Төмрийн хордлого, төмөр замын хараал, тэтгэврийн популизм  

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Төмрийн хордлого, төмөр замын хараал, тэтгэврийн популизм  

Төмрийн хордлого, төмөр замын хараал, тэтгэврийн популизм  

-Тэр шагнадаг. Эцэст нь энгэрээ цоолуулсан нөхөд гартаа гав зүүдэг. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Мөнхбаяр, Д.Жаргалсайхан… Х.Баттулга-

ТӨМРИЙН ХОРДЛОГО  

Түүний золиосууд ээлж дараалан шоронгийн хаалга татаж байна. Ардаас нь ээлжээ хүлээж байгаа уртаас урт дараалал бий. Тэр шагнадаг. Эцэст нь энгэрээ цоолуулсан нөхөд гартаа гав зүүдэг. Зүүсээр байх нь. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан, Д.Баясгалан, Т.Мөнхбаяр… Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Дараалал нь ийм байх дүр зураг харагдаж байгаа. Эргээд харахад, Х.Баттулга дээрх таван хүний гурвыг нь хөдөлмөрийн баатар, хоёрыг нь гавьяат цолоор шагнаж, энгэр цоолжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан, Т.Мөнхбаяр нарыг хөдөлмөрийн баатар, Б.Ганхуяг, Д.Баясгалан нарыг гавьяат цолоор шагнасан. Гэтэл өнөөдөр Х.Баттулгын гавьяа байгуулсан баатрууд бүгд шоронгийн хаалга татахад ойрхон ирэв. Тэд эхнээсээ нүүрсний хэргээр хоригдон 461 дүгээр хорх ангиас захидал бичиж, шүүх танхимд зовлон тоочиж эхэлсэн.

ТӨМӨР ЗАМЫН ХАРААЛ

Монголчууд урагшаа Замын-Үүд, хойшоо Алтанбулагийн боомтоос өөр төмөр замын гарцтай болно гэж мөрөөдсөний хэдэн жилийн ой тохиож байна вэ. Бараг он тооллоо алдсан. Ямартай ч Х.Баттулга гэдэг хүн улс төрд үймүүлсэн 15 жилээр тоологдоно. Түүнийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд, Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд Монгол Улс төмөр замын өөр гарц нээж чадаагүй. Хил хүрээд мухардсан. Хоржоонтой нь одоо түүний тавьсан гэх мухар төмөр замуудын баасыг цэвэрлэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иран, Пакистаны боомтыг ашиглах талаар бүтэшгүй зүйл яриад явж байна.

Энэ хоёрыг холбож байгаа зүйл нь Х.Баттулгын уяач Б.Баатар. Найруулагч Б.Баатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах гэдгийг бүгд мэднэ. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буусны дараа Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө авч, улстөрийн хамгаалалт үзүүлж байсан нь үүнийг илтгэнэ. Харин тэднийг салгаж мэдэх зүйл нь нүүрсний хулгайн хэргээр ил болсон төмөр замын нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээнүүд.

Х.Баттулгын сэдсэн төмөр замын санхүүжилтийг шийдсэн Б.Ганхуяг өнөөдөр шүүхийн танхимд шүүгдэж байна. Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нүүрсний хулгайн том бүрэлдэхүүн болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нууцлалтай гэрээнүүдэд санхүүжүүлэгчээр гарын үсэг зурсан. Мөн Б.Ганхуягийн найз Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа уг төмөр замын ерөнхий захиалагчаар гарын үсэг зурсан. Тэрбээр Монголоос гадагшаа гарч оргон зайлсан гэдэг нэр зүүсэн ч Монголын хууль хяналтын байгууллагаас зугтаагүй. Төмөр замын захиалагчдаас зугтаан улсаас улс дамжин амиа хамгаалж буйг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж, тэрбум ам.доллар халаасалсан “Бодь-Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, төслийн санаагчлагч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг шалгах асуудал Н.Удаанжаргал гадаад руу зугтаасан гэдэг шалтгаанаар гацсан.

Энд тэрбум гаруй ам.долларын хулгай яригдсан. Одоо дахиад 300 сая ам.доллароор  төмөр замын өргөнөөс нарийн цариг руу шилжүүлэн ачих төв байгуулахаар ажиллаж байгаа. Санхүүжилтийг нь “Эрдэнэс Монгол” компани гаргах мэдээлэл бий.

Х.Баттулгын өөр нэг төмөр замын хэргийг УИХ-ын гишүүд тэргүүтэй мэдээлэл ойр албан тушаалтнууд байсхийгээд сөхдөг. Тэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Х.Баттулга үүнд Зэвсэгт хүчний жанжин штабаар оройлуулан анги нэгтгэлүүдийг татан оролцуулснаар санхүүжилтийг нь улсын нууцад хийж чадсан гэж үздэг. Тиймээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр яг хэдэн төгрөгөөр боссон гэдэг мэдээлэл бүрхэг ч дор хаяж тэрбум ам.доллар зарцуулсан. Нөгөө “Атар” талх ширхгийг нь 20 мянган төгрөгөөр шахснаас эхлээд  асуудал босож ирнэ. Хэрэв үүнийг шалгаж эхэлбэл, зэвсэгт хүчний хэд хэдэн генералын шалгах учиртай. Гэвч өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийнхэнд элэгтэйн дээр МАН-аар дамжуулан Монголд хаан суухад нь Х.Баттулга дөрөө болж өгсөн. Тиймээс хулгайтай тэмцэнэ хэмээн морин дээр сэлэм эргүүлж явсан У.Хүрэлсүх төмөр замын хэргүүдэд тулаад бүлх залгисан мэт дуугүй суугаа.  Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ажлыг Х.Баттулгын гарын хүн Д.Жаргалсайхан гардан удирдсан. Баянхонгорын Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гэнэтхэн Зэвсэгт хүчний жанжин штабын бүтээн байгуулалтын газрын даргаар томилогдсон байдаг. Энэ төслийг мөн л “Эрдэнэс тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг нууцын зэрэглэлтэй гарын үсэг зурж санхүүжүүлсэн.

ТЭТГЭВРИЙН ПОПУЛИЗМ

Монголын Гашуунсухайт боомтыг Хятадын Ганц мод боомттой төмөр замаар холбох санхүүжүүлт хийх “Эрдэнэс Монгол” компани өөрөө их наядаар яригдах өртэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019-2020 он шилжих мөчид Салхитын мөнгөний ордыг барьцаалан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргаж байв.  Үүний үр дүнгээр “Эрдэнэс Монгол” компани их наядын өртэй болж хоцорсон.

Хэрэв тус компани 2024 онд тэтгэврийн зээл тэглэсэн бондын төлбөрөө хийж чадахгүй бол дампуурах эрсдэлд байна. Энэ тохиолдолд Салхитын мөнгөний ордыг Х.Баттулгын популизм болгоход бэлтгэж өгсөн УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийх ёстой.

Г.Занданшатар Салхитын ордыг зэвсэглэн түйвээснийг Х.Баттулга сонгуулийн бэлтгэл болгож байлаа. Тэтгэврийн зээл тэглэн ахмадуудын сэтгэлийг эзэмдэх уг ажиллагааг Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал асан Т.Мөнхбаяр гардан гүйцэтгэсэн. Х.Баттулгын төлөөх энэхүү зүтгэл нь түүнийг хөдөлмөрийн баатар болгосон юм. Гэвч тун удалгүй Т.Мөнхбаярыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудын сонгуулийн мөнгийг босгосон, Хөгжлийн банк, нүүрс зэрэг хэргээр шалгаж эхэлсэн. Тэрбээр “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу олгох замаар 1.4 тэрбум төгрөгийн авлига авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж