Байр суурь: Сурагчдын амралтыг уртасгах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Байр суурь: Сурагчдын амралтыг уртасгах шаардлагагүй

Байр суурь: Сурагчдын амралтыг уртасгах шаардлагагүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар иргэдээс ирж байгаа саналыг ажлын хэсэг судлах хүсэлт тавьсан. Тодруулбал, өвлийн оргил ачааллын үед сурагчдын амралтыг уртасгах нь эрчим хүч болоод түгжрэл, агаарын бохирдол зэргийг тооцож дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг 12, 1 дүгээр сард бүтэн амрааж зун, намрын сард шилжүүлэх талаар судлах хэрэгцээ байгааг онцолсон. Ингэснээр долдугаар сарын 1 хүртэл хичээллэх эсвэл наймдугаар сарын 1-нээс хичээл орох боломжтой.

Нэг талаар дээрх олон талын эерэг үзүүлэлтээс гадна хамгийн чухал нь хүүхдүүдийн эрүүл мэнд.

Тиймээс сурагчдын амралтыг уртасгах, хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулах боломжтой эсэх талаар холбогдох газруудаас тодрууллаа.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр, одоогоор сурагчдын амралтад өөрчлөлт оруулах ямар нэгэн шийдвэр, санал гараагүй. Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийн Боловсрол, шинжлэх ухааны сайд батлан гаргасан. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болсон.

Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцийг харвал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ долоо хоногт үргэлжилж байна.

Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног,

Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног,

Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног,

Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэнэ гэлээ.

ХӨСҮТ: ЭНЭ ӨВӨЛ ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДИЙНХЭЭС ИХСЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Харин Эрүүл мэндийн яамнаас асуухад, тус яамнаас сурагчдын амралт сунгах ямар нэгэн санал хүргүүлээгүй гэлээ. Гэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгч байгаа мэдээллээр энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж эмнэлгийн салбарын ачаалал эрс ихсэх хандлагатай байна гэсэн юм.

Албан санал гаргаагүй ч эрүүл мэнд, өвчлөлийг авч үзвэл өвлийн амралтыг уртасгах нь зүйтэй гэдэг албан бус байр суурийг эрүүл мэндийн байгууллагуудаас хэлж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. БАЙГАЛМАА:

-Монгол Улсад Covid-19 халдварын цар тахал бүртгэгдсэнээс хойш гурван жил орчмын дараа хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон дарамт учруулдаг томуу, амьсгалын замын синцитиаль вирус Covid-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн орчилд орж, томуу, томуу төст өвчний өвчлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.

Томуугийн халдвар нь дэлхий дахинд болон манай улсад хүн амын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлдэг, ялангуяа бага насны хүүхдүүд, 65 болон түүнээс дээш насны хүн амын хүндрэх, нас барах голлох шалтгаан болдог ба цаашид Covid-19 цар тахлын үеийн ололт, амжилт, сургамжид тулгуурлан хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах нь чухал.

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Энэ жил нийт 300 мянган хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийн 70 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж байна.

БОЛОВСРОЛ ТАЛААС НЬ АВЧ ҮЗВЭЛ СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ ШААРДЛАГАГҮЙ

Эцэг, эхчүүд, судлаачдын зүгээс өвлийн амралтыг уртасгах нь зохисгүй гэдгийг хэлж байгаа юм. Нэг талаар нийгмийн олон талын үр ашигтай байж болох ч нөгөө талаас боловсролын чанар алдагдаж, хүүхдүүдийн сурах идэвх буурна гэдгийг хэлж байна. Багш нарын зүгээс, сурагчдын нэгдүгээр улирлын амралт үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд хоёрдугаар улирлын амралтыг сунгах улстөрийн шинж санал гарч эхэлсэн.

Сурагчдын улирлын амралт багадаа долоо хоног, дээд тал нь 21 хоног байх ёстой гэсэн онол, олон улсын судалгаа бий. Олон үндэслэл дотроос онцлоод марталтын муруй гээч зүйлээс харах боломжтой.

Аливаа хичээл сургалтаар үзсэн агуулга нэг цагийн дараа 44 хувь, нэг өдрийн дараа 33 хувь, нэг сарын дараа ердөө 21 хувийг л суралцагчид тогтоож үлддэг байна. Үүнийг марталтын муруй гэж нэрлэж байгаа юм.
Тиймээс нэг үсэг үзээд 3-5 хоног давтдаг. Өдөр бүр шинэ томьёо заадаггүй учиртай. Аливаа зүйлийг дадал хэвшил болгохын тулд олон удаа давтдаг ч үүнтэй холбоотой. Гэтэл 21 хоногийн буюу боломжит хамгийн урт амралтыг 60 хоног болгож сунгах нь хүүхдээ сайн дураараа хорлож байгаа хэрэг юм. Уушгийг нь хамгаалах нэрээр ухаан санааг нь сүйтгээд байж болохгүй шүү дээ гэдгийг цахим хуудаст илэрхийлж, багш, эцэг, эхчүүд ч үүнийг шэйрлэж байна.
 
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлснээр автозамын түгжрэл хэдэн хувиар буурсан талаарх мэдээллийг нэгтгээгүй байна гэх хариултыг өглөө. Ямартай ч сургуулийн амралтын хугацаанд түгжрэл тодорхой хувиар буурдаг болохыг иргэд баталж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж