлага тулгардаг. Тиймээс л сайд нарын багцаас нэгдсэн дүнгээр нь хасах шийдэлд хүрсэн.

"МӨНГӨ НЬ БАЙВАЛ НЭМЭХ ЁСТОЙ"

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Нэмэх мөнгө нь байвал нэмдэг л юм байгаа биз. Нэмэх эрх нь эрх баригч МАН-ын бүлэг, Засгийн газарт байгаа шүү дээ. Ахмадын тэтгэврийг нэмэх төсөв мөнгөний боломж, бололцоо байгаа учраас нэмэх талаар оруулж ирж байгаа байх. Мөнгө нь байвал нэмэх ёстой.

"ЭДИЙН ЗАСГИЙН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭД ТУЛГУУРЛАЖ ГАРГАСАН ШИЙДВЭР"

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Цар тахал болоод Орос, Украины дайнтай холбоотойгоор Монголын эдийн засагт үзүүлж байгаа экспорт, импортын хомсдол, импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс улбаатай үнийн өсөлт нийт иргэдийн амьдрал, улсын макро эдийн засагт шууд нөлөөлсөн. УИХ-ын гишүүдэд ирдэг иргэдийн хүсэлтүүдийн дийлэнх хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар байдаг. Энэ жил Монгол Улсын эдийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнээр эдийн засагт тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтүүд гарсан. Тиймээс хот, хөдөөгийн ялгааг арилгах, төвлөрлийг сааруулахад анхаарахаас гадна иргэдийн амьжиргааг дэмжих, үнийн хөөргөдлийн эсрэг, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шат дараатай нэмэгдүүлэх амлалтаа хэрэгжүүлэх үүднээс гарсан бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. МАН-ын бүлэг хуралдаад тэтгэврийн зөрүүг аль болох ойртуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч ахмадын амьжиргааны түвшинд инфляци асар хүчтэй нөлөөлж байгаа учраас нийтээр нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зөв гэсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн. Одоо өргөн барьчихсан байгаа 2024 оны төсөв дээр экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх төсөөлөлтэй байгаагаа танилцуулсан. Тухайлбал, нүүрсийг энэ оныхоос даруй сая тонноор нэмэгдүүлж 60 саяд хүргэх өөдрөг тооцоолол танилцуулсан. Мөн Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлж, зэсийн баяжмалын агуулга өссөн учраас худалдаа, тээвэр, логистикийн салбарын өсөлт явагдаж байна. Цаашлаад экспортын орлого сайжирч, төлбөрийн тэнцэл сайжирч байгаа нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх тооцоолол Засгийн газраас танилцуулсан. Үүний дагуу ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн болов уу.

"ТӨСВИЙН БОДЛОГО БУРУУ, ДУТУУ, СУЛ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-МАН-ын бүлгийн гишүүд өндөр настны тэтгэврийн хэмжээг өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдөр нэмсэн. Гэсэн хэдий ч нийт тэтгэвэр авагчдын 70 орчим хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг учраас 50 мянган төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгдсэн. “Тэтгэвэр нэмсэн гэж байгаа боловч нэмэгдсэн 50 мянган төгрөгөөр шуудай гурил ч авч хүрэхгүй байна” гэдгийг ахмадууд хэлж байгаа. Тэр үнэн. УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажилласан. Орон нутгийн иргэдээс хамгийн их ирж байгаа санал бол тэтгэврийн хэмжээг дахин нэмэгдүүл гэдэг асуудал байсан. Тиймээс тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгосон ахмадуудын хувьд гомдолтой байгаа. УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуулийг баталсантай холбогдуулан цаашид тэтгэвэр болон цалинг тухайн жилийн инфляцитай уялдуулж нэмэхээр хуульчилсан. ҮСХ-ноос гарсан мэдээллээр аравдугаар сард инфляцийн түвшин есөн хувьтай гарсан байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын багц хуульд заасны дагуу одоогийн байдлаар цалин, тэтгэврийг есөн хувиар нэмэхээр байна. Харин өргөн барьсан Төсвийн төсөл дээр төрийн албан хаагч болоод ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэхээр оруулж ирсэн нь хэлэлцэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудын хувьд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд 55 мянган төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгдээд 610 мянган төгрөгийн тэтгэвэр авах байсан. Гэтэл МАН-ын бүлгээс 100 мянган төгрөгөөр буюу 20 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нь тооцоолол танилцуулсан гэсэн үг.  Хамгийн бага тэтгэвэр, цалин авч байгаа иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилт Засгийн газраас дэвшүүлж байна гэж ойлгосон. Үнэхээр ийм бололцоо боломж байгаа бол дэмжье гэсэн санал өгсөн. Харин шинээр төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлж, зарлаг гаргах боломжгүй учраас хэрхэн яаж, эх үүсвэрээ хаанаас шийдвэрлэх вэ гэдэг гарц гаргалгаагаа танилцуулах байх. Аль нэг яамны буюу сайд нарын багцаас одоо төлөвлөчихсөн байгаа зардлуудаас хасч байж шийдвэрлэгдэх ёстой асуудал. Төсвөө хасуулж байгаа сайд нар, яамдуудад сайхан байхгүй л байх. Учир нь бүх зүйл төлөвлөгдөөд төсвийн хэлэлцүүлэг хоёрдугаар шатандаа орчихсон явж байгаа энэ үед Засгийн газар дээрээ асуудлаа яриад оруулж ирэх байх. Хэрэв ахмадуудын тэтгэврийг нэмэх байсан бол төсвийн төсөл дээрээ анхнаасаа суулгаад оруулж ирэх боломж байсан. Төсвийн бодлого, төлөвлөлт сул байна. Одоо дундуур нь төсвийн урсгал зардалд хөдөлгөөн оруулж байна. Анх 10 хувь гэж байсан бол одоо 20 хувь гэж байна. Ийм боломж, бололцоо, орон зай анхнаасаа байсан юм уу гэдэг асуудал ч хөндөгдөнө. Эсвэл үнэхээр төсвөө төлөвлөж чадахаа больчихсон юм уу. Ер нь  төсвийн бодлого буруу, дутуу, сул төлөвлөлттэй байгааг харуулж байгаа шинж тэмдэг шүү дээ. Төслийн дундуур аль ч хууль яаж ч өөрчлөгдөж болно. Харин засаж залруулах нь хууль хэлэлцэж байгаа гишүүдийн эрх. Засгийн газраас оруулж ирсэн төслийг үг дуугүй 100 хувь оруулж ирснээр батлах ёс  байхгүй. Өөрчлөх эрх нь бий.

"ТӨСӨВ ӨРГӨН БАРИГДСАНЫ ДАРАА ИЙМ АСУУДАЛ ОРУУЛЖ ИРСЭН НЬ НИЙГЭМД МАРГААН ДАГУУЛЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-Монгол Улсын Засгийн газраас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаад төсвийн төсөл дээрээ тусгасан. Төсвийн төсөл өргөн барьсны дараа ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх санал орж ирлээ. Засгийн газраас хийсэн тооцооллоор сайд нарын багцаас тодорхой хэмжээний зардлыг шилжүүлэх хэлбэрээр уг нэмэгдэлтэй холбоотой зардлыг шийдвэрлэх боломжтой гэж тооцоолж оруулж ирсэн байна. Ямартай ч МАН-ын бүлэг уг саналыг дэмжсэн. Төсөв батлагдах үеэр энэ асуудал эцэслэн шийдэгдэх байх. Харин цаг хугацааны тухайд  дөрөвдүгээр сарын 1-нээс гэдэг дээр "сонгууль угтсан нэмэгдэл боллоо" гэж хардах эрх нь иргэдэд бий. Гэхдээ анх Төсвийн хуулийг оруулж ирэхдээ Сангийн яамны тооцооллоор энэ хугацаанаас цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж оруулж ирсэн. Харин 100 мянга болгож өөрчилсөн зөрүүг сайд нарын багцаас авах гэж байгаа учраас чухам хаанаас, ямар зардал танах талаар хэлэлцэж байна. Төсөв нэгэнт өргөн баригдсаны дараа ийм асуудал оруулж ирсэн нь нийгэмд маргаан дагуулж байна.

"ЖООМОО АЛАХ ГЭЭД БАЙШИНГАА ШАТААЧИХАЖ БОЛОХГҮЙ"

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Сонгууль болохоос ердөө хоёр сарын өмнө тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байна. Тийм учраас энэ үйлдлийг сонгуулийн санал худалдан авах зорилготой гэж харж байна. Сонгуулийн жилийн төсөв үндсэндээ маш их тэлэлттэй байдаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм чөтгөрийн тойргоор явж ирлээ. Гол нь сонгуулийн үр дүнгээр нам ялах нь чухал гэсэн аминч үзэл. Миний бие УИХ-ын гишүүн болсноосоо хойш энэ байдлыг шүүмжилсээр ирсэн. МАН, АН эсвэл өөр нэг нам ч ялалт байгуулж болно. Гэхдээ Монгол Улс яг ийм тогтолцоонд ялагдаж, улам бүр ядуурсаар байна. Эдийн засагт үүнийг чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг. Нэг талаас харахад тэтгэвэр, цалинг нэмэгдүүлсэн мэт боловч нөгөө талаасаа үүний нөлөөгөөр инфляци өсдөг. Тиймээс иргэдийн бодит худалдан авах чадвар буюу халаасанд дахь мөнгөний хэмжээ нь өмнөхөөсөө улам бүх дордсоор байдаг. Монгол мөнгөний ханш улам бүр үнэгүйдэж цаас боллоо. Ийм бодлого дэлхий нийтэд явдаггүй гэдгийг олон улсын жишээ бидэнд харуулж байна. Дэлхий дахинд популизм хийж цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийг өсгөх замаар санал авдаг тоглолт явцгүй болсон. “Давс мэт шорвог боловч алсдаа эм мэт хэрэгтэй” арга хэмжээг чинь одоо л хэрэгтэй байна. Сангийн яам болоод Монгол банк бол мэргэжлийн байгууллага. Тэнд чадварлаг эдийн засагчид ажилладаг. Гэтэл үеийн үед мэргэжлийн байгууллагын судалгаа, тооцоон дээр суурилж боловсруулсан төсвийг задалж, тойрогтоо мөнгө татдаг, сонгууль угтсан халамжийн бодлого явуулдаг байдлыг төсөвтөө суулгахаар улайрч байгаа нь тогтолцооны гажуудал. Тийм юм бол нэртэйгээр нь мэргэжлийн байгууллага болох Сангийн яам аа татан буулгачих л даа. Жоомоо алах гээд байшингаа шатаачихаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж