Ардчилсан намын гишүүн Ц.Уянга, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, архитектор н.Батзориг нар өнөөдөр /2023.11.0/ Урт цагааны барилгыг буулгаж болохгүй, Улаанбаатар хотын ой санамж үгүй болно гэж мэдэгдлээ.
Ц.УЯНГА:
-Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар долоо хоногийн хугацаатай иргэдээс санал авч, Урт цагааны барилгыг буулган, ногоон байгууламж байгуулах, эсвэл 16 давхар үйлчилгээний барилга барихаа шийднэ гэсэн хоёр сонголт тулгаж байгаа. Урт цагааныг нураана гэдэг нь Улаанбаатар хотын түүхийг алга болгоно гэсэн үг. Энэ бол маш том аюул. Улаанбаатар хотын өв болсон барилгуудыг Ардын нам гарснаас хойш ирэдийн оролцоогүйгээр шууд нураадаг практик тогтлоо.
2015 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Гэтэл улс төрийн шийдвэртэй Улаанбаатар хотын дарга долоо хоногийн дотор санал авсан нэрээр нураах шийдвэр гаргаж байгаа нь буруу. Иргэдийн санал асуулга явуулах гэж байгаа бол мэргэжлийн хүмүүсийг оролцуулдаг, бусад альтернатив хувилбар гаргах ёстой. Урт цагааны гудамжийг сэргээн засаад автомашины хөдөлгөөнийг хориод төлөвлөлт хийх ёстой.
Г.ОЧБАЯР:
-Өнөө өглөө Улаанбаатар хотын захирагчид албан шаардлага хүргүүлсэн. Санал асуулга явуулахдаа олон бүлгүүдийн эрх ашгийг хамгаалахгүй байна. Урт цагааны барилгыг гаднаас нь харахад пасад нь муудсан ч мэргэжилтнүүд сэргээн засварлаж болно гэж хэлж байгаа.
300 гаруй жилийн өмнө Хүрээнд анх худалдаа үүссэн. 1727 онд Орос, Хятад хоёр гэрээ хийгээд Монгол нутаг дээр анх хүрээнд худалдааг зөвшөөрсөн. Хүрээнд худалдаачдын гудамж нүүж явж байгаад Урт цагаан байгаа газар албан ёсоор суурьшаад, суурьшмал байдалтай бий болсон. Хятад, орос, түвд, швед, америк, дани, япончууд худалдаа хийдэг гудамж бий болсон. Олон улсын шинж чанартай худалдааны гудамж бий болсон. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй, Монголын хамгийн их хүн ам цугладаг худалдааны гудамжийг бий болгосон. Модны, чулууны, төмрийн, барааны, хүнсний, дархны, эмийн сангуудтай, маш олон төрөлжсөн гудамжтай. Худалдааны гудамжинд худалдаа наймаа хийхээс гадна мэдээллийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үеийн хүмүүс зах дээр ирээд мэдээлэл солилцдог. Мэдээллийн маш том хэрэгсэл болж байсан. 1950-иод оны үед ил задгай худалдааг орчин үеийн барилгад оруулъя гээд Монголын анхны хоёр том архтекторын нэг Дамбийням орчин үеийн худалдааны барилгыг барьсан. Худалдааны гудамжинд пүүсүүдийн загварыг ашиглаад сүм хийдийн загвартай барилга барьсан. Энэ нь орчин цагийн хот байгуулалтын хамгийн анхны модернист барилга болсон.
Урт цагаан бол социализмын үеийн Монгол Улсын хамгийн анхны худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилга юм. Урт цагаантай холбогдуулж, жуулчны гудамжийг яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр эргэн тойрон нь түүхэн олон барилгууд бий. 1936 онд баригдсан шар дэлгүүр, 1961 онд баригдсан Урт цагаан, 1946 онд баригдсан Туул ресторан, 1914 онд баригдсан Занабазарын нэрэмжит музей, 1909 онд баригдсан хамгийн анхны эмийн сангийн барилга энэ бүхэн тэр чигээрээ Богдын хүрээ болон социализмын дүр төрхийг харуулдаг. архитекторч Дамбийням гуайн барилга нь хөндлөн баригдсан тул Урт цагаан гэж нэрлэгдсэн. Үйлдвэрлэл хоршоодын нэгдсэн төв гэж нэрлэж байсан. Буулгавал Урт цагаан гэдэг нэр алга болно. Урт цагаан бол Улаанбаатар хотын таних тэмдэг. Урт цагаан дээр уулзая гэхэд бүгд мэддэг. Ийм нэр томъёо 80-100-гийн хооронд хэлбэлзэж байгаа. Урт цагааныг буулгана гэдэг амин сүнсээ алдах гэж байна гэсэн үг гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ